Тусгай хэрэгцээт цэцэрлэгүүдийн өдөрлөг боллоо

“Тусгай хэрэгцээт боловсролд хамрагдах бага насны хүүхдийн онцлог, хэрэгцээ, шаардлага, өнөөгийн байдал” сэдэвт өдөрлөг өчигдөр боллоо. Энэхүү өдөрлөгийг сургуулийн өмнөх насны, тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулах, тэдний хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор БСШУСЯ-наас зохион байгуулсан юм.

Тусгай хэрэгцээт 186 дугаар цэцэрлэг дээр болсон уг өдөрлөгт төрийн болон хувийн хэвшлийн тусгай хэрэгцээт цэцэрлэг, яслийн багш нар болон БСШУСЯ-ны төлөөлөл оролцлоо. Энэ үеэр тусгай хэрэгцээт “Бяцхан эрдэмтэн” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Мөнхнасан бага насны хүүхдийн тусгай хэрэгцээт боловсролын чиг хандлага, хэл заслын сургалтын үйл ажиллагааны үр дүнгийн талаар, 186 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Батнасан сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургалтын үйл ажиллагааны үр дүнгийн талаар, сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын арга зүйч Д.Энхмөнх хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх арга зүйн талаар илтгэл тавьж, өөрсдийн практик болон судалгааны дүнг танилцуулсан юм.

Мөн харааны бэрхшээлтэй, аутизмтай хүүхдийг хөгжүүлэх арга зүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэхийн ач холбогдлын талаар тусгай хэрэгцээт цэцэрлэг, сувиллын багш, арга зүйчдийн тавьсан илтгэл анхаарал татаж байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлж, оношлон цэцэрлэгт хамруулснаар тухайн хүүхдийн согог, бэрхшээлийг засан сайжруулах боломж нэмэгддэг гэдгийг арга зүйчид онцолсон. Түүнчлэн багшийн мэргэжил эзэмшиж байгаа оюутнуудад тусгай хэрэгцээт боловсролын талаар ордог кредит цагийг нэмэгдүүлэх, ингэснээр жирийн цэцэрлэгт ажиллаж байгаа багш нар ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг илрүүлж таних, оношлох, тэднийг хөгжүүлэх талаар мэдлэгтэй болно гэж үзлэг байна.

БСШУСЯ Азийн хөгжлийн банктай хамтран тусгай хэрэгцээт боловсрлын чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Түүнчлэн МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийг саяхан нээжээ. Уг тэнхимд түшиглэн тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг бэлдэх юм байна. Цаашид БСШУСЯ тусгай хэрэгцээт боловсролд хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ердийн цэцэрлэгт хамрагддаг болгох хүртэл сургалтыг нь сайжруулах зорилт тавьжээ.

Манай улсын хэмжээнд 6000 орчим хөгжлийн бэрхшээлтэй сургуулийн өмнөх насны хүүхэд байгаагийн 1600 орчим нь тусгай хэрэгцээт цэцэрлэгт хамрагдаж байгаа аж. Өнөөгийн байдлаар төрийн өмчит хоёр, хувийн хэвшлийн найм, нийт 11 тусгай хэрэгцээт цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)