Сүхбаатар аймгийн Засаг даргад горилогч нь ИТХ-ын даргатайгаа хамаатан байжээ

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 968 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-ас хянан шийдвэрлэжээ.  Энэ дөрөвдүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн урьдчилсан мэдүүлэг олон байгаа нь дээрх газруудад томилгоо, халаа сэлгээ хийгдэж байна гэсэн үг билээ. 

Тус газрын  хяналт шалгалтаар тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй 6 нэр дэвшигч тогтоогдсон байна. Зарим жишээг дурдвал: 

Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Нямбаярын ажил эрхлэлтийн байдал нь "төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан" гэж заасан шаардлагыг хангахгүй байх тул холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар Завхан аймгийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэн.
Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн Р.Эрдэнэцогтын  хамаарал бүхий садан төрлийн холбоотой хүн аймгийн ИТХ-ын дарга болох нь тогтоогдсон тул хуульд заасныг хэрэгжүүлж  ажиллах талаар ЗГХЭГ-т хариу мэдэгдсэн.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Л.Уранбилэгийн  хамаарал бүхий этгээд нь мөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байх тул хуульд заасныг хэрэгжүүлж ажиллах талаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ИТХ-ын даргад хариу мэдэгдсэн. 

           "Нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 50 өргөдөл, гомдлыг энэ сард хянан шийдвэрлэсэн. Ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллүүдээс харвал албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтыг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоотой холбоотой гомдол мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна. Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын дагуу ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэгт хариуцлага тооцуулсан" хэмээн албаны эх сурвалж хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)