Х.Түвшинбаяр: Фэйсбүүк чаатаар мөнгө гуйхад дөрвөн хүний нэг нь өгдөг

-Залилуулсан иргэдийн 70 хувь нь бусдаас мөнгө зээлсэн байдаг-

-Иргэд, олон нийт залилангийн гэмт хэргээс өөрсдийгөө хэрхэн хамгаалж, урьдчилан сэргийлэх ёстой вэ? 

-Залилангийн гэмт хэрэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх, гэрээгээр халхавчлах, хуурамч бичиг баримт ашиглах, хүний шуналыг хөдөлгөх, донтуулах зэрэг шинж тэмдэг дээр тулгуурладаг. Тиймээс иргэд, олон нийт маань таны мөнгийг хэд дахин өсгөөд өгье гэсэн сүлжээний бизнесд хууртахгүй байх, судлаагүй таньж мэдээгүй хүмүүстэй гэрээ хийхдээ мэргэжлийн хуулийн байгууллагаас зөвлөгөө мэдээлэл авах зэргээр судлаж үзэн, шалгахыг хэрэгтэй. Ер нь зах зээлийн эдийн засгийн нийгэмд богино хугацаанд ямар нэгэн тодорхой эдийн засгийн эргэлтгүйгээр таны мөнгө хэд дахин үржих, эсвэл гэнэт баяжих боломжгүй гэдгийг иргэд маань ухаармаар байна. Иргэн таны хөдөлмөрөөрөө олсон мөнгийг хэн нэгэн худал дүр эсгэн, богино хугацаанд өсгөж өгнө, баян болгоно гэдэг үгэнд нь автсанаар амь, амьдралаараа хохироод зогсохгүй, тухайн гэмт этгээд цааш олон хүнийг мэхлэх тэр боломжийг бий болгож өгч байгаа гэдгийг хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй юм.

Нэг жишээ дурдахад, мөнгөө богино хугацаанд өсгүүлэх, үржүүлэх зорилготой залилуулсан хүмүүсийн 70 хувь нь өөрийнхөө мөнгөөр биш, хүнээс зээлж авсан мөнгөө өгч залилуулсан байдаг. Өөрөөр хэлбэл нэг хохирогч хохироод өнгөрөх биш зээлсэн, зээлүүлсэн хүмүүс давхар залинлангийн гэмт хэрэгт хохирсон байдаг. Дээр дурдсан хохирогчид нь ихэнх тохиолдолд өөрөө мөнгөгүй байсан ч хүнээс авч зээлэн богино хугацаанд өсгүүлээд, дундаас нь ашиг олно хэмээн бодож залилуулсан байдаг.

Залилангийн мэхлэх гэмт хэрэг нь иргэд хоорондын эд хөрөнгийн маргаанаас ялгаж, зүйрлэхэд хүндрэлтэй байдаг. Иргэний нэхэмжлэлтэй маргааныг иргэний шүүх шийддэг. Харин залилангийн гэмт хэргийг Цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн дагуу залилангийн гэмт хэргийн шинжтэй байна уу үгүй юу гэдгийг шалгаж шийддэг. Энэ ялгааг бас хүмүүс сайн ойлгох хэрэгтэй юм.

-ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас залилангийн гэмт хэргийн эсрэг ямар арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна вэ?

-ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, бусад харьяа алба, хэлтсүүд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх олон ажлыг тогтмол зохион байгуулж хэрэгжүүлдэг. Гэхдээ залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн том ажил бол иргэд, олон нийтэд энэ төрлийн гэмт хэргийг ойлгуулах, анхааруулах, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх тал дээр мэдээ, мэдээлэл өгч, учирч болох аюулыг ойлгуулах явдал. Мөн залилангийн гэмт хэрэг нь нэг хүнийг залилаад зогсохгүй, дам дам хохирогчдыг давхар бий болгож байдаг.

Зөвхөн цахим гэмт хэргийн улмаас гэхэд л сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 197 иргэн, хуулийн этгээд 3.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байгаа.

Цагдаагийн байгууллагаас олон шалгалт хийж, маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Ийм нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж гэмт хэрэгтэй тэмцэх, гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Иргэд, олон нийтийг ч гэсэн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг уриалж байгаа юм.

-Цахим орчинд фэйсбүүк хаяг ашиглан залилан мэхлэх хэрэг давамгайлж байна-

-Бага насны хүүхдийг залилах гэмт хэргүүд цөөнгүй гардаг. Иргэд олон нийтэд хүүхдээ гэмт хэргийн золиос болгохоос сэргийлэх, залилан луйварт өртүүлж хүүхдийн сэтгэлийг хиртүүлэхгүй байх, айдасгүй байлгах тал дээр мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг тасралтгүй өгч байх ёстой санагддаг. Энэ талаар?

-ЕБС-ийн ойр орчимд залилангийн гэмт хэргүүд цөөн биш тоогоор гардаг. Сүүлийн жилүүдэд бага ангийн хүүхдүүд эцэг, эхтэйгээ холбоо барих зорилгоор, гар утас хэрэглэх нь олширсон. Үүнийг далимдуулан хүүхдүүдийн гар утсаар эгч нь нэг яриад өгье гэх зэргээр залилах гэмт хэрэг гараад байдаг. Эцэг, эхчүүд хүүхдүүддээ үнэтэй гар утас хэрэглүүлэхээс татгалзах, танихгүй хүнтэй болгоомжтой харьцахыг захиж, ойлгуулах, багш, эцэг эхийн хоорондын уялдаа холбоог улам сайжруулах тал дээр л томчууд анхаарч ажиллах хэрэгтэй.

Бага насны хүүхдүүдийг залилах гэмт хэрэг нь ихэвчлэн эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сулрах, анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байдаг. Эргэн тойронд нь өртөж байгаа гэмт хэргийн талаар томчууд хүүхдүүдэд хэлж өгөөгүй, ойлгуулж өгөөгүй, хүүхэддээ маш бага цаг гаргаж байгаа гэх мэт асуудлаас болоод бага насны хүүхэд гэмт хэргийн золиос болоод байдаг. Энэ байдлаас л ямагт сэргийлж, хүүхдүүддээ өртөж болзошгүй гэмт хэргийн хор хохирлыг ойлгуулж өгч байх ёстой.

-Иргэдийг залилангийн гэмт хэрэгт өртөхгүй байх, үүнээс урьдчилан сэргийлэх тал дээр Цагдаагийн байгууллага ямар зөвлөмжийг өгөх вэ?

-Сүүлийн үед цахим орчинд фэйсбүүк хаяг ашиглан залилан мэхлэх хэргүүд давамгайлж байна. Ийм хэрэг ямар хэлбэрээр үйлдэгдэж байна вэ гэхээр ихэнх тохиолдолд мэдээллийн урсгал фэйсбүүкээр дамжиж байна. Энэ бол фэйсбүүкийн хэрэглээ маш өндөр болсонтой холбоотой. Иргэддээ, хэрвээ фэйсбүүк аккаунтаа ашиглан мэдээлэл авах гэж байгаа бол заавал албан ёсны веб сайт, албан ёсны аппликейшнээр хандах хэрэгтэй. Фэйсбүүк дотор урсаад явж байгаа ямар ч хамаагүй линкийг нээх нь таныг эрсдэлд оруулж болзошгүй гэдгийг анхааруулъя.

Хэрвээ цахим орчин, фэйсбүүкийг өдөр тутам ашигладаг бол нууц үгээ долоо хоногт, арав хоногт зэргээр тодорхой хугацаанд заавал сольж байхыг зөвлөж байна. Ингэснээр, та хуурамч сайтаар фэйсбүүкийнхээ нууц үгийг алдсан ч тухайн гэмт этгээд таны нууц үгийг ашиглаж амжаагүй байхад сольж, өөрийгөө гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж чадна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Устгаад бхдаа яанаа

    0 0 Хариу бичих
  2. Ulsiin burtgeliin gazar, zambaraagui tamganii uildberiin gazruudiigaas bolj irgediin ed herengiig ezemshigcsded medegdelgui busdad shiljuulj bgaag shalgaacsee.!!!!!!!!!!!!!!!

    0 0 Хариу бичих