Бодлого ярьдаг хүүхдүүд

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр World Learning, Иргэний Боловсролын Төв, Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэн хамтран “Залуучууд ардчилалд хувь нэмрээ оруулна” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 2016-2018 онд “Иргэн төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төсөлд Улаанбаатар хот болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын 70 баг хамрагдсан ажээ.

“Иргэн төсөл”-д хамрагдсан сурагчдын багууд өөрсдийн сургууль болон амьдарч буй орчинд тулгарч буй бэрхшээлүүдийг судалж, хамгийн чухал бөгөөд тулгамдсаныг нь сонгон судалж, шийдэл, гарцыг тодорхойлдог байна. Ингээд уг асуудлыг шийдэх бодлогын хувилбар боловсруулан холбогдох төр захиргааны байгууллагад хандан шийдүүлдэг аж. Ийнхүү тодорхой асуудлыг шийдэх төсөл боловсруулах замаар сурагчдын олон талын чадварыг нь хөгжүүлэх нь “Иргэн төсөл”-ийн гол зорилго. Сурагчид асуудлыг олон талаас нь харж, ойлгож, дүн шинжилгээ хийж, судалж, шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлж байгаа нь гол үр дүн юм. Өөрөөр хэлбэл сурагчид тоо бодохоос гадна төрийн бодлогод нөлөөлж байна. Бодлого ярьж байна.

“Иргэн төсөл”-ийн эхний шалгаруулалт орон нутгуудад явагдсан бол өнөөдөр шилдэг багууд улсын хэмжээнд шалгарсан төслүүдээ олон нийтэд танилцуулж, өрсөлдлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д болсон “Иргэн төсөл”-ийн шалгаруулалтын үеэр Орхон аймгийн 13 дугаар сургуулийн 12а ангийн сурагчдын “Тэмүүлэл” клубийнхэнтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа. Нийт 35 сурагчийн бүрэлдэхүүнтэй тус клубыг төлөөлж Б.Оюунсайхан, Э.Ганбаяр, Б.Билгүүнзаяа, Д.Марал нар Улаанбаатарт иржээ. "Тэмүүлэл" багийнхан "Иргэн төсөл"-ийн үндэсний шалгаруулалтад амжилттай оролцож гуравдугаар байрт шалгарсан юм.

-Бүтээн байгуулалтын ажлаа сурагчдын саналд үндэслэжээ-

-Та бүхэн “Иргэн төсөл”-д хэрхэн хамрагдсан бэ?

-Багш нар маань анх зохион байгуулагчдад нь хүсэлтээ илгээж сургалтад хамрагдсан. Ингээд энэ хүрээнд бидэнд уг төсөлд оролцох боломж олдсон.

-Сэдвээ сонгож авахад хүндрэлтэй байв уу. Тулгамдсан өөр олон асуудал байсан уу?

-Өөр сэдвүүд байсан. Бид олон тулгамдсан асуудыг дэвшүүлж, тэдгээрийг баг болж судалсан. Сургуулийн цайны газрын хоолны чанар, хүртээмж, ариун цэврийн өрөө, номын сангийн тохижилт гээд олон тулгамдсан асуудал байна гэж үзсэн. Тэдгээрийг жагсааж, сургуулийнхаа бүх хүүхдээс санал авсан. Тэдний 64 хувь нь сургуулийн хажуугийн авто замын түгжрэл, аюулгүй байдал хамгийн тулгамдаж байгаа асуудал гэдэгт санал нэгдсэн. Сургуулиас гараад шууд машины зам байдаг болохоор хүүхдүүд шүргүүлж гэмтсэн, багш нар маань жолооч нарын харилцааны зөрчилтэй тулгарсан тохиолдол олон гарч байсан.

-Энэ замын асуудлыг хэрхэн шийдэх талаар судалгааг яаж хийсэн бэ?

-Хүүхдүүдээс судалгаа авсан. Бид зургаан баг болж хуваагдаад түвшин түвшиндээ судалгаа хийсэн. Яагаад гэвэл сургуулийн маань сурагчид анги ангиараа ялгаатай. Тэдний нас насанд тохирсон судалгаа явуулсан. Мөн аймгийнхаа Замын цагдаагийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албаныхантай уулзаж зөвлөгөө авсан. Өөр холбогдох хүмүүстэй уулзаж мэргэжлийн зөвлөгөө авсан. Ингээд энэ бүхэндээ тулгуурлаж бодлогын хувилбараа дэвшүүлсэн.

-Бодлогын хувилбартаа шийдлийг нь хэрхэн тусгасан бол?

-Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанаас сургууль орчмын албан ёсны батлагдсан хот төлөвлөлтийн зургийг авч үзэхэд “Классик резиденс” орон сууцныхан нийтийн эзэмшлийн зам талбайг таглан хашаа барьсан байсан. Энэ хашааг буулгаж татсанаар нэмэлт гарц үүсч төв зам руу шууд орсон туслах зам бий болохоор байсан.  Мухар замыг ингэж чигээрээ урсгалтай болгосноор замын хөдөлгөөний нягтрал багасч, осол аваар гарах нь багасна гэж бид үзсэн. Хамгийн гол нь Орхон аймгийн ИТХ-аар батлагдсан 11-р хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөнд орсон зурагт манай сургууль орчмын авто зам бидний дээр хэлсэн шиг шийдэлтэйгээр туссан байсан. Шууд нэвтрэх гарцтайгаар гэсэн  үг. Гэтэл амьдрал дээр тэр төлөвлөгөөний дагуу байгаагүй гэдгийг бид олж мэдсэн.

-Энэ байдлыг засах санал, шийдлийг төр захиргааны байгууллага хэрхэн хүлээж авав?

-Маш эерэгээр хүлээж авсан. Уг зам хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг зөрчиж байсан учир бидний дуу хоолойг маш анхааралтай сонссон. Газар дээр нь очоод шууд шийдсэн тохиолдол ч байсан. Аль болох шийдэх талаас нь харсан. Манай төслийн дагуу эхнээсээ ажлууд хийгдэж байгаа. Бидний гол зорилго нь шууд нэвтрэх гарц гаргах. Үүнийг 2019 онд Орхон аймгийн төсөвт суулгасан. Маш их төсөв шаардах тул энэ жил арай амжихааргүй байгаа. Харин энэ жил авто замыг нэг урсгалтай болгох, замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц сайжруулах ажлуудыг энэ оны тавдугаар сарын нэгнээс хийж эхлэхээр хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Iim hvvhdvvd bidnii ireedvi shv.

    0 0 Хариу бичих
  2. Zorilgotoi hvvhdvvd bn. Asuudalig sain shiidej chadsan bn. Tsaasdinh ni ajil vilsed amjilt hvsie.

    0 0 Хариу бичих
  3. Сонин юм. Миний үед л бодлогыг боддог л байсан даа. Одоо бодлогыг ярьдаг болсон юмуу хаашаа юм. Энэ зураг дээр харагдаж байгаа Отгонбилэгийн шар хүү УИХ-д суугаад худлаа ярьсаар байгаад боддог юмыг зүгээр л ярьдаг болгож хувиргачихаад тэгээд одоогийн хүүхдүүдийн толгойг эргүүлээд байна уу, үгүй юу.

    0 0 Хариу бичих
    • Халтмаа гуайн хүү ч бас зураг дээр харагдаж байна. За тэр хүн бол зураг зурж байсан, бөх барилдаж, бөх ярьж байсан, одоо бөх шагнаж байгаа, мөн ард түмэнд таалагдаж л байвал юу ч хамаагүй ярьсаар л яваа. Тэхлээр яагаад ч тоо бодлого бодож байсан түүхгүй, бодлого бодох тархи тэнхэлгүй, IQ-гүй энэ хүн бодлого бодохын оронд ярьж нэг үзэж байгаа хүн.

      0 0
  4. Маш сайн Яаж холбоо тогтоох вэ? Үйл хэрэгт нь хувь нэмэр оруулмаар байна

    0 0 Хариу бичих
    • bayrlalaa ymr sain hun be, bi bagiin gishuun bn ene utsaar holbogdoj bolno minii utas 99354855

      0 0