Ахлах ангийн сурагчдад зориулсан их сургууль танилцуулах “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулагдана

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь сургууль танилцуулах нээлттэй арга хэмжээг ахлах ангийн сурагч, эцэг эхчүүд, багш нар болон магистрт суралцахаар сонирхож буй залуустаа зориулан 04 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Германы инженерийн боловсролын хөтөлбөрөөр оюутнуудаа бэлтгэдэг тус сургууль үйл ажиллагааныхаа бүхий л хүрээнд олон улсын стандартад нийцсэн, Монголдоо жишиг болохуйц ажил, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэхийг зорьдог. Үүний нэг нь сургууль танилцуулах “Нээлттэй өдөрлөг” бөгөөд олон улсын сургуулиудын хэрэгжүүлдэг “Campus Tour”-ыг Монголдоо нэвтрүүлэн ийнхүү дөрөв дэх жилдээ өргөн хүрээнд зохион байгуулах гэж байна. Олон улсын жишгээр “Сampus Tour” буюу их сургуулийн хотхон танилцуулах аялал нь мэргэжил, сургуулиа сонгох гэж буй ирээдүйн оюутан, тэдний эцэг эх, гэр бүлийнхэн болон бусад сонирхсон хүнд сургуулийнхаа барилга, байгууламж, бүтэц, зохион байгуулалт, тэр дундаа оюутны амьдрах орчинг танилцуулахаас гадна сургалтын хөтөлбөр, академик орчны мэдээлэл хүргэдэг.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль /German Mongolian Institute for Resources and Technology - GMIT/ нь дээрх олон улсын жишгээр сургууль танилцуулах “Нээлттэй өдөрлөг”-төө инженерийн хөтөлбөр буюу инженерийн ангиудаа дэлгэрэнгүй танилцуулах бөгөөд бакалавр, магистрын аль аль түвшинд Герман болон Монгол профессор багш нар танилцуулга лекц орох юм байна. Эндээс оюутан болох гэж байгаа сурагчид ирээдүйд сонирхож байгаа мэргэжил нь ямар хичээл үздэг, ямар ур чадвартай болоод төгсдөг, их сургуулиа төгсөөд ямар газар ажиллаж, ямар ажил хийж болохыг мэдэх боломжтой. Ингэснээр амьдралынхаа нэгэн чухал алхмыг хийх гэж буй сурагчид өөрт тохирсон эсвэл өөрийн хүсч, зорьж буй мэргэжлээ зөв таньж, сонголтоо хийхэд илүү дөхөм болох юм. Түүнчлэн “Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр МГТИС-ийн багш нар бакалаврын 1, 2 дугаар ангиудад ордог зарим лабораторийн хичээл, сонирхолтой туршилтуудаасаа хичээлийн хөтөлбөрөөр орж, ирээдүйн оюутнууд, эцэг, эх багш нартаа их сургуулийн сургалтын орчинг таниулна. Магистрын хөтөлбөрийн тухайд ч магистрын хичээлээ нээлттэй явуулах бөгөөд тус сургуулийн оюутнуудтай хамт ХБНГУ-аас уригдан ирсэн зочин профессорын хичээлд хамрагдах боломжтой юм байна.

Тус сургууль нь их сургуулийн хотхон бүтцээр төлөвлөгдсөн ба хичээлийн болон оюутны байр бүхий байгууламж Налайх дүүрэгт байрладаг. Тиймээс ч Европ стандартын тоног төхөөрөмж, тохижилт бүхий лабораториуд, номын сан, хичээлийн танхим, чийрэгжүүлэх танхим болон оюутны амьдрах өрөө бүхий их сургуулийн хотхоноор “аялах” хөтөлбөр ч энэхүү “Нээлттэй өдөрлөг”-т багтсан байна.

Оюутны сурч, амьдарч буй бодит орчныг мэдэхийн тулд тухайн сургуулийн оюутнуудтай уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонсох нь чухал. Тэгвэл энэхүү өдөрлөгөөр тус сургуулийн оюутнууд нээлттэй оролцож, эцэг эхчүүд, ирээдүйн сурагчидтай ярилцаж, санал сэтгэгдлээ хуваалцахад бэлэн байгаа аж. Түүгээр ч зогсохгүй өөрсдийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн, нэгдсэн оюутнууд робот зохион бүтээдэг, амьд хөгжим тоглодог, мэтгэлцдэг, шатар тоглодог, кино сонирхогчдын гэх мэт клубынхээ үйл ажиллагааг танилцуулж, өөрсдийн нэрэмжит арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Сургууль танилцуулах “Нээлттэй өдөрлөг” Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Монгол-Германы хамтарсан ашигт, малтмал технологийн их сургуулийн хотхонд зохион байгуулагдана. Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж фэйсбүүк хаягаар нь зочлоорой.

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ