Гашуунсухайт боомтыг БНХАУ-ын 148 сая юанийн тусламжаар өргөтгөнө

С.Сувд


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн хамтаар БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Замын-Үүд, Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын 148 сая юанийн буцалтгүй тусламжаар сайжруулах, өргөтгөхтэй холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан.

УИХ, Засгийн газрын гишүүд Өмнөговь аймаг дахь Гашуунсухайтын хилийн боомтод 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гаалийн газар, хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх застав, экспорт, импорт хил хорио цээрийн хяналтын газар, гадаадын иргэн, харьяатын газрын өмнөд бүсийн газрын Гашуунсухайт тасгийн дарга нар болон нүүрс тээвэрлэдэг жолооч нартай уулзалт хийсэн билээ. Гашуунсухайтын хилийн боомт 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн бүрэн хүчин чадлаараа буюу 6 гарцаар нүүрс гаргаж эхэлснийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд "Ил тод хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн хурлын үеэр албан ёсоор мэдээллээ.  

Монгол Улс, БНХАУ 2011 онд Стратегийн түншлэлийн, 2014 онд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. 2017 оны байдлаар манай улсын гадаад худалдааны хэмжээ 10.5 тэрбум ам.доллар байсны 6.7 (63.4%) тэрбум ам.доллар нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. 1990-2017 оны хооронд БНХАУ манай улсад 4 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсний 70.1% нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, 22% нь худалдаа, нийтийн хоолны салбар, 2.3% нь барилгын салбарт ногдож байна.

Хоёр улсын худалдааны бараа эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг арилгах, үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн ахуйн амьжиргааг дээшлүүлэхэд тустай төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэхээр санал нэгдээд байна.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хятадруу явсан нь зөв болжээ. Захаасаа ажил нь цэгцэрээд л ирж байна. Гол асуудлуудаа хөндөж чадсан байна. Өмнөх өмнөхөөс өөр хүн гэрээ байгуулж шинэчлэл хийж байгаа юм чинь өөр санаа шинэ зорилтууд олон гарах байх гэж бодож байна.

    0 0 Хариу бичих