БНХАУ хэт ядуурлын түвшинг 1 хувь болгож бууруулна

А.Санчир


Саяхан Дэлхийн банкнаас гаргасан улс орнуудын эдийн засгийн байдлын дүн шинжилгээний тайланд “Хятад улсын эдийн засаг өндөр хурдацтай өсөн нэмэгдэж, ядуурлыг бууруулах үйлст их амжилт олж байна” гэж дурдсан байна. Мөн 2018 онд БНХАУ хэт ядуурлыг 1 орчим хувь болгож бууруулах төлөвтэй байна гэж дүгнэжээ.

Уг баримт бичигт дурдсанаар, эдийн засгийн өргөн шинэтгэл нь Хятадын эдийн засгийг хурдацтай нэмэгдүүлж, нэгдсэн удирдлагаар газар тариалан голлосон, хаагдмал шинжтэй төлөвлөгөөт эдийн засгаас улам бүр зах зээлжсэн, хотожсон, нээлттэй эдийн засаг руу шилжих боломжийг хангаж өгч байгаа юм байна.

1978-2014 оны хооронд Хятадын нэг хүнд оногдох дундаж орлого 16 дахин нэмэгджээ. Хоногт 1.9 ам долларын орлоготой амьдарч буй хүн амын тооноос үзвэл, 1981 онд 88.3 хувь байсан хэт ядуурлын түвшин 2013 онд 1.9 хувь болтлоо буурч, 850 сая хүн ядуурлаас гарсан ба 2018 онд нэгээс доош хувь руу орох төлөвтэй байна гэж тайланд тэмдэглэжээ. 

Дэлхийн банкны Хятадын товчооны хариуцлагатай ажилтан Сү Шюньше Хятад улсын хэт ядуурлыг бууруулах талаар гаргасан амжилт дэлхий нийтийн ядуурлыг бууруулах үйлст чухал алхам болж байна гээд Хятадын ядуурлыг устгах үйл хэргийг цаашид ч дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Хятадын Ардын өдрийн сонин

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)