Видео: Дөнгөж төрсөн моншоо үнсэж буй эх Горилла

А.Анар-Эрдэнэ


АНУ-ын Смитсонианы Үндэсний хүрээлэнгийнхэн өнгөрсөн ням гарагт шинэ гишүүнээ хүлээн авчээ. Тус хүрээлэнгийн “оршин суугч” Калаяа хэмээх горилла төрж бяцхан монштой болж, Моке хэмээх нэр хайрлажээ. Моке гэдэг нь Лингала хэлээр бяцхан, жижигхэн гэсэн утгатай аж. Моке нь есөн жилийн дараа төрж буй нам дор газрын эр горилла болж буй гэнэ.

Анх удаа уулзаж буй эх горилла моншоо үнсэж, тэвэрч, хөхүүлж буй бичлэг нь сошиал сүлжээнд цацагдаад буй юм. Калаяа, Моке хоёрын бичлэг цацагдсан даруйдаа Тарзан хэмээх хүүхэлдэйн киноны сайхан сэтгэлт горилла эхийн тухай өгүүлэмж амьдралд ойр, сэтгэл хөдөлгөм мэдрэмж төрүүллээ гэх үгстэйгээр түгэж байна.

Смитсонианы хүрээлэнгийн ажилтны хэлснээр Калаяа, Барака нарыг Амьтны хүрээлэн, усан сангийн нийгэмлэгээс төлөвлөсний дагуу нийлүүлж ийнхүү үр зулзагатай болгожээ. Калаяа болон бяцхан Мокед зориулан тусгай хэсэг гарган өгчээ. Ингэснээр эх, монш хоёрыг илүү дотно байх, шинэ оршин суугчийнхаа тохь тухыг хангаж буй хэрэг аж.

“Нам дор газрын горилла нь нэн ховордсон амьтны тоонд ордог учраас түүний байгалийн жамаараа өсч үржих боломжоор нь хангах нь онцгой ач холбогдолтой явдал юм. Манай хүрээлэнгийн ажилтнуудын зорилго нь анх удаа төрж буй Калаяад элдэв хүндрэл үүсгэхгүй байх, эсэн мэнд төрүүлэх байсан. Бидний ч, Калаяагийн ч зүгээс маш их тэвчээр шаардсан явдал боллоо. Бид Калаяагаараа бахархаж байна” гэж Смитсонианы хүрээлэнгийн ажилтан Мередит Бастиан сэтгүүлчдэд хэлжээ.

Олон улсын байгаль хамгаалах холбооноос нам дор газрын гориллагийн тоо толгой буурахад нөлөөлж буй гол зүйл нь өвчин, хулгайн ан гэж үзэж буйгаа илэрхийлдэг. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар нам дор газрын гориллын тоо өнгөрсөн 20-25 жилийн хугацаанд байснаасаа даруй 60 хувиар буурчээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)