Төрдөө, үрдээ “хаягдсан” ахмадууд-3

Ахмадуудын эрх яах аргагүй зөрчигдөж байна. Хамгийн наад зах нь ахмадууд өөрөө мэдэж, сонголт хийх эрхгүй байх.

Өөрт нь тулгамдсан асуудлаар хэн нэгний нөлөөгүйгээр шийдвэрээ гаргаад явах эрх мэдэл алга. Авдаг хэдэн төгрөгийг нь хүүхдүүд нь (тэтгэвэр) нэг, хоёр жилээр нь зээлүүлээд авчихдаг. Гартаа бариад гадуур гарч “үрэх” мөнгөгүй тэд сэтгэлзүй болоод санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдалд аж төрж байна. 

Манайх гэр бүлсэг орон. Хоёр, гурван үеэрээ хамт амьдрах харилцаа бат бөх хэвээр. Тиймээс үхтэл үр харам гэгчээр хүүдээ, бэрдээ, ачдаа, зээдээ тэтгэврээ зээлээд аваад өгчихдөг. Зарим айлд тэтгэвэр гэр бүлийнх нь орлого болж байна. Гэхдээ тэтгэврийн зээл орлогыг нэмэгдүүлэх хэрэгсэл болж чаддаггүй. Үр хүүхдийнх нь хэрэгцээнд “явдаг” учраас ахмадууд мөнгөний мэдэлгүй болдог.

Мэдэлтэй байх нь өөрөө эрх чөлөө юм. Тэр эрх чөлөөг олгох боломжийг бий болгосон бодлоготой байх ёстой. 

Ахмад настан амьдарч буй өрхөд дунджаар дөрвөн хүн хамт байдаг ч тэтгэврээр нь тэжээлгэн тарчигхан амьдарч байгаа өрх айл олон бий. Энэ талаарх судалгааг МУИС-ийн багш нар ч хийсэн байна лээ. 
Ахмадуудын тэтгэвэр маш бага. Энэ мэдээж манай хөдөлмөрийн хөлсний хэмжээтэй холбоотой ч хорвоод хүн болж төрөөд үр хүүхдээ өсгөхийн хажуугаар энэ нийгэмдээ ажилласан тэд насныхаа эцэст амар тайван амьдарч байгаад хорвоог дуусгах боломжийг бүх талаар бүрдүүлж өгмөөр байна.

Ахмадын сэтгэлзүйч гэж байх ёстой

Өмнөх нийтлэлүүдэд ахмадын сэтгэлзүйн асуудлыг хөндсөн. Тиймээс энэ талаар дахин бичихээ азнаж, тэдний эрүүл мэндтэй холбоотой тусламж үйлчилгээний талаар өгүүлье. 

Ахмадуудад үйлчлэх, чанартай тусламж, үйлчилгээ манайд байхгүй. Өрхийн эмчдээ үзүүлнэ, тэд “Таны насан дээр байх л өвчин” гэсэн ерөнхий зүйл хэлнэ.

Болсон, болоогүй бичиж өгсөн хэдэн эмийг нь авах гэж эрүүл мэндийн даатгалын сангаар олгодог хөнгөлөлттэй эмэнд урт дараалал үүсгэж, зарим тохиолдолд санхүүжилт дууссан гэх шалтгаанаар эмээ авч чаддаггүй. Хэвтэн эмчлүүлдэг эмнэлгийн үйлчилгээ их л удаж 7-10 хоног. Энэ эмчилгээний дараа яах вэ?

Манайд байдаггүй нэг зүйл нь ахмадуудад шаардлагатай урт хугацааны тусламж үйлчилгээ үзүүлэх явдал. Олон улсад ийм үйлчилгээ байдаг учраас асран хамгаалагч болоод настандаа ч амар байдаг аж. 

Бид ийм үйлчилгээг дан ганц төсвийн хөрөнгөөр хийх боломжгүй. Ачаалал нь ч дийлэхгүй. Гэхдээ төрийн бодлого, дэмжлэг байх ёстой. Нэг ёсондоо орон нутагт хамт олонд нь суурилсан үйлчилгээг бий болгох шаардлага үүсч байна.

Үүнийг дэмжиж байж төрийн ачаа хөнгөрч, ахмадуудаа хайхардаггүй гэдэг нэрнээс сална. Хөнгөвчлөх үйлчилгээг оршин сууж байгаа газраар нь дамжуулан бүлгийн зохион байгуулалтад оруулж тусламж үйчилгээ үзүүлэх хэлбэр байж ч болно. Бие биенийхээ төлөө санаа зовдог, халамжилдаг нийгмийг бий болгох шаардлага энэ бүхнийг дагаад дахиад л хөндөгдөж байна. 
Япон улсын хүн ам гурав дахин насжиж байгаатай холбоотойгоор эмнэлгийн болон удаан хугацааны асаргааны үйлчилгээнд хамрагдах хүмүүсийн тоо нэмэгдэх болжээ. Тиймээс тус улсын Засгийн газар 2000 онд ахмад настныг гэртээ асрахад ачаалалтай байгаа гэр бүлд туслах зорилготой Удаан хугацааны асаргааны даатгалын схем бий болгожээ. Тэд 1961 онд түгээмэл тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээний төлөвлөгөөг баталж, үүнээс хойш нийгмийн хамгааллын тогтолцоог улам бэхжүүлэх болжээ. Нийгмийн даатгалын газрынх нь мэдээгээр 1961-2002 онд үндэсний орлогын 5 хувьтай тэнцэж байсан үзүүлэлт 23 хүртэл өссөн тухай Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан илтгэлд дурджээ.

Манайд үүн шиг урт хугацааны асаргааны даатгал бий болгох шаардлага байна. Угаас 10 настны 8 нь өвчтэй гэх судалгаа бий.

Монголын настнуудын онцлог юу вэ?

Монголын настнууд гэр бүлсэг сэтгэхүйтэй учраас бусад орны ахмадуудаас онцлогтой. Эцэг, эхийгээ асрамжийн газар өгөх сэтгэхүйтэй үр хүүхэд ч ховор. Тиймээс цөөн хоногоор байлгах настанд зориулсан төрөлжсөн асрамж үйлчилгээний тусламж үйлчилгээ хэрэгтэй.

Настнууд өөрсдийгөө хөгжүүлээд явчихвал өвчтэй хүмүүсийн эгнээ рүү орохгүй. Хөгжиж байгаа орны хувьд насжиж байгаа хүмүүстээ илүү анхаарал тавихгүй бол эргээд үүнээс ч илүү мөнгө зарах хэрэг гарна.

2012 оноос өмнө хүн амзүйн цонх үе гээд харьцангуй залуу, ажиллах хүч өндөртэй байсан бол одоо манай улсын хүн ам насжих процесс руу орсон. 

Манай улсад ахмад настанд үзүүлэх герантологи, гериатрын тусламж үйлчилгээг шинэчлэн хөгжүүлэх шаардлага байгаа. Тухайлбал, насжилт, настны эмгэг судлалын салбарыг бодлогын баримт бичгийг боловсруулан батлах, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд төрөлжсөн мэргэжлийн тусламжийг шатлал бүрт өргөжүүлэн хөгжүүлэх гэхчлэн дурдвал олон. Энэ талаар ярьж, хэлэлцсээр ирсэн ч 2010 онд эхлүүлсэн Геронтологиийн төвийн барилгын ажил “царцсан” байдалтай байгааг өмнөх нийтлэлд хөндсөн билээ. Мөн ахмадуудтай ажиллах хүний нөөцийг бэлтгэн чадавхижуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, төр-хувийн хэвшлийн ахмад настанд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах асуудал ч тулгамдсаар байна.

Засгийн газрын 2013 оны 19 дүгээр тогтоолоор Ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт ахмад настан хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах хугацааг 10 хүртэл хоногоор, эрхийн бичгийн нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг 15.0 мянган төгрөг байхаар тогтоосон байна. Үүнээс өөрөөр ахмадуудыг “харж үзэх” байдал дулимаг. 

Олон улсын хэмжээнд ахмадуудын асуудлыг авч үзэх шаардлага байгаа аж. Энэ талаар Хүний эрх хөгжил төв ТББ-ын тэргүүн Г.Уранцоож “Насжилт хөгжингүй орнуудад их бий болж байна. Тэгэхээр энэ хүмүүсийн төлөө төр ажиллахаас өөр аргагүй болно. Үүнээс наана шаардлагатай байгаа нийгмийн дэд бүтцийг бий болгох шаардлага гарч байна. Нийгмийн дэд бүтцийг олон нийтийн оролцоотой үйлчилгээ бий болдог. Хүний эрхийн үүднээс нь авч үзвэл хүүхдийн, эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхалтыг арилгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнх байхад ахмадын хүн амын конвенц олон улсад байхгүй. НҮБ-аас ахмадын хүний эрхийн конвенцийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Энэ чиглэлээр олон улсын хэмжээнд улс орны Засгийн газар дуу хоолойгоо нэгтгэх үйл ажиллагаа явуулж байгаа. Манай байгууллага ХЭҮК, холбогдох яамдтай хамтраад ахмадын асуудлаар олон талын хэлэлцүүлэг хийсэн” гэлээ. 

2016 оны байдлаар улсын болон хувийн хэвшлийн 9 асрамжийн газарт 300 гаруй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд асруулж байна. Гэхдээ Батсүмбэрийн асрамжийн газрыг эс тооцвол бусад нь шашны байгууллагын байгуулсан асрах газрууд гэдгийг тодотгох ёстой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Би хэдэн сарын өмнө ажилаа алдсан бөгөөд би нэрээ хэдэн зуун доллартай байсан. Би мөнгө олох арга замыг эрэлхийлж байсан бөгөөд энэ хуудсанд google-ээс татагдсан. Эхлээд би сэтгэл гонсгор байсан ч би үүнийг туршиж үзсэн. Би $ 10,000 хоосон ATM картыг захиалж, картыг К CA-д хүргэсэн. Би маш их сонирхолтой байсан болохоор босож, АТМ-д хурдан очиж, тэр өдөртөө $ 10500-ыг буцааж чадсан юм. Миний карт хоёр өдрийн дараа ажиллахаа больсон боловч нийтдээ 20500 долларыг буцаан авч чадсан. Маш их баярлалаа, би илүү их захиалах болно. Инженер дээр хүрэх холбоо барих мэдээлэл байна: [email protected] ба ядуу бүрээс маш их баярлалаа

    0 0 Хариу бичих
  2. эцэг эхээ асарсаар хамтдаа ядарч, өтөлж насжилтын 'гамшиг'- т давхарт өртөж бна. хувийн хэвшлийн асрамж, өдөр өнжүүлэх бүлэг сургууль цэцэрлэгн хүүхэд асрах үйлчилгээтэй ижил хэрэгтэй бна даа

    0 0 Хариу бичих
  3. Асаргааны даатгал нээрээ сайн шийдэл болж болох юм даа. Асрамжийн газрууд байгуулбал сайхан бизнес болох юм

    0 0 Хариу бичих