Айлчлалтай, баривчилгаатай долоо хоног

Eagle.mn


Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдаар ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж, яллагдагчаар татсан үйл явдалтай долоо хоног болж өнгөрөв. Мөн Ерөнхий  сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал болоод нүүрсний тээвэртэй холбоотойгоор урд хил дээр ажиллаж гаргасан шийдвэр нь гаргасан долоо хоног байлаа. Ийнхүү улирч буй долоо хоногийн үйл явдлыг тоймлож харвал үйл явдлаар өрнүүн өдрүүд байжээ

С.Баяр, Ч.Сайханбилэг хоёрыг яллагдагчаар татлаа

Долоо хоногийн эхний өдөр Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг хоёрыг баривчилсан баривчилгаагаар эхлэв. Тэднийг Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудалд холбогдуулан шалгаж байгаа бөгөөд түр хугацаагаар гадаадад өвчтэй дүүгээ харж байсан Ч.Сайханбилэгийг эх орондоо ирснийх нь маргааш мэдүүлэг авна гэж дуудаад улмаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэдгийг өмгөөлөгч Л.Данзанноров хэлсэн. Мөн С.Баяраас ч мэдүүлэг тайлбар авна гэж дуудаж ирүүлээд баривчилсан байна. Тэгвэл тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнгөрсөн пүрэв гарагт болж, шүүхээс 30 хоног баривчлах шийдвэрийг гаргав. Энэхүү шийдвэрийг хууль бус гэж үзсэн өмгөөлөгчид нь дараагийн шатны шүүхэд хандахаа мэдэгдсэн.

Ерөнхий сайд урд хөршөөс аяны богц дүүрэн ирэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн ажлын өдрүүдэд БНХАУ-д албаны айлчлалыг амжилтай хийлээ. Түүнийг гар хоосон ирэх үү, ганзага дүүрэн ирэх үү гэсэн хүлээлт байсан. Тэгвэл ямартаа ч аяны богц дүүрэн олз омогтой ирсэн сурагтай.  Хоёр орны Ерөнхий сайд албан ёсны хэлэлцээ хийсэн.

-Монгол-Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
-БНХАУ-ын Засгийн газраас олгохоо илэрхийлсэн 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр
-Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
-Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” төслийн тухай Монгол Улсыг төлөөлж Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр
-Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан санамж бичиг,
-Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө
-Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
-“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төслийн Нэмэлт туслалцааны төслийн солилцох захидал
-“Буянт-Ухаа спорт ордны боломж ашиглалтыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг баримт бичигт Монголын талаас салбар хариуцсан сайдууд нь оролцож санамж бичигт гарын үсэг зуржээ.
Ийнхүү урд хөршид албаны айлчлалаа өндөрлөсөн Ерөнхий сайд Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын үйл ажиллагаатай танилцав. Тэрбээр хил, гааль, мэргэжлийн хяналт, ГИХАХ-н ажиллаж байгаа алба хаагчидтай уулзахдаа “Боомтуудын хүчин чадлыг нэмж өргөтгөнө. Хүндрэлтэй байгаа асуудлыг яаралтай шийднэ” гэдгээ хэлжээ.

Дархан аварга Ж.Мөнхбат таалал төгсөв 

. Өнгөрч буй долоо хоногийн хамгийн харуусалтай мэдээ бол энэ байв. 77 насандаа бурхны төрлийг олохоор тэнгэрт хальсан аваргаа өнгөрсөн баасан гарагт сүүлчийн замд нь үдэж гаргалаа.

Сүүлчийн замд үдэх ёслолд Ж.Мөнхбатын хүү, Японы сумо бөхийн Их аварга М.Даваажаргал, Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, даян аварга Г.Өсөхбаяр, залуу аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр нарын бөхчүүд ирсэн байв.

Монгол бөхийн тэргүүн магнай байсан Их аваргаа монгол түмэн энэ өдрүүдэд түүний гэр бүл, бөхийн хамт олон, хамтран зүтгэгч, ах дүүс, найз нөхөд нь эмгэнэн гашуудаж байна. Түүний нэгэн үеийн их хүчтэн, анд нөхөр, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй Монгол Улсын аварга, арслан, гарьд, заан, харцага, начин тэргүүтэй бөхчүүдийн төлөөлөл Их аваргадаа мэхийн ёсолж, их хүндэтгэл үзүүллээ.  Талийгаачийг Спортын төв ордноос гаргаж, Алтан-Өлгий руу нутаглуулсан бөгөөд аваргын биеийг нь оршоосон алтан өлгийн чулуунаа “Хаях би яараагүй байхад, унах чи юундаа яардаг байна” гэж хэлсэн алдарт үгийг нь мөнхөлжээ.

Багануурт 2 хүүхэд осгож нас барлаа

Өнгөрсөн долоо хоногт эцэг эхчүүд, асран хамгаалагч нарын хайхрамжгүй байдлаас болж гурван хүүхдийн амь нас хохирч, олон хүүхэд зам тээврийн осолд өртсөн харамсалтай хэргүүд гарлаа. 

Багануур дүүрэгт гэртээ тоглож байсан 3-5 насны гурван хүүхэд гэрээсээ тоглохоор гараад хоёр нь осгож хорвоог орхилоо. Эцэг эх нь зургаан цагийн дараа хүүхдүүдээ алга болсныг мэдэж холбогдох газруудад дуудлага мэдээлэл өгчээ. Эрлийн багийнхан 14 цаг хайж тэднийг Багануур дүүргээс есөн км-ийн зайд орших Улаан эрэг гэх газраас олсон ч тав, гурван настай хоёр хүү хэдийнэ осгож амьсгал хураасан байжээ. Харин амьд үлдсэн нэг нь одоо дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм
Мөн, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хашааныхаа үүдэнд тоглож байсан нэг нас 8 сартай эрэгтэй хүүг машинаараа мөргөж амийг нь хохироожээ. Ийнхүү эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж бяцхан хүүхдүүд хорвоогоос явж байгаад насанд хүрэгчид анхааралдаа авах хэрэгтэй байгааг харуулсан долоо хоног боллоо.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Deerhi medee tsatsagdaad 7 honoj baina daa. Hevlel medeelel l bol yamagt shine sorgog baih uchirtai. Neg yumiig ulig boltol davtaad baih shaardlagagui. Bichih yum olj chahgui baigaa bol hai, chadahgui baigaa bol gertee amar

    0 0 Хариу бичих
  2. ТЭГЭХГҮЙ БОЛ ТӨР ЗАСАГТ ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛ УЛАМ УНАЖ ҮЙМЭЭН БОСЛОГО ГАРАХ ХУГАЦАА Л ОЙРТОНО ГЭЖ МЭДЭЭРЭЙ. ЯДУУ ДЭЭРЭЭС НЬ ИЙМ БУХИМДЛААР ХЭДИЙ БОЛТОЛ АРГАЦААЖ АМЬДРАХ ВЭ?

    1 0 Хариу бичих