Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Засгийн газраас өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. 1990 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн харилцааг зохицуулж байгаа нь хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага үүсгэжээ. Хөдөлмөрийн харилцаанд шинээр үүсч буй олон шинэ хүчин зүйлүүдийг хуулийн төсөлд тусгасан байна. Хэлэлцүүлгийн үеэр бизнесийн салбарт ажилладаг УИХ-ын гишүүд болох Ж.Ганбаатар, М.Билэгт нар хуулийн төсөлд шүүлжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж байлаа. Тухайлбал, Ж.Ганбаатар гишүүн "Ажил олгогч, татвар төлөгч байж үзээгүй дарга нарын боловсруулсан төсөл гэдэг нь харагдаж байна. Энэ төсөлд ажил олгогчийн үүднээс хандсан агуулга алга" гэсэн юм. Улмаар санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ. Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгт хандан ажлын хэсэг гаргаж, уг хуулийн төслийг нухацтай хэлэлцүүлэхийг анхаарууллаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)