Ч.Хүрэлбаатар: Таван хуулийг Хүрэлбаатар ганцаараа батлахгүй

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. Одоо хүүхдийн мөнгийг бүх хүүхдийн 60 хувьд олгож байгаа. Энэ тоог 80 болгож нэмэгдүүлэхээр тогтоолын төсөлд тусгаад буй юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд Сангийн сайдаас асуулт тодруулга авлаа.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн: Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хамрах хүрээг 20 хувь нэмэгдүүлнэ гэхээр 41 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Энэ мөнгөний эх үүсвэр хаанаас гарах вэ, төсөвт тодотгол хийх шаардлагатай юу?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төсөвт тодотгол хийх шаардлагагүй. Азийн хөгжлийн банкнаас олгох санхүүжилтээр нэмэлт халамжийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирсон. Энэ хүрээнд ойролцоогоор 40 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тавигдсан юм билээ. Энэ хөрөнгийг хүүхдийн мөнгөнд зарцуулахаар төлөвлөж байгаа.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн: Тодруулъя. 2018 онд хүнсний талон олгох зорилгоор 40 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл хүүхдийн мөнгөө олгохын тулд хүнсний талон олгохоос татгалзаж байна гэсэн үг үү. Төсвийн тухай хуулийн 6.2.5 -д орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн жилээс төсөвт тусгадаг байх заалт бий. Энэ заалт зөрчигдөөд байна. 2018 оны төсөв батлагдаад 49 хоног өнгөрөөгүй байхад таван хууль өөрчилсөн ч төсөвт ямар ч тодотгол хийгээгүй. Хууль зөрчигдөөд байна шүү дээ сайд аа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Таван хуулийг Хүрэлбаатар ганцаараа батлахгүй. УИХ баталсан.  2018 оны төсвийн орлого давж биелнэ. Татварын багц хуулийг өргөн барина. Үүнээс төсвийн орлого дахиад нэмэгдэнэ. Тэгэхээр төсөвт тодотгол хийх шаардлагагүй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хүүхдийн мөнгийг 10 хувь нь огт авч байгаагүй мэдээлэл  байдаг. Тиймээс бололцоотой өрхийн хүүхдэд мөнгө тараах хэрэг байна уу. Энэ асуудалд зөвшилцөлд хүрэх хэрэгтэй. Харин энэ мөнгөөр аймаг бүрт үйлдвэр барьсан бол одоо манай улс ямар харагдах байсан бол гэдгийг бодох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Төслийг дэмжиж байна. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгож байх үед улсын төсөвт үлдэгдэл болгож 13-17 хувь хүүхдийн мөнгөө авдаггүй. Үүнийг буруу зүйлд зарцуулах, мөнгийг эргүүлэх тохиолдол гарч байсан. Тиймээс нийгмийн халамжийн бодлогыг орлого багатай хүмүүст олгох нь зөв.

Гишүүд ийн асуулт тодруулга авсны дараа тогтоолын төслийг олонх нь дэмжсэн юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)