ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Дөрөвдүгээр сарын 16

Ш.Самбуу


Данийн үндэсний баяр

Хатан хаан II Маргаретын төрсөн өдөр тус улсын үндэсний баяр болжээ. “Бурхны ивээл, ард оны хайр нь Данийн хүч чадал юм”. Энэ бол 1940 оны дөрөвдүгээр сарын 16-нд төрсөн II Маргарет хатан хааны уриа юм. Данийн хаан IX Фредрих хаан ширээ залгамжлах хүүгүй байснаас тэрээр хатан хаан болжээ. Тус улсын 1952 оны Үндсэн хууль нь гүнж Дейзийг (Хаантны том охины бүтэн нэр нь Маргарет Александра Торхильдур Ингрид) II Маргарет нэрээр хаан ширээнд суухыг зөвшөөрсөн юм. Өмнөх Маргарет нь Данийн Маргарет нэрээр түүхэнд нэр нь бичигдэн 1380-1412 онуудад Данийг захирч байв. Харин өнөөгийн хатан хаан улс төрд оролцдоггүй учир хамжлагтнуудынхаа дунд их нэр хүндтэй.

МЭӨ 1457 - Египетийн фараон III Тутмос болон Кадешийн хаан Кананитийн армийн эсрэг тулаан эхэлжээ. Энэ нь дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн эртний бөгөөд анхны тулалдаан юм.

1582 - Испанийн аялагч, эзлэн түрэмгийлэгч Хернандо де Лерма Аргентин улсын Сальта арлыг  нээжээ.
1618-Английн нэртэй эмч, эрдэмтэн Уильям Гарвей (1578-1657) Лондонд лекц уншиж байхдаа хүн ба бүлээн цустнуудын цусны эргэлтийн системийн талаар анх удаагаа мэдээлжээ. Тэрээр цус хоёр хүрээгээр эргэдгийг тогтоосон байна. Бага хүрээ нь уушгиар дамждаг бол нөгөө хүрээ нь бүх биеэр дамжин цусыг эргэлдүүлдэг ажээ.
1780 - Германы Хойд Рейн-Вестфалиад Мюнстерийн их сургууль байгуулагдав.
1799 - Наполеоны дайн: Табор уулын тулаан: Наполеоны цэргийн хүч Оттоманы Туркийн армийг Йордан гол өгсөн Акра орчимд бүслэн дарав.
1818 - АНУ-ын Сенатын танхим Канадтай хиллэх хилийн зурвасыг эцэслэн баталжээ.

Францын шүүмжлэгч, романч, яруу найрагч, Нобелийн шагналтан Анатоль Франс 1844 оны энэ өдөр төржээ

Анатоль Франс гэдэг нь Францын зохиолч Анатоль Франсуа Тибогийн уран зохиолын нэр нь юм. Тэрээр 1920-иод онд дэлхийд алдарсан бөгөөд Францын уран зохиол, соёлд түүний нэр хүнд халдашгүйгээр дархлагджээ.
Анатоль Франс 1844 оны дөрөвүгээр сарын 16-нд Парис хотноо хуучин номын  худалдаачны гэр бүлд төржээ. Франс 1866 онд иезүтийн коллежийг төгсөөд А.Люмеррагийн хэвлэлийн газар ном судлаачаар ажилласан байна. Энэ үеэр тэр "Парнас" гэх уран зохилын бүлэгтэй ойртож 1868 онд “А. де Виньи” гэдэг анхны номоо хэвлүүлжээ. 1873 онд түүний “Алтан яруу найраг” түүвэр хэвлэгджээ. “Коринфийн хурим” гэсэн драмын яруу найргаа 1877 онд гаргажээ.  Франс 1875 оноос “Темпе” сонинд сурвалжлагчаар ажиллаж байгаад тэндээ уран зохиолын шүүмжийн албыг толгойлох болсон байна.

1890-ээд оны сүүлчээр “Дрейфусийн хэрэг” жишээ нь болсон хардалт сэрдэлтийн үе эхэлсэн байна. Франс “Орчин цагийн түүх” гэсэн нэлээд цуутай шог зохиол хэвлүүлэн дуулиан тарьж байв. Аажмаар тэрээр үндсэрхэг үзэлтнүүдийн эсрэг лагерьт орж ирэв. Тэрээр ард түмний гэх их сургуулиудыг үүсгэхэд оролцон лекц уншиж байлаа.

Зохиолч 1921 онд “жишиг болсон стильтэй, хүмүүнлэгээр зовнисон, жинхэнэ галлийн сэтгэлийн хөөрлийг илэрхийлсэн,  гайхамшигтай уран зохиолын ололтынхоо төлөө” гэсэн үнэлгээтэйгээр Нобелийн уран зохиолын шагналтан болжээ.

1847 - Английн далайчид Маори омгийнхон руу санаандгүй гал нээснээр нутгийн уугуул иргэд Английн далайчдын эсрэг босчээ. Үүний улмаас Шинэ Зеландыг эзлэн түрэмгийлэх гэсэн урт хугацааны дайн дэгдсэн юм.
1853 - Энэтхэгт анхны зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээ нэвтрэв. Анхны зорчигч тээврийн галт тэрэг Бомбейгаас Тане хот руу зорчиж байжээ.
1862 -Америкийн иргэний дайн: Колумбиа тойргийн хуралдаанаар боолчлолыг цуцалжээ.
1889 - Лондон хотын Вулвортын дүүрэгт Чарльз Спенсер Чаплин төржээ. 
1917 - Швейцарьт дүрвэсэн Владимир Ленин Оросын Петроград хотод эргэн иржээ.
1921 - Монгол Улсын Ерөнхий сайдаар Догсомын Бодоо тодорчээ. Тэрээр 1922 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл энэ албыг хашсан юм.
1922 - Герман болон ЗХУ Рапаллогийн гэрээнд гарын үсэг зурснаар дэлхийн I дайнаас болж тасалдаад байсан дипломат харилцаагаа эргэн сэргээв.
1941 - Дэлхийн II дайн: Итали-Германы хамтарсан тэнгисийн цэргийн хүч Британийн усан онгоцнуудыг бөмбөгдөж эхлэв.
1944 - Дэлхийн II дайн: Холбоотны цэргийн хүч Сербийн Бельград хотыг бөмбөгдөв. Үүний улмаас 1,100 хүн амиа алджээ. Түүнээс гадна түүхийн дурсгалт Христийн Ортодокс сүм бүрэн нурсан юм.
1945 - Дэлхийн II дайн: Зөвлөлтийн "Улаан арми" Германы армийн эсрэг сүүлийн шийдвэрлэх тулааны хийжээ. Берлиний ойролцоох 3ееловын өндөрлөгийн төлөөх тулаанд хоёр талаас нийтдээ нэг сая цэрэг оролцсон гэх мэдээ бий.
1947 - Америкийн улс төр судлаач Бернард Барук АНУ болон ЗХУ-ын харилцаанд сэв суусныг ажиглан "Хүйтэн дайн" гэх нэр томъёог анх удаа ашиглав.
1948-Европын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага байгуулагджээ.Эхний ээлжинд Дани, Австри, Франц, Швейцари, Швед ба Германы баруун хэсгийн эзлэгдсэн бүс тус байгууллагад оржээ. Дайны дараах Европын бүтээн босголтын АНУ-ын хөтөлбөрийн хөрөнгийг хуваарилах болон Баруун Европын интеграцилагдах үйл ажиллагаа нь тус байгууллагын гол зорилт байлаа.
1961 - Кубын удирдагч Фидель Кастро ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ "Куба улс ирэх жилүүдэд Марксист-Ленинист замаар Коммунист засаглалаар замнана" гэж зарлан тунхаглажээ.
1963 - АНУ-ын Алабама мужийн Бирмингем хотод болж буй хүний эрхийн төлөөх тайван жагсаалыг засгийн газрын зүгээс хүч хэрэглэн тарааж байгааг эсэргүүцэн хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг "Бирмингемийн шорон"-гоос захидал бичжээ.
1990 - Дэлхийн эрүүл мэндийн практикт анх удаа Жек Кеворкиан гэдэг эмч өвчтөний хүсэлтээр эвтанази хийжээ. Түүнийг олон нийт "Үхлийн эмч" гэж цоллосон байна .
2001 - Энэтхэг-Бангладешийн хооронд тав хоног үргэлжилсэн хилийн маргаан дэгдэв.
2003 - Грекийн парламент Европын холбоонд нэгдэн орохыг дэмжжээ.
2007 - Виржиниагийн технологийн коллежийн халдлага: Солонгос гаралтай Сён-Хуй Чо гэгч Виржиниагийн технологийн коллежид зэвсэглэн халдсаны улмаас 32 хүн амиа алдан, 17 хүн шархаджээ. Халдлага үйлдсэнийхээ дараа Сён-Хуй Чо өөрийгөө буудан хороосон байна.
2012 - Норвеги улсад террорист халдлага үйлдсэн Андерс Беринг Бревикид холбогдох хэргийн шүүх хурал нийслэл Осло хотод эхэлжээ.
2014 - Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо "Севол" гатлага онгоц осолдож 304 зорчигч амиа алджээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)