Роберт Редфорд: Том Круз, Брэд Питт нар чинь хөөрхий, зовж байгаа амьтад шүү дээ

Х.Батсайхан


70, 80-аад оны "секс бэлгэ тэмдэг", кино урлагийн амьд домгуудын нэг Роберт Редфордын нэгэн ярилцлагыг хүргэж байна. 

-Ноён Редфорд, саяхны нэгэн ярилцлагадаа та кино урлагийн домог байхаас залхаж байна гэж хэлсэн байсан. Та арай урлагаас хөндийрч амар жимэр амьдрахыг хүсч байгаа юм биш биз?

-Бурхан минь. Би тийм юм ердөө ч бодоогүй. Амьсгалж байгаа цагтаа ажилласаар байх болно. “Редфорд домог” гэх мэтийн яриа утгагүй санагддаг болохоор л тэгж хэлсэн юм.

Домог гэдэг чинь яаж ч бодсон өнгөрсөн цаг, харин би одоохондоо амьд байна шүү дээ. Урд өргөн сайхан зам байхад толиндоо хойдохоо харах ямар хэрэг байна. 2012 онд би “Бохир тоглоом”гэдэг тулаант кинонд найруулагчаар ажилласан. 30 жилийн өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн талаар баримт цуглуулж байгаа сэтгүүлчийн талаар өгүүлдэг юм. Өнгөрсөн жил “Нээлт” гэдэг кинонд тоглолоо. Надад олон сайхан санаа, зальжин төлөвлөгөөнүүд байна. Тэгэхээр яалаа гэж шоу ертөнцөөс гарах билээ.

Саяхан харин Лондонд нэг явдалтай учраад... Нэг гэр бүлийн хос надтай тулгараад хий үзэгдэл харсан мэт болдог юм байна. Хагас цагийн дараа нөгөө хоёр чинь яг миний урд ярилцаж явах юм. Миний нэрийг хэлэх шиг болохоор нь сэмээрхэн ойртож очоод яриаг нь чагналаа. Нэг нь “Би галзуураагүй ээ. Редфорд мөн байсан, би яг харсан” гэхэд нөгөөх нь “Битгий худлаа ярь. Би чамд хэлээд байна шүү, Редфорд аль эрт нас барсан. Үхсэн гэж мэдээлсэн байхыг нь арван жилийн өмнө ч бил үү, сониноос уншсан гээд байхад. Одоо кино үзэхээ больсон дээр, телевизороо гаргаж хая” гээд л...

-Та тэдэнд үнэн учрыг хэлж өгсөн үү?

-Яах юм бэ, айчихна шүү дээ. Харин намайг үхсэн талаар мэдээлсэн тэр сонин нь ямар нэртэй байсан юм бол доо гэж бодсон. Үхэж, хүнтэй гэрлэж, худал хуурмагаар бичүүлэх нь жүжигчний жам юм даа.

Манай өвөө жүжигчдэд маш дургүй хүн байсан юм шүү дээ. Ач хүү нь дургүй мэргэжлийг нь сонгох болсныг сонсоод тэрээр “Чи нэр хүндтэй ч эрх мэдэлгүй хүмүүсийн эгнээнд шилжих нь дээ. Чамайг хүмүүс хүндэлж, оройн хоолонд урих болно оо. Гэхдээ гарч явсны чинь дараа хоолны мөнгөн халбагаа байгаа эсэхийг шалгах болно” гэж хэлсэн юм. Би багадаа уран зураг оролддог байлаа. Гэтэл аав маань зураачид бас дургүй байж таарсан. “Ядуу зураач болох гээ юу. Сонс, тэгээд тогтоож ав, “Зургийг идэж болдоггүй юм” гээд л загнадаг байж билээ.

-За яах вэ, домог гэдэг үгэнд дургүй юм байж. Тэгвэл бусад албан бус гуншиндаа хэрхэн ханддаг вэ. Жишээлбэл, “Секс бэлгэ тэмдэг” гээд л... 70-80-аад онд та сая, сая бүсгүйчүүдийн оройн дээд шүтээн нь байлаа шүү дээ?

-81 нас хүрсэн ч гэсэн энэ гуншингийн эсрэг харин юу ч хийж чадахгүй юм даа. Эмэгтэйчүүд намайг одоо залуу байхаас минь илүү сонирхож байна гээч.

-Эхнэрт нь нэг шөнийн төлөө сая ам.доллар амлаж, залуухан хосыг салгах шахдаг “Татгалзахааргүй санал” кино 1993 он гарч шуугиан тарьсан. Тэр киноны дараа хүмүүс “Энэ Дайан /Деми Мур/ ямар тэнэг хүүхэн бэ. Редфорт өөрөө түүнд нэг шөнийн хайрын төлөө сая ам.доллар төлөх санал тавьсан бол тэр бодож үзнэ дээ” гэх зэргээр ярилцаж байсан?

-Энэ кионы талаар битгий яриач дээ. Анх тоглохыг зөвшөөрөхдөө ингэж амжилт олж “урт насална” гэж бодоо ч үгүй. Нээлтээ хийсэн өдрөөс нь эхлээд л би гэдэг хүн тайван амьдралыг мэдэхээ больсон. Өмнө нь олон кинонд тоглож чамгүй алдартай болоод байсан ч энэ киноны дараа эмэгтэйчүүдийн зүгээс ирэх дарамт цунами шиг л болсон. Тиймээс энэ кинонд тоглосондоо харамсаж явдаг. 

-Тэгвэл та өөрөө шүтэн бишрэгчдийнхээ зүгээс “татгалзахааргүй санал” сонсч байсан уу?

-Зөндөө... Олон бүсгүй байсан. Нэг нь бүр урьдчилж сая ам.долларын чек бичээд уулзах газраа заасан захиаг явуулж байсан гээч. Би эелдгээр татгалзсан ч өнөөх чинь болих нь битгий хэл нойтон хамуу шиг салахаа байж, татгалзвал жүжигчний карьерыг маань үгүй хийнэ гэж заналхийлж байсан удаатай.

Зөвхөн эмэгтэйчүүд биш эрчүүд ч намайг зүгээр байлгаагүй шүү. Зарим нь намайг харангуут киноны “Эхнэртэй чинь нэг шөнийг өнгөрөөгөөд сая доллар өгье” гэж хэлдэг хэсгийг миний дууны өнгийг дуурайлган хэлнэ. Тэгээд баяртайгаар инээхийг яана.

Сайхан залуу гэгдээд байгаа Том Круз, Брэд Питт нар чинь хөөрхий зовж байгаа амьтад шүү дээ. Ийм амьдралыг би аль эртнээс туулж ирсэн. 1960-аад оны үед миний тоглосон “Цэцэрлэгт хөл нүцгэн”гэдэг жүжиг багагүй амжилт олжээ. Харин би өөрөө тэрийгээ мэдээгүй байж. Нью Йоркийн баруун дүүрэгт явж байтал анагаахын хэсэг оюутнууд гэнэт миний нэрийг хэлээд л дайрчихсан. Хувцас урж, үс зулгааж... алах шахаж байгаа өмртлөө “Редфорд бид чамд хайртай” гэж хашгиралдаж байсан шүү. Аймаар... Аз болоход нэг таксины жолооч таарч намайг аварсан юм. Тэр үед би алдартай болсноо, бас болгоомжтой явахгүй бол болохгүй гэдгээ мэдсэн юм.    

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. НАЯ ХҮРЭХЭЭР ЭР ЭМИЙН ЯЛГАА АРИЛЧДАГ ГЭЖ

    0 0 Хариу бичих