160-р цэцэрлэгийн өргөтгөлийн ажил газрын маргаанаас болж зогсжээ

Х.Дэлгэрэх


Нийслэлд тулгамдаад байгаа хамгийн том асуудлын нэг бол цэцэрлэгийн хүрэлцээ. Сүхбаатар дүүргийн 160-р цэцэрлэг 280 багтаамжтай хэдий ч 566 хүүхэд хүмүүжиж байна. Тус цэцэрлэг хүүхдийн хүрэлцээ, хангамжаа сайжруулах зорилгоор хашаандаа 140 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн өргөтгөл барих гэсэн боловч газрын маргаантай асуудал үүсчээ.

Тодруулбал “Өрхтий трэйд” ХХК тус цэцэрлэгийн газраас 4484 метр квадрат газрыг өөрийн өмч хэмээн 196 айлын орон сууцыг барихаар төлөвлөөд байгаа аж. Цэцэрлэгийн газрыг өөрийн өмчийнх хэмээн маргаан шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаад байгаа “Өрхтий трэйд” ХХК нь 2007 онд нийслэлийн засаг даргын захирамжаар 160 дугаар цэцэрлэгийн 4484 метр квадрат талбайг орон сууц барих зориулалтаар цэцэрлэгийн захиргаанд мэдэгдэлгүйгээр өмчлөн авчээ. Улмаар газрын төлбөрөө төлөөгүй гэсэн шалтгаанаар 2015 онд нийслэлийн засаг даргын захирамж гарч газар өмчлөх гэрээг нь цуцлан тухайн газрыг цэцэрлэгийн харьяанд эргүүлэн өгсөн байна.

Ингэснээр Сүхбаатар дүүргийн 2,3-р хорооны 21 байрны хүүхэд хүмүүждэг тус цэцэрлэгийн зүгээс Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 2019 онд ашиглалтад өргөтгөл барихаар зураг төслөө боловсруулан барилгын ажил эхлүүлэхээр зэхээд байжээ. Гэтэл “Өрхтий трэйд” ХХК орон сууцны хороолол барихаар 2015 оны нийслэлийн Засаг даргын захирамжийн эсрэг нэмэжлэл гаргажээ.

Цэцэрлэгийн эрхлэгч Ч.Одгэрэл: Манай цэцэрлэг хүчин чадлаасаа хоёр дахин их хүүхэд хүлээн авч байгаа. Тиймээс энэ оны хоёрдугаар сард Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 140 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл барихаар төсөл батлуулсан. Гэтэл “Өрхтий трэйд” ХХК-ийн нэхэмжилсэн газрын маргаанаас болоод өргөтгөлийн ажил зогсоод байна. 2007 онд цэцэрлэгийн газраас “Өрхтий трэйд” ХХК-д өгсөн цэцэрлэгийн газрийн захирамжийг хүчингүй болгож 2017 оны хоёрдугаар сард манай компанийн нэр дээр албан ёсоор шилжиж ирсэн. Гэтэл тус компани нь 15 давхар орон сууц барина хэмээн шүүхэд хандаад байгаа юм байна лээ. Шүүхийг манай талд шийдвэрээ гаргана гэж найдаж байна.

Маргааныг шийдвэрлэх шүүх хурал энэ сарын 8-ний өдөр болох байсан хэдий ч хуралд гуравдагч этгээдээр оролцох цэцэрлэгийн өмгөөлөгч хэрэгтэй танилцаж амжаагүй байсан учир шүүх хурал 14 хоногоор хойшлоод байгаа аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)