Бүдэрч бүдгэрсэн бүсийн нэмэгдэл

Бүсчилсэн хөгжлийн “замын зураг” 

Манай улс Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай болоод 17 жил болж байна. 2001 онд УИХ-ын тогтоолоор баталсан энэхүү баримт бичгийг хууль тогтоогчид болон шийдвэр гаргах төвшний эрх мэдэлтнүүд цөөхөн сөхөж харсан болов уу гэж бодогддог. 

Хөгжлийн бодлогоо тодорхойлсон нь сайн хэрэг ч хэрэгжүүлэх гэж хичээгээгүй нь гашуун үнэн.

Ихэнх заалт нь цаасан дээрх тунхаг төдий болж үлдсэн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд хүн амын төвлөрөл болон үйлдвэрлэлийн өнөөгийн зохисгүй бөөгнөрлийг задалж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасган хөгжлийн төвшинг ойртуулах, үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх дотоод, гадаад таатай орчныг бүрдүүлэх тухай өгүүлсэн бий. Энэ зорилт хэрхэн хэрэгжсэн бэ гэдгийн хариулт нь хэн бүхэнд тодорхой. 
Энэ үзэл баримтлал төрийн бодлогын тулгуур болж хэрэгжсэн бол бид өнөөдөр хот, хөдөөгийн ялгаа, ядуурал, ажилгүйдэл, шилжилт хөдөлгөөн, нийслэлийн хэт төвлөрөл, түүнээс үүдэн гарах хүндрэлүүдэд толгой гашилгаж суухгүй байх байв.

Хэрвээ 2001 онд эргэж очоод Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын “нүд”-ээр өнөөдрийг харж төсөөлөх юм бол аймаг, сумд өөр өөрийн онцлогт тулгуурласан аж ахуй, үйлдвэрлэлийг хөгжүүлж жинхэнэ солонгон эдийн засгийг бий болгочихсон, өөр хоорондоо хоршин хөгжих бизнесийн орчныг бүрдүүлсэн, дотоод, гадаадын зах зээлд подхийсэн худалдаа наймаа хийчихдэг болсон байх байлаа. 

Ийм байхад хөдөө орон нутгийнхан хот, хүрээ рүү тэмүүлэхгүй. Нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, амьдарна. Сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх, мэдээлэл авах эрхээ чөлөөтэй эдэлж, хүн бүр хөдөлмөр эрхэлж, ашиг орлоготой, элбэг хангалуун аж төрнө. Монголын хөдөөгийн өнөөгийн дүр зургийг хууль тогтоогчид маань 17 жилийн өмнө ингэж зурж байж. Сэрэхгүй бол сайхан зүүд гэдэг шиг л юм даа. 
Хөдөө орон нутгийг нийгэм, эдийн засгийн бүх салбар, чиглэлээр нь тэгш хөгжүүлэх энэ концепц хэзээ, хаана хүрээд бүдгэрснийг хөөн хэлэлцэх гэсэнгүй. Ямар ч л байсан хөдөө, хотын ялгаа арилсангүй. Зах хязгаар нутаг эзгүйрч, төв суурин газрууд орхигдож, нийслэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт болон төмөр зам дагасан төвийн бүсийн хүн ам геометрийн прогрессоор нэмэгдсээр өнөөг хүрэв. Уг нь энэ төвлөрөл суурьшил, хот руу чиглэсэн нүүдлийг зогсоохын тулд төр иргэддээ орон нутагтаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлж өгөх ёстой. Энэ үүргээ хэрхэн биелүүлэв гэхээр хэлэх юм маруухан. 

Бүсийн төвүүдийг жигд хөгжүүлэх, дэд бүтцийг нь сайжруулах, эдийн засгийнх нь чадавхийг нэмэгдүүлэх зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын том ажлуудыг ярихаа больё. Хүндээ чиглэсэн бодлогууд хэрхэн хэрэгжив. УИХ, Засгийн газраас тийм бодлого ер нь баталсан уу гэдэг асуултад хариулах гэхээр “Хүнд хэлбэл ичмээр дамшиг даа” гэдэг шиг л юм.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд алслагдсан болон говь нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагч, багш, эмч нарт цалин хөлсний нэмэгдэл урамшуулал олгох, амьдралын нөхцөлийг нь сайжруулах, тогтвор суурьшилтай аж төрөхөд нь дэмжлэг үзүүлэх, бүсийн хөгжлийг төсөв, татвар, хөрөнгө оруулалт, мөнгө зээлийн бодлогоор дэмжих гэсэн зүйл, заалтууд туссан байдаг. 

Бүсийн нэмэгдэл олгох бүтээгүй оролдлогууд

Сүүлийн арваад жилийн турш ярьж буй бүсийн нэмэгдлийн тухай яриа уг нь төрийн бодлогыг хэрэгжүүлэх гэсэн санал, санаачилга байв. Нийслэлээс хэт алслагдсан аймаг, сумын ард иргэд бүсийн нэмэгдэл эдлэх ёстой гэдэг асуудлыг үе үеийн парламент дээр ярьж, бүсийн нэмэгдэл олгох хуулийн төсөл санаачилж байжээ. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт 2009, 2011, 2013 онд Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төсөл санаачилж өргөн барьсан ч УИХ-ын босго давж чадаагүй. Тэрээр анх 2009 онд алслагдсан болон говийн бүсийнхэнд нэмэгдэл олгох зорилгоор Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж байжээ.

Тухайн үед уг хуулийн төслийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед гишүүд зөвхөн алслагдсан бүс нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоод бизнес эрхлэгчид болон хувийн хэвшлийнхэн, төрийн бус салбарынхныг орхигдуулж байна гэсэн шүүмжлэл хэлсээр унагаж байв.

Төрийн албан хаагчдад бүсийн нэмэгдэл олгох, говийн болон алслагдсан бүсийн нэмэгдлийг тухайн бүст ажиллаж буй төрийн албан хаагчийн орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах, төрийн улс төрийн, захиргааны болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох агуулгатай уг хуулийн төсөл ийнхүү “төрхөмдөө буцсан”-ы дараа С.Бямбацогт гишүүн даагаа нэхэж Р.Амаржаргал, П.Алтангэрэл, Х.Бадамсүрэн нарын 30 гишүүнтэй нийлэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд, Алслагдсан болон говийн бүсэд хамаарагдах сумдыг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, УИХ-д 2011 оны дөрөвдүгээр сарын 12-нд өргөн мэдүүлж байжээ.

Уг хуулийн төсөлд нийслэлээс алслагдсан байдал болон амьжиргааны өртөг, гол нэрийн бараа бүтээгдэхүүний өртөг, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт болон байгаль цаг уурын онцлогийг харгалзан үзэж алслагдсан бүс нутагт Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймгийн нийт 91 сумыг хамруулсан байна. Харин Говийн бүс нутагт Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатар, Өвөрхангай, Увс, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн нийт 87 сумыг оруулахаар тооцож байжээ. 

Алслагдсан болон говийн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчдын цалин дээр 20 хувь, таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох, мөн Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Дорнод, Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээрх боомтуудаар импортоор оруулж байгаа нэгдүгээр зэргийн гурил болон шар, цагаан будаа, элсэн чихэр, шахмал ногоон цайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас таван жилээр чөлөөлөх, 90 хүртэл октантай автобензин, дизель түлшийг онцгой албан татваргүй байх зэрэг зохицуулалт туссан эдгээр хуулийн төслийг УИХ жил дамнуулан хэлэлцээд баталж амжилгүй дараагийн парламентдаа шилжүүлсэн юм. Ингээд 2012 оны сонгуулийн дараа байгуулагдсан УИХ дээрх багц хуулийн төслийг санаачилсан гишүүдийн дийлэнх нь дахин сонгогдоогүй гэдэг шалтгаанаар хэлэлцүүлгээс буцаасан ажээ.

Тухайн үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг бүсийн нэмэгдлийн талаархи гишүүдийн асуултад “Бүсийн нэмэгдлийг жилийн дотор шийдэх амлалттай байгаа. Эхний ээлжинд бид хоёр чиглэлд шийдэхээр ажиллаж байна. Нэгд татварын боломж олгох, хоёрт дутагдаж буй бараа бүтээгдэхүүний хангамжийг олгох тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Эдгээр хуулийн төсөл өргөн баригдсанаар асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэж хариулж байв.

2009 оноос хойшхи гурван ч парламентаар бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байх явцад УИХ-ын гишүүд бүсийн нэмэгдлийн тухай тусгайлсан хууль гаргахын оронд шатахуун болон эрчим хүчний үнийг Улаанбаатарынхтай адилхан болгох саналыг гаргаж байжээ. Мөн бүсийн нэмэгдэл олгох нь халамжийг хавтгайруулж байгаа нэг хэлбэр гэж шүүмжлэлтэй хандах гишүүд ч байв.

Татварын хөнгөлөлт, амьжиргааны өртөг

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд 2016 оны хоёрдугаар сарын 05-нд оруулсан өөрчлөлтөөр “Аймаг, сумын төв нь нийслэл (Улаанбаатар) хотоос 550 км-ээс хол байршилтай аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгож (нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан) байгаа энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан албан татвар төлөгчийн энэ хуулийн 7.3-т заасан татварт ногдох орлогын албан татварыг 550 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө” гэсэн заалт оруулжээ.

2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж ирэх 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд дагаж мөрдөх энэ хуульд аймгийн төв нь 600 км-ээс хол алслагдсан Баянхонгор, Дорнод, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд гэсэн найман аймгийн аж ахуйн нэгжүүд хамрагдаж байгаа юм.

Уг хуулийг санаачлагчдын хийсэн тооцоогоор Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээс харахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нийт 621.2 тэрбум төгрөг төвлөрснөөс орон нутгийн татварын албадад 10.8 тэрбум төгрөг төвлөрчээ. Харин алслагдсан дээрх найман аймгийн хувьд 2.6 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу энэхүү 2.6 тэрбум төгрөгийн тэн хагас буюу 1.3 тэрбум төгрөгийн татварыг хөнгөлөлтөд хамруулахаар тооцож байжээ. 

Төвөөс алслагдах тусам орон нутгийн иргэдийн амьжиргааны өртөг 1.5-2.5 дахин нэмэгддэг гэсэн судалгаа бий. Аж ахуйн нэгжүүдэд нь татварын хөнгөлөлт үзүүлснээр тэр хэмжээгээр иргэдийн амьжиргааны өртгийг бууруулж байгаа гэж болно.

Бүсийн нэмэгдэл Монголд

Манай улс 1971 оноос алслагдсан болон говийн бүсийн аймгуудын иргэдэд нэмэгдэл олгож байжээ. Сайд нарын зөвлөлийн тогтоолоор говийн бүсийн мал аж ахуйн үйлдвэрлэлд хүүхдийнхээ хамт зохион байгуулалттай шилжин суурьшигчдад эхний гурван жил дараалан 10 хувийн нэмэгдэл олгох болсон байна. Мөн 1972 онд Дорнод аймгийн Халхголд сангийн аж ахуй байгуулагдсанаар уг сангийн аж ахуйг түшиглэсэн байгууллагын ажилчин, албан хаагч, малчдад 1976 оныг дуустал үндсэн цалин дээр нь 10 хувийн нэмэгдэл олгож байсан аж. 

1982 оны Сайд нарын зөвлөлийн 48 дугаар тогтоолоор говийн болон түүнтэй ойролцоо байгаль цаг уурын нөхцөлд ажилладаг дээд, тусгай дунд боловсролтой ажилтан, албан хаагчдад сар бүр 10 болон 15 хувийн нэмэгдэл олгож байсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулиудад, нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт оршин суудаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийслэлд ирж эмчлүүлэх нэг талын зардлыг олгох заалт бий. Мөн хилийн застав, хилийн боомтод ажиллаж буй хилийн болон гаалийн албан хаагчдад хилийн нэмэгдэл олгох зохицуулалтыг Хилийн тухай хууль, Гаалийн улсын байцаагчид нэмэгдэл олгох тухай журамд тусгасан байдаг. 

2000 оноос хойш энэ чиглэлээр УИХ дөрвөн хууль, найман тогтоол баталж, Засгийн газраас 10 гаруй тогтоол гарч байсан ажээ.

Бүсийн нэмэгдэл олон улсад

Дэлхийн олон оронд бүсийн нэмэгдэл олгодог туршлага бий. ОХУ Якут, Камчатка, Чукотка мужид амьдарч байгаа иргэдээ татварын бодлогоор дэмжихээс гадна бүсийн нэмэгдэл олгодог байна. Манай Увс аймгийн Сагил сумтай хил залгаа Мөнгөн тайгын районыхонд байгалийн хүнд хэцүү нөхцөл гэж 200 хувийн нэмэгдэл олгодог аж. ОХУ мөн Сибирийн бүс нутагт 60 хувийн нэмэгдэл олгодог хуультай. АНУ, Канад улсууд ч эдийн засгийн сул хөгжилтэй бүсүүддээ хандсан тусгай бодлоготой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. BUSCHILSEN HOGJILIIG BII BOLGOH GEED BUTEEGUI ULS BII GEOPOLITIKCHID BUTEHGUIG BATALSAN

    0 0 Хариу бичих