БНХАУ 2018 онд дөрвөн том үйл ажиллагаа зохион байгуулна

 

2018 онд БНХАУ-ын гадаад харилцааны салбарт дөрвөн том үйл ажиллагаа зохион байгуулна гэдгийг тус улсын Гадаад хэргийн сайд Ван И хоёр чуулганы хэвлэлийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тэрээр мөн өдөр БНХАУ-ын гадаад бодлого, гадаад харилцааны тухай сэтгүүлчийн тавьсан асуултад хариулсан юм. Ван И 2018 оны Хятадын гадаад харилцааны онцлох үйл явдлын тухай “Ардын өдрийн сонин”-ы сэтгүүлчийн тавьсан асуултад хариулахдаа, “Дөрөвдүгээр сард Хайнань мужид болох БоАо азийн чуулганы жилийн хурал нь эхний онцлох үйл ажиллагаа байх ба өөрчлөлт нээлт үндсэн сэдэв байх болно. Учир нь энэ жил Хятад улс өөрчлөлт, нээлтийн бодлого хэрэгжүүлсний 40 дэх жил. Өөрчлөлт, нээлтийн амжилт, туршлагыг энэ жилийн хурлаар дүгнэж, шинэ эринд өөрчлөлтийг гүнзгийрүүлж, нээлтийг өргөжүүлж буй шинэ нөхцөл байдлыг үзүүлнэ.

Хоёрдугаарт, зургадугаар сард Чиндаод болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэмжээний уулзалт. Гол сэдэв нь “Шанхайн зориг санаа”. Гишүүдийн тоогоо нэмсэнээс хойш тус байгууллага “Харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, эрх тэгш, зөвшилцсөн, олон янзын иргэншлийг хүндэтгэсэн, хамтын хөгжлийг эрэлхийлсэн” агуулга бүхий “Шанхайн зориг санаа”-гаар ШХАБ-ын хөгжлийн шинэ эринг эхлүүлэх юм.

Гуравдугаарт, есдүгээр сард Бээжинд болох Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулганы жилийн хурал. Гол сэдэв нь “Бүс ба зам”. Африкийн бүх улс орны ахан дүүс тус хурлыг тохиол болгож, “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Хятад-Африкийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ хүч сэлбэнэ.

Дөрөвдүгээрт, 11 дүгээр сард Шанхайд болох Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний анхдугаар үзэсгэлэн яармаг юм. Гол сэдэв нь “Нээлттэй зах зээл”. Хятад улс дэлхийд хаалгаа дэлгэн, зах зээлийн нөөц хүчинг нээж, улс орон бүрийг Хятадын хөгжлийн шинэ боломжийг ашиглаж, хуваалцахыг урьж буй юм” гэжээ.

БНХАУ-ын Төв телевизийн сэтгүүлчийн асуултад Ван И “Дээрх дөрвөн гол үйл ажиллагаанаас гадна Ши Жиньпин дарга энэ жил Өмнөд Африк, Папуа Шинэ Гвиней, Аргентинд айлчилж, БРИКС-ийн орнуудын удирдагчидтай уулзан, Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчтай албан бус уулзалт хийж, Их 20-ийн удирдагчдын хуралд оролцох юм” хэмээн хариулжээ. Ван И эцэст нь “Ши Жиньпин даргын хэрэгжүүлж буй гадаад харилцаа ард түмэн, эх орон, эх дэлхийн сайн сайхны төлөө бөгөөд Хятадын онцлогтой гадаад харилцааны түүхийн шинэ хуудсыг нээсэн явдал болох юм” гэж онцолсон байна.

Эх сурвалж: Хятадын Ардын өдрийн сонин


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)