Д.Хаянхярваа: Оюутолгойн гэрээнд алдаа оноо бий. Гэхдээ...

УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хэр түвшинд байгаа эсэх асуудлыг хэлэлцжээ. Засгийн газраас өгсөн тайлангаар 35-40  хувийн хэрэгжилттэй байна гэж танилцуулсан байна.

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа “Эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч, үзүүлэлт сайжирч байгаа ч чанар, өгөөж иргэн бүр, айл өрхөд хүрэх ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа, ялангуяа нийслэлийн хүрээнд дахин төлөвлөлт, газар чөлөөлөлттэй холбоотой ажлууд удаашралтай байна. Үүнд гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахаар 2018 онд тодорхой төсөв суулгасан. Өөрөөр хэлбэл, 100 гаруй сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулж, сургуулийг хоёр ээлжээр хичээллэдэг болгохоор тусгаад байгаа. Гэтэл нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөх асуудал тулгамдаж байна. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн. Дахин төлөвлөлт, агаарын бохирдол, газар чөлөөлөлт зэрэг асуудлын талаар хотын удирдлагуудаас үдээс хойших бүлгийн хуралдаанаар мэдээлэл авна” гэлээ.

Мөн бүлгийн гишүүд орон нутагт ажиллаж байх хугацаанд иргэдээс ирсэн зарим шүүмжлэлийн талаар танилцуулж, ярилцсан байна. Энэ нь УИХ-ын гишүүдийн болон төрийн албаны ёс зүйн хариуцлагын асуудал аж. Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш төрийн албан хаагчдыг халах, халаа сэлгээ их байгаа талаар олон нийтээс шүүмжлэл их иржээ. Тиймээс ирэх долоо хоногийн бүлгийн хуралдаанаар төрийн албыг сахилгажуулах, чадваржуулах асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. УИХ, Засгийн газрын түвшинд сахилга хариуцлага, гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудлыг бүлэг нухацтай авч хэлэлцэх ёстой гэдэгт санал нэгдсэн учир намын дотоод асуудлын хүрээнд тодорхой бүрэлдэхүүнтэйгээр хуралдуулахаар болсон байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад ийн хариулсан юм.

-УИХ-аас “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгүүд дүнгээ хэзээ гаргаж, танилцуулах вэ?

-Ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт байгуулагдсан. Энэ долоо хоногоос ажилдаа орж, тодорхой шийдвэрүүд гарах байх. Шаардлагатай гэж үзвэл байнгын хороо, УИХ-ын чуулганд ажлын хэсгүүд дүнгээ танилцуулах байх.

-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр ч Ерөнхий сайдыг баривчилсан. Бүлэг энэ талаар ярилцсан уу?

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг дэмжсэнээр Монголын эдийн засаг 2-3 дахин өссөн. Энэ бодит үнэн. Мэдээж хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой засч, залруулах зүйл байгаа байх. Ер нь “Оюутолгой”-н гэрээ зурагдсанаар монголчууд ядуу болсон уу гэж асуумаар байгаа юм. Энэ гэрээ зурагдсанаар эдийн засаг хүндэрч байна уу эсвэл өөр шалтгаан байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Улс төр, эдийн засгийн буруу бодлогоос болж Монголын эдийн засаг болохгүй байгаа болохоос ямар нэг төсөл, том гэрээнээс болж монголчууд ажилгүй болоогүй гэж бодож байна. Цаашид бид олон зүйл дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах үеэр бид бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн байна, ганцхан та нар дотооддоо зүг чигээ гаргаж, бодлогоо зөв тодорхойл гэдгийг Ерөнхий сайд танилцуулсан. Тэгэхээр бид өнгөрсөн алдаанаасаа сургамж авч, алдаагаа цаашид давтахгүй, дараагийн төслүүд дээрээ анхаарах ёстой гэдгээ ярих ёстой юм болов уу гэж би хувьдаа бодож байна. Яагаад гэвэл “Оюутолгой”-н гэрээ дэлхийн хэмжээний том компанитай анх удаа түүхэн гэрээ хийж чадсан. Энэ гэрээнд алдаа оноо гарсан зүйл бий. Гэхдээ том төслийг хөдөлгөж чадсан нь Монголын нэр хүндийг тодорхой түвшинд хүргэж чадсан. Хуулийн байгууллага хуулийн дагуу зөв шалгаж, тодорхой мэдээлэл өгөх байх гэж бодож байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. МАН бол Монголыг зориуд дампууруулаж байгаашдээ

    0 0 Хариу бичих
  2. Iim baidald orno teghed yamar nohoig hutsuulah we gedgee medeej tootsood zarim ni gonginoj bh shig uuruu arail ert gyanaad bndaa

    0 0 Хариу бичих
  3. Ийм худалч хуурмаг юмнуудын яриаг сонсохоор ч ой гутах юм,

    1 0 Хариу бичих
  4. амаараа худлаа яриад, ажил дээрээ бол 360 градус ш дэ, төрийн албыг төрлийн, намын, найз нөхдийн, карма нэгтнүүдийн алба болгож байгаа.

    1 0 Хариу бичих