ЭЕШ өгөхдөө анхаарах 6 зүйл

Л.Эрдэнэжаргал


Элсэлтийн Ерөнхий Шалгалтын 2018 оны бүртгэлийн хугацаа энэ сарын 16-нд дууссан. Энэ жилийн ЭЕШ-ийн шалгалт зургаадугаар сарын 16-нд эхэлнэ. Тэгвэл Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ өгөхдөө анхаарах болон шалгалтын үеэр хориглох зүйлсийн жагсаалтыг гаргажээ.

  • Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлнэ. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
  • Шалгалтын анги, танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.
  • Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, элсэлтийн ерөнхий шалгалтын журмын 3.7-д хориглосон зүйлийг ашигласан, бусдад тусалсан, бусдаас тусламж авсан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно.
  • Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтын дүн оноог хүчингүй болгоно.
  • Иргэн, хуулийн этгээд нь шалгуулагчийг хууль бус үйлдэл гаргахад дэмжлэг үзүүлсэн, үгсэн хуйвалдсан, нуун дарагдуулсан эсвэл ЭЕШ-ын бэлтгэл болон явц, дүн оноотой холбоотой санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр худал мэдээлэл тарааж байгууллагын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
  • ЭЕШ-д бүртгүүлэх, шалгалтад ороход шаардлагатай болон шалгалтын дүн оноотой холбоотой бичиг баримтыг шалгуулагч хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

 Энэ жил ЭЕШ өгөх шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирэх ёстой

Харин ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны долдугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлах бол шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэх боломжтой юм байна.

Мөн энэ жилээс Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд тушаал гарган дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд Элсэлтийн Ерөнхий Шалгалтын босго оноог 480 болгон нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл элсэлтийн оноо доод тал нь 480 байх бөгөөд түүнээс дээш хэд байхыг их, дээд сургуулиуд өөрсдөө тогтоох юм. Босго оноог нэмэгдүүлснээр дээд боловсролыг чанаржуулах ач холбогдолтой гэж албаны хүмүүс үзжээ. 

ЭЕШ-2018 хуваарьтай танилцах бол ЭНД дарна уу. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ