Сирид 105 пуужингаар цохилт өгчээ

Eagle.mn


Дөрөвдүгээр сарын 13-ны орой Вашингтоны цагаар 20:30-д АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп  үндэстэндээ хандан Башар Ассадын дэглэмийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлснийг зарлав. Тэрээр Дамаскийн зүүн хэсгийн дагуул хот Думад энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэж Сирийн эрх баригчдыг буруутгалаа. Трамп ОХУ-ыг сануулахаа мартсангүй, тэднийг “Сирийн химийн зэвсгийг устгах үүргээ биелүүлээгүй” гэж шүүмжилсэн байна. "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2013 онд Сирийн химийн ноцтой зэвсгийг устгах баталгааг дэлхийд амлаж байсан юм. Ассадын саяхны довтолгоо, өнөөдрийн хариу хоёр нь ОХУ амлалтаа биелүүлээгүйн шууд үр дүн" гэж Трамп мэдэгджээ.

Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгч, цохилтынхоо өмнө ч, түүний цэрэг, улс төрийн үр дүнг гаргахаас өмнө ч Сири болон түүний эргэн тойронд болж буй хэрэг явдлын бүрэн биш юм аа гэхэд "нэлээд ноцтой  хариуцлага"-ыг ОХУ-д оноов. Трампын үг хэлсний дараа АНУ-ын  тэнгисийн хөлөг онгоцнууд ба нисэх хүчин Франц, Их Британийн хүчний хамт Сирийн нутаг дэвсгэр дэх байнуудад цохилт (оросуудын гаргасан цохилтын хугацаагаар Москвагийн цагаар 3.42 - 5.10) өгч эхэлжээ.

Үүний дараа АНУ-ын Штабын дарга нарын нэгдсэн  хорооны (ШДНХ) дарга генерал Жозеф Данфорд сэтгүүлчдэд энэ талаар мэдээлсэн байна. “Зүүн эргийн цагаар 21:00-д АНУ, Их Британи, Францын зэвсэгт хүчин химийн зэвсгийг дахин хэрэглүүлэхгүйн үүднээс Сирийн нутаг дахь байнуудад цохилт өглөө. Манай хүчнүүд ажиллагааг төлөвлөх ба явуулах үеэр интеграцилагдсан байв. Цохилт өгсөн  байнууд нь Сирийн дэглэмийн химийн зэвсгийн үйлдвэрлэлтэй шууд холбоотой. Эхний бай нь Дамаскийн район дахь Шинжлэх ухааны шинжилгээний төв. Тэр Сирийн төвд хими, биологийн  технологийн  судалгаа, үйлдвэрлэлийг явуулж байгаа. Хоёрдугаар бай нь Хомсын ойролцоох химийн зэвсгийн агуулах“ гэж хэвлэлийн хурал дээр генерал Данфорд хэлжээ.

Илүү нарийн үр дүнг тогтоотол одоохондоо цэргийн талаасаа ажиллагаа итгэл муутай байна. Өнөөдөр Трампын  ганц  улс төрийн ололт нь хамтарсан цохилтдоо Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй ба Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нарыг татаж чадсан нь гэлтэй. Америкийн  гол хэвлэлүүдэд бичсэнээр, Цагаан ордон цохилт өгөх хүртлээ “Сириэр амьдарч” иржээ.  Хоногийн 24 цагийн бараг 20 цагийг нь Трампын аппарат Сирийн Думад хийгдсэн гэх химийн довтолгоонд хэрхэн хариу өгөх бэлтгэлдээ  зориулж байсан гэж "Thе Wall Street Journal" сонины эх сурвалжууд хэлсэн байна. 

Сирийн эх сурвалжийн эхний мэдээгээр цохилтыг  Дамаск, Хомс мужуудад хийжээ. Хама, Алеппо, Латакия, Сувейда мужууд бас цохилтод өртсөн гэдгийг үгүйсгэжээ. ШДНХ-ны төлөөлөгчийн хэлсэн “Сири дэх Оросын байнуудад” довтлоогүй гэдэг нь далдуураар дээрхийг баталж буй. Дамаск мужид цохилтыг Кисва, Жамрай, Жараман, Барзе районуудын цэргийн байгууламжууд ба 105-р бригадын мөн “Думейр” (“Дмейр”) нисэх баазад хийжээ. Хомс мужид мужийн төвөөс баруун зүгт байгаа цэргийн агуулахуудад цохилт мөн хийжээ. Дамаскаас 35 км-ын зайтай “Дмейр”  нисэх баазаас Дума хотыг химийн бөмбөгөөр бөмбөгдсөн гэдэг тул онцгой анхааралд авчээ. Сирийн нисдэг тэрэгнүүд хлорын агуулгатай бодис цацсан, бүр цаашлаад мэдрэлийн ситемийг хордуулдаг зарим хийг хэрэглэсэн гэж гарч нар хэлсэн гэдэг.  ОХУ-ын Батлан хамгаалах яам, Ерөнхийлөгч В.Путин Дума хотод химийн зэвсэг хэрэглэсэн гэх өдөөн хатгалгыг исламчууд бэлтгэж байна гэж өмнө нь сануулж байсан билээ.  Харин одоо хэрхэн агаарын довтолгооныг няцаасан нь ер нь Сирийн агаараас хамгаалах хүчин хэрхэн ажилласан нь тодорхой болж эхлэв. Сирийн цэргийнхэн америк-британи-францчуудыг харвасан 103 пуужингийн 71-г нь угтуулан барьж сөнөөсөн тухай дөрөвдүгээр сарын 14-нд ОХУ-ын Зэвсэгт хүчний Оператив удирдлагын  газрын дарга  хурандаа генерал Сергей Рудской хэвлэлийн бага хурал дээр мэдээлэв.

ОХУ-ын цэргийнхний мэдээгээр, нийт 103 далавчит пуужин тэдний тоонд тэнгисийн байрлалын “Томогавк”, мөн  удирдлагатай GBU-38 нисэхийн бөмбөгийг В-1 стратегийн бөмбөгдөгч онгоцноос хаясан байна. Олон талын  зориулалтын F-15, F-16 онгоцнуудаас агаар-газар ангиллын пуужингаар бууджээ. Британийн Кипр арлын баазаас хөөрсөн “Торнадо” онгоц Scalp EG гэдэг найман пуужин харвасан байна. Сирийн Агаараас хамгаалах хүчин  хуучин Зөвлөлтийн зэвсгээр довтолгооныг амжилтай няцаажээ. Сөнөөгдсөн далавчит пуужингуудыг Зөвлөлтийн ПВО С-125, С-200, "Бук", "Квадрат", "Оса" цогцолборууд устгасан ба энэ нь Сирийн цэрэг, зэвсгийн өндөр чадвартайг харууллаа гэж генерал Рудской онцолж байлаа. Эхний мэдээгээр, гурван сири хүн шархадсан гэнэ. Сүүлийн гурван жилд ОХУ Сирийн Агаарын довтолгооноос хамгаалах системийг бүрэн сэргээж, төгсжүүлж байна. Хэдэн жилийн өмнө барууны түншүүдийнхээ хүсэлтээр нийлүүлээгүй байсан С-300 гэдэг системээ одоо Сирид нийлүүлэх боломжийг энэ хэрэг явдал харууллаа гэж генерал мэдэгджээ.

Одооноос л цэргийнхэн өөрсдийн дүгнэлтүүдийг гаргаж байна. Трампын хэдхэн хоногийн өмнө “ухаалаг” гэж танилцуулж байсан пуужинг хуучин Зөвлөлтийн “ухаалаг биш систем“ амжилттай эсэргүүцлээ гэж ОХУ-ын цэргийнхэн анхны дүгнэлтээ хийж, сэтгэл хангалуун байна. Сирид хийсэн энэ цохилтоор агаар-газар ангиллын нарийн тусгалын AGM-158 JASSM гэх далавчит пуужинг анх удаа ашиглажээ. B-1B бөмбөгдөгч  онгоцноос авсан зургаар  гурван шинэ пуужингийн зураг харагдаж байгаа гэнэ.

Пуужингийн үр дүнгийн талаар мэдээлэл байхгүй. Энэ пуужинг хэрэглэснээр, орос байгууламжуудыг санамсаргүй бөмбөгдөхөөс зайлж чадна гэж өмнө нь бичиж байв. Уг пуужингийн онцлог нь  радиолокацид  мэдэгдэхийг багасгасан чадвар гэнэ.

AGM-158 JASSM

Пентагоны төлөөлөгчид хэвлэлийн бага хурал хийлгэхдээ уг ажиллагааг дэлгэрэнгүйгээр тайлбарлав. АНУ-ын БХЯ-ны мэдээгээр америк-франц-британийн цэргийн гурван байд нийт 105 далавчит пуужингаар  цохилт хийжээ.  Ашиглагдсан цэнэгийн 85 хувь нь АНУ-ынх ба хөлөг онгоц, нисэх онгоцнуудаас пуужинг харважээ. Тухайлбал, Улаан тэнгисээс "Monterey" хөлгөөс 30 пуужинг, "Laboon" хөлгөөс долоон пуужинг, Персийн булангийн хойд хэсгээс "Higgins" 23 пуужинг тус тус харважээ. Газар дундын тэнгист байрласан "John Warner" шумбагч онгоцноос зургаан пуужинг харвасан байна.

Стратегийн хоёр бөмбөгдөгч нийлээд 19 пуужин харважээ. Францын Газар дундын тэнгисийн фрегат хөлөгөөс гурван SCALP пуужинг (англи-францын хамтын бүтээл, Их Британид түүнийг Storm Shadow гэдэг)  харвасан ба Rafale, Mirage онгоцнуудаас зургаан пуужин харвасан юм байна. Британичууд Кипрын Акротири нисэх баазаас "Tornado", "Typhoon" онгоцнуудыг хөөргөн найман "Storm Shadow" пуужин харважээ.

Пентагон мэдээлснээр Сирийн Агаарын довтолгооноос хамгаалах систем АНУ-ын онгоц ба ганц ч пуужин барьж чадаагүй, цохилт төгсч байхад 40 газар-агаар ангиллын пуужин хөөргөсөн гэв. Тэд Сирийн АДХС-ийг үр дүнгүй гэж үнэлжээ. Харин сиричүүд пуужингийн ихэнхийг устгасан гэж мэдэгдээд байгаа юм. Довтолгооны дараагийн өдөр нь Дамаскт бүх зүйл тайван байлаа. Довтолгооныг няцаасан, гэхдээ дахиад илүү хүчтэй довтолгоон хийгдэхгүй гэх баталгаа байхгүй гэж ажиглагчид үзэж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. MUNHNARAN EEJEE

    0 0 Хариу бичих