Монголын хөлбөмбөгт философи үгүйлэгдэж байна

Манай гаригийн хамгийн олон үзэгчтэй, тэргүүн спорт хөлбөмбөг гэдэг нь маргаангүй. Харин “Энэхүү спортын хамгийн чухал хүн нь хэн бэ” гэдэг асуултын хариулт эргэлзээтэй. Олон хүн “Хаалгач” эсвэл “Гоол оруулдаг тоглогч” хэмээн хариулах байх. Гэхдээ хөлбөмбөгийн хамгийн чухал хүн нь дасгалжуулагч юм. Жозе Моуриньо, Пеп Гуардиола, Антонио Конте, Юрген Клопп зэрэг сүүлийн жилүүдэд гарч ирсэн мундаг дасгалжуулагчдын хүчээр дэлхийн хөлбөмбөг асар ихээр өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Монголчууд бид ч энэхүү хөгжлөөс хол хоцрохгүйн тулд улам боловсрох хэрэгтэй. Энэ чухал үед Монгол Улсад болж буй Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн “А” ангиллын сургалтын тухай сонирхуулъя.

Азийн хөлбөмбөгийн холбооны сургагч багш, Иран улсын мэргэжилтэн Мортеза Моазез удирдаж буй энэхүү сургалт маш их ач холбогдолтой. Дасгалжуулагчийн нэрийн хуудас болох гол үзүүлэлт бол зэрэглэл.

Энэхүү зэрэглэлийг FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооноос бус тивүүдийн хөлбөмбөгийн холбоод олгодог. Өөрөөр хэлбэл буурал тивийнхэн бидний сайн мэдэх UEFA буюу Европын хөлбөмбөгийн холбооноос, манайхан AFC буюу Азийн хөлбөмбөгийн холбооноос дасгалжуулагчийн зэрэглэл авах ёстой. Манай улсад өмнө нь Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн “С”, “В” ангиллын сургалт болж, олон дасгалжуулагч тэнцэж байсан.

Гэсэн ч эдгээр зэрэглэл үнэхээр жулдаад байлаа. Жишээлбэл, Монгол Улсын шигшээ баг 2016 оны намар “Эв санааны нэгдлийн цом” хэмээх олон улсын тэмцээнд оролцох гэсэн ч “А” зэрэглэлтэй дасгалжуулагчтай байх шаардлагыг хангаж чадаагүй. Өөрөөр хэлбэл бүхэл бүтэн улсад ийм зэрэглэлтэй нэг ч дасгалжуулагч байсангүй.

 Арга барахдаа нэг япон дасгалжуулагчийг гуйж, шигшээ багийн ахлах дасгалжуулагчаараа хэсэгхэн хугацаанд томилоод тэмцээнд оролцох эрхээ авч байлаа.

Азийн хөлбөмбөгийн холбооноос гишүүн холбооддоо тавих шаардлага улам нарийсч буй бөгөөд “А” зэрэглэлгүй дасгалжуулагч Монголын хөлбөмбөгийн дээд лигт баг удирдах эрхгүй болж байгаа юм. Энэхүү хоёрхон жишээ танд “А” зэрэглэл ямархан чухал болохыг шууд ойлгуулсан биз ээ. 

Өдгөө 66 настай ч өнөө хэр нь суралцсаар яваа Мортеза багш сургалтын хоёр дахь хагасыг удирдахаар манай улсад дахин ирээд байна. Дасгалжуулагчийн “А” ангиллын сургалт дөрвөн долоо хоногийн хугацаанд үргэлжилдэг бөгөөд эхний хагас нь яг жилийн өмнө Иран багшийн удирдлага дор болж өнгөрсөн. Монгол түүний хувьд сургалт зохион байгуулсан 83 дахь улс болсон нь АНУ-д их сургууль төгссөн, өндөр боловсролтой, хөлбөмбөгийн ДАШТ-ий арын албанд олон ч удаа ажилласан энэ эрхмийг ямархуу туршлагатай болохыг хэлээд өгнө. Мортеза багш өнгөрсөн жил довтолгооны тактикын тухай хичээл голлон заасан бол удаад хамгаалалтыг авч үзэж байна. Хичээлийн сэдэв өөрчлөгдсөн ч дасгалжуулагчдын философи, арга барилын тухай ихийг өгүүлдэг хэвээр. 

“Порту”, “Интер Милан”-тай хамт “Аваргуудын лиг”-ийн дэлдэн чихт цомыг өргөж, “Челси”-тэй “Премьер лиг”-т түрүүлж, “Реал Мадрид”-тай “Ла лиг”-ийн аварга болж явсан Жозе Моуриньо өдгөө “Манчестер Юнайтед”-ын торгон жолоог атгаж буй. “Онцгой нэгэн” хочит Моуриньогийн тоглолтын эхний хагаст байнга тэмдэглэгээ хийж, завсарлагаанаар багийнхаа ярианд ашигладгаарай алдартай. Хамгийн дээд зэрэглэлийн ой тогтоолттой дасгалжуулагч 45 минутын тоглолтын 59 хувийг л санаж чаддагийг тогтоосон судалгаа хүртэл бий. Баг удирдаж буй хэн бүхэн тоглолтоос хэрэгтэй мэдээлэл авч чаддаг байхыг энэхүү жишээ давхар сануулна. 

“Милан”, “Челси”, “ПСЖ”, “Реал Мадрид”, “Бавари Мюнхен”-ийг удирдаж, Европын “Топ-5” лигт бүгдэд нь амжилт гаргасан Карло Анчелотти өөрийн гэсэн бодолтой, маш тайван дасгалжуулагч. Тоглолтын үр дүн ямар байсан ч сэтгэл хөдлөлөө ил гаргаад байдаггүй түүний зан чанар нь орчин үеийн хөлбөмбөгтэй гойд нийцнэ. Харин хожигдсон багийн дасгалжуулагч тоглогчдоо хувцас солих өрөөнд зад загнадаг “Үсний сэнс” хэмээх арга барил хуучирсан билээ. Сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй дасгалжуулагчийг өөр ажил олж хийхийг Мортеза багш зөвлөж байна. 

Мэргэжлийн дасгалжуулагч хүн зорилгынхоо төлөө хариуцлагатайгаар, маш их ачаалалтай ажилладаг, ямар ч хэцүү зүйл тохиолдсон анхаарлаа төвлөрүүлж чаддаг байх ёстой. “Манчестер Юнайтед”-ын хамтаар агуу өндөрлөгт хүрсэн домогт Алекс Фергюсон 1999 оны “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтын үеэр маш их хүнд нөхцөл байдалтай нүүр тулсан ч хяналтаа алдаагүй нь гайхалтай түүхийг бүтээхэд хүргэсэн билээ. Бүх л тоглолтын турш ялагдаж явсан “Улаан чөтгөрүүд” шүүгчийн мэдлийн цагт хоёр гоол хийснээр “Бавари Мюнхен”-ыг буулган авсан гайхалтай түүхийг мэдэхгүй хөлбөмбөг сонирхогч үгүй болов уу. Энэхүү шотланд эрхмийн “Бүх зүйл зөв хүнээ сонгохоос эхэлдэг” хэмээх үг ч нэгийг бодуулаад авав. 

Орчин үед дасгалжуулагчдыг Teacher-Trainer, Coach-Manager гэсэн хоёр ангилалд авч үздэг болсон юм байна. Teacher-Trainer ангиллын төлөөлөгч Луи Ван Гаалийн тушаасан бүхнийг “Аякс”-ын залуус ёсчлон биелүүлдэг байв. Тийм ч учраас 1995 оны “Аваргуудын лиг”-т тун залуу бүрэлдэхүүнтэй түрүүлж, олны нүдийг орой дээр нь гаргасан юм. Гэсэн ч Ван Гаалийн арга барил “Барселона”, “Манчестер Юнайтед”-ын од тоглогчидтой ажиллахад тохироогүй бололтой. 2002 оны зун “Барса”-д хоёр дахиа ирэхдээ Ривалдог хөөгөөд явуулчихсан шүү дээ. Харин Моуриньо Coach-Manager ангилалд багтана. Тоглогч бүртэйгээ тулж харьцаж, урам зориг хайрлаж, хүн менежментийг сайн хийдэг нь түүний олон давуу талын нэг. Тоглогчоо оройн хоолонд урин ярилцаж, чухал тоглолтын өмнө багийнхантайгаа чөлөөт уулзалт зохион байгуулж, ямар тактиктай тоглохыг хүсч буйг нь асуудаг жинхэнэ “Онцгой нэгэн” шүү. 

Испани мэргэжилтэн Рафаэль Бенитес анх “Ливерпүүл”-д ирэхдээ Coach-Manager байжээ. Тиймдээ ч багаа амжилттай удирдаж, “Аваргуудын лиг”-т гайхалтай ялалт байгуулж билээ. Гэсэн ч яваандаа Teacher-Trainer ангилал руу шилжсэнээр багийнхантайгаа таарч тохирохоо больсон юм. Эдгээр жишээгээр “Тодорхой амжилтад хүрсэн тоглогчид өөрсдийн гэсэн ойлголттой байдаг. Үүнийг өөрчлөх маш хэцүү. Өөрөөр хэлбэл тэдний ойлголтыг хүндлэх хэрэгтэй” гэдэг санааг хэлэхийг хүслээ.

“Арсенал”-ыг 23 дахь жилдээ удирдаж буй Арсен Венгер “Сүүлийн 10 жилийн хугацаанд тоглогчдын бие бялдар, техник дээр ажилласнаар дэлхийн хөлбөмбөг их сайжирсан. Харин ирэх 15 жилд сэтгэлзүйтэй ажиллах шаардлага тулгарч байна. Хожихын тулд зөвхөн хожих хүсэл хангалтгүй” хэмээн ярьсныг нэгэн хичээл дээрээ жишээ болгосон нь хөлбөмбөгийн ойрын жилүүдийн чиг хандлагыг тодорхойлсон хэрэг болов уу. 

Бүтээлч дасгалжуулагчийн тухай Пеп Гуардиолагаар жишээ авч ярилаа. Ийм хүнээс маш нээлттэй, үргэлж шинийг эрэлхийлдэг, өөртөө шүүмжлэлтэй ханддаг, алдааг өөрөөсөө хайдаг, гэртэй номын сантай, түүнээсээ үргэлж суралцдаг, эрсдэлтэй алхам хийх зоригтой шинж чанарууд илэрдэг байна. 

Мортеза багш хөлбөмбөгийн хөгжлийн хамгийн чухал ажлын нэг нь дасгалжуулагчийн боловсрол болохыг олон удаа онцолж, өөрийн орноор жишээ авсан юм. Хөлбөмбөгийн хорхойтнууд өдгөө Ираны шигшээ багийг удирдаж буй Карлуш Кейруш хэмээх португал дасгалжуулагчийг сайн мэдэх байх. Португалийн залуучуудын шигшээ багийг хоёр дарааллан дэлхийн аварга болгож, “Манчестер Юнайтед”-д Алекс Фергюсоны туслахаар ажиллаж, “Реал Мадрид”-ыг Рауль, Зидан, Роналдо, Роберто Карлос, Фигу, Бекхэмтэй үед нь нэг улирал удирдсан нэгэн. Тэрээр 2010 оны ДАШТ-ий дараа Португалийн шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа өгч, хэсэг амарч байгаад дараа жилийнх нь хавар Персийн буланд очсоноор бүх зүйл эхэлсэн байна. Чухам тэр Ираны хөлбөмбөгт хэрэгтэй үнэтэй зөвлөгөөнүүдийг өгч, дасгалжуулагчийн боловсролыг сайжруулсны үр дүн өдгөө гарч буй. Тус улсын шигшээ баг 2014 оны ДАШТ-д Аргентинтай таарч тоглож, шүүгчийн мэдлийн цагт Лионель Месси хожлын гоолыг хийснийг өвгөн сургагч багш бахдан ярих дуртай. Ираны шигшээ баг 2018 оны ДАШТ-ий эрхийг Бразилын дараа хүртсэн, 17, 20 хүртэлх насны шигшээ баг нь ДАШТ-д оролцсон, футзалын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг нь Азийн аварга болсон зэрэгт сэтгэл хангалуун явдаг.

Мортеза Моазез

Та бүхэн Монголын хөлбөмбөгийн философийг гаргах хэрэгтэй. Түүнээс биш гаднын хүний хэлсэн зүйл танай хөрсөнд буухгүй. Энэхүү сургалтад хамрагдаж буй дасгалжуулагчдын мэдлэг чадвар тэрхүү философийг гаргаж ирэхэд хангалттай хүрэлцэнэ. Монголын хүн ам харьцангуй цөөн болохоор авьяастныг олох хэцүү. Гэхдээ зөв бодлого явуулж, өсвөр үеийнхний хөлбөмбөгт маш их анхаарал хандуулбал амжилтад хүрч таарна. Аль ч улсын хөлбөмбөгийн холбооны Техникийн захирал маш чухал. Тэр хүн 20 жилийн алсыг харсан бодлого боловсруулдаг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Монголчуудын гүн ухааныг барууны гүн ухаанаар солих гэсэн алсын бодлого спортоор дамжин орж ирж байна

    0 0 Хариу бичих
  2. Хөл бөмбөгт байтугай улс оронд нь философи үгүйлэгдэж байна даа. Яана даа цаашдаа.

    0 0 Хариу бичих