Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Боловсролын хөгжил, шинэчлэлд төрийн бус ерөнхий боловсролын сургуулиудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг Багшийн хөгжлийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт хууль тогтоогчдыг төлөөлж УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн А.Ундраа, салбарын яамыг төлөөлж БСШУС-ын сайдын зөвлөх С.Мөнхбат, тус яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нар оролцож, боловсролын салбарын шинэчлэл, Боловсролын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцов.  

2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд хувийн хэвшлийн 146 сургууль сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаагаас 50 шахам нь энэ өдрийн хэлэлцүүлэгт оролцож, тулгамдаж буй асуудал, гарц шийдлээ ярилцлаа. Тухайлбал, “Криллица” бага сургуулийн үүсгэн байгуулагч, доктор Ц.Магсар “Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад тулгамдаж буй асуудал”, “Тольт” сургуулийн захирал Д.Жаргалсайхан “Төрийн бус өмчийн сургуулиудын сургалт хүмүүжлийн ажлын бие даасан байдлын тухай”, “Шинэ Монгол” сургуулийн захирал, доктор П.Наранбаяр “Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын хөгжлийн чиг хандлага” зэрэг сэдвээр илтгэл, мэдээлэл хийсний дараа оролцогчид үг хэлж, холбогдох хүмүүсээс асуулт асууж, хариулт авлаа.

Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны тэргүүн Б.Одхой ярихдаа, асар их хөрөнгө оруулалтын эрсдэл хийж, улсын ачаанаас үүрэлцэж яваа хувийн хэвшлийн сургуулиудад хувьсах зардлыг ялгамжтай тогтоож, хувийн сургуульд ажилладаг багш нийгмийн хамгааллын аливаа дэмжлэгийг ялгаатай хүртэж, тэтгэвэрт гарахдаа тэтгэмжид хамрагдахгүй байгааг арилгахыг хүслээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ “Өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүн боловсролын салбарын хууль, эрхзүйн шинэчлэлд очиж тусах ёстой. Энэ утгаараа та бүхний санал, зөвлөмж үнэтэй юм” гээд, төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын хувьсах зардал, багш нарын нийгмийн хамгааллын ялгааг арилгах, сургуулиудын үйл ажиллагааны бие даасан байдлыг алдагдуулахгүй байх, ялгаатай хөтөлбөрүүдийн онцлогийг харгалзан уялдуулах, гадаад багш нарын зөвшөөрөл, квот зэрэг олон асуудлыг анхаарч, ажил хэрэгтээ тусгаж ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)