“Хот, хотынхон” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

Ахмад гэрэл зурагчин Л.Санжмятавын “Хот, хотынхон” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт маргааш Монголын Театрын музейд болох гэж байна. Тэрээр 1958 оноос “Найрамдлын зам” сонинд гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж эхэлжээ. улмаар МУИС-ийн сэтгүүлчийн ангид суралцаж дүүргэсэн байна. 1966 оноос МРТУХ-ны МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн ерөнхий редакцид гэрэл зурагчнаар 1982 оныг хүртэл, 1982 оноос ҮСУХ-ны чанарын удирдлагын төвд, 1986 оноос Монголын Урлагийн ажилтны холбоо, 1991 оноос Монголын Урчуудын эвлэлийн хороонд гэрэл зурагчнаар ажиллаж байжээ. Гэрэл зурагчнаар тасралтгүй 60 жил ажиллаж буй тэрээр энэ удаагийн үзэсгэлэнгээ өөрийн 80 насны ойдоо зориулан гаргаж буйгаараа онцлогтой. Өмнө нь 2014 онд “Хотын хүний зураг” хэмээх үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд түүний гэрэл зургийн хальснаа буулгасан хотын тухай 80 гаруй зураг дэлгэгдэх юм байна.


Гэрэл зурагчин Л.Санжмятав “Анх 1958 онд гэрэл зураг авч “Найрамдлын зам” сониноос зарласан уран бүтээлийн уралдаанд “Сүхийн талбай-Энхийн талбай” зургаараа шагналт байр эзэлж, сэтгэл их өндөр байлаа. Тэр цагаас хойш Улаанбаатар хот, төмөр замын зургийг авч эхэлсэн. Мөн МОНЦАМЭ агентлагт сурвалжлагчаар ажиллаж байхдаа улс төрийн үйл явдал, биеийн тамир, спорт, урлагийн сэдвээр түүхийн агшныг гэрэл зургийн хальснаа буулгаж явлаа. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Улаанбаатар хот маань үнэхээр сайхан хөгжжээ. 1960-аад онд зураг авч байсан гэрэл зурагчид өнөөдөр тэр газраа эрээд олохгүй байна. Зарим газар өндөр барилгын ард ороод, зарим нь олдохоо больжээ. Энэ үзэсгэлэндээ 1960-аад онд авч байсан гэрэл зургаа өнөөдрийн зурагтай харьцуулан харуулах болно” гэв.

“Хот, хотынхон” үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)