Хятадын спортыг хөгжүүлж буй монголчууд

1980-аад он хүртэл манай урд хөрш Хятадыг спортын хувьд ширээний теннисийн амжилтаар нь л мэддэг байсан гэхэд хилсдэхгүй. Угаасаа 1956 онд Финландын Хелсинкид болсон зуны олимпийн наадмаас хойш тус улс 28 жилийн дараа л ЗХУ тэргүүтэй социалист орнууд оролцохоос татгалзсан Лос-Анжелесийн олимпод оролцож байсан аж. 

Мао Зедуний үед дэлхийгээс тусгаарлагдаад байсан манай урд их хөрш түүнийг таалал төгссөнөөс хойш тус улсыг залуурдах болсон Дэн Сяопиний үед эдийн засаг төдийгүй бүхий л салбарт сэргэж эхлэн, олон улс дахь улсын нэр хүндийг өргөхөд чухал ач холбогдолтой их спортод ч анхаарал хандуулж эхэлжээ.

1980-аад оноос Хятадад спортын бүхий л төрлийг хөгжүүлж эхлэн тамирчидаа дэлхийн тавцанд эн тэнцүү өрсөлдөх хэмжээнд хүргэх төрийн бодлого баримтлан багагүй хөрөнгө мөнгө зарцуулах болжээ. 

Социализмын үеэс гарсан жим

Ч.Дамдиншарав, Х.Алтанхуяг

Олон улсын тавцанд дөнгөж гарч ирэх болсон Хятадын тамирчдыг манайхан чөлөөт бөх, бокс, жүдо зэрэг спортын тэргүүлэх төрлүүддээ ёстой л дэвжээний “алчуур” болгодог байсныг ахмад үеийн спорт сонирхогчид андахгүй мэднэ. 

Монгол-Хятадын харилцаа ч дулаарсан цаг. 1989 онд чөлөөт бөхөөр Ч.Дамдиншарав, боксоор Х.Алтанхуяг нар дасгалжуулагчдын хувьд анх удаа урд хөршийг зорьсон байдаг. Бүр социализмын үед шүү дээ. Манай чөлөөт бөхийн домог болсон, Монголын анхны олимпийн медальтан Ч.Дамдиншарав гуай 1989 онд урд хөршийг зорин Хятадын бөхчүүдийг юутай ч цэвэр ялагдахгүй төвшинд хүргэж байв. Өдгөө Хятадын бөхчүүдийг манайхан амар давахаа больсон билээ.

Хятадын боксыг дэлхийд гаргасан дасгалжуулагч

Зах зээлийн үе эхэлснээс хойш манай томоохон дасгалжуулагчид урд хөрш рүү цувж эхэлжээ. Тухайн үед Монголын спортын салбар ямар байсныг хүн болгон мэднэ. “Зууны манлай” дасгалжуулагч В.Батбаяр Хятадад ажилласан анхдагчдын нэг. 

Монголын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар он удаан жил ажиллаж 1988 оны Сөүлийн олимпийн наадамд медалийн төлөө тулаанд дөрвийн дөрвөн тамирчнаа гаргаж байсан өөр дасгалжуулагч үгүй. Гэвч зах зээлийн үе ирэхэд түүнийг тоох хүн ховор болсон биз ээ. Цээжин дотроо В.Батбаяр эх орондоо ямар их гомдож байсныг өнөөгийн бид хэрхэн мэдэх билээ. Түүн шиг хүмүүс ямар наймаа хийж чадах биш. В.Батбаярын амжилтыг төр засаг үнэлсэнгүй, тэр урд хөршөөс санал аван амьдрал ахуйгаа бодсон нь тэр хэцүү үед буруутгах аргагүй.

Үр дүнд нь В.Батбаяр дасгалжуулагчийн ур чадварын ачаар ачаар Хятадын боксчид дэлхийн тавцанд өрсөлдөж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.

Хятадын жүдог шинэ шатанд гаргасан дасгалжуулагч

Манай жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч хүртэл Хятадад мэргэжлийн чадвараа үзүүлсэн. 

Тэр бол Ч.Насантогтох. Тэрээр 2011 онд урд хөршийг зорьсноосоо хойш тус улсын жүдог дэлхийн хэмжээнд хүргэсэн билээ. Уг нь Ч.Насантогтох гуай манай анхны олимпийн аварга, жүдогийн анхны дэлхийн аваргыг дасгалжуулсан хүн.

Үндэсний спортын бодлого үгүйлэгдэж байна...

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дасгалжуулагчдын араас монгол дасгалжуулагчдын цуваа яг л Тавантолгойн нүүрс шиг урд хөрш рүү цувж байх шиг. 

Ц.Цэрэнням, Х.Болдбаатар

Өдгөө боксоор Ц.Цэрэнням, жүдогоор Х.Болдбаатар, чөлөөт бөхөөр Т.Гансүх зэрэг манай дунд үеийн шилдэг дасгалжуулагчид Хятадад ажиллан хөлс хөдөлмөрөө урд хөршийн их спортын хөгжлийг урагшлуулсаар байна.

Үүнд нэг их гайхах зүйлгүй мэт. Монгол Улс бол ардчилсан орон. Хэн, хаана юу хийх нь угаасаа чөлөөтэй. Гэвч үүнээс нэг л дүгнэлт гарч байх шиг. Юу гэвэл, дасгалжуулагчид, тэр тусмаа дэлхийн хэмжээний дасгалжуулагч нарынхаа хөдөлмөрийг үнэлэж, арга туршлагыг нь өвлөн хөгжүүлэх бодлого манай спортод үгүйлэгдэж эхэллээ.

Нэг жин, нэг төрөлд багтаж ядаж буй тамирчидаа гадаад улс орны нэрийн өмнөөс өрсөлдүүлэх нь санхүүгийн хувьд ч, улсын амбицын хувьд ч байж болох асуудал. Харин дасгалжуулагчдын хувьд арай л өөр бодлого баримаар...


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Авах идэх шунал нь хэтэрээд гадагшаа явсан биз дээ. эд нар...

    0 0 Хариу бичих
  2. Энэ тамирчид, дасгалжуулагч нар хэтэрхий даварсан юм. Өөрсдийнхээ амьдралын төлөө, сонирхол дээр суурьлаж сонгосон замаараа явцгаа. Та нар шиг татвар төлөгчдийн мөнгөөр амьдралаа авч яваа хүмүүс монголд байхгүй. Төсвөөс цалинжиж байгаа эмч, багш, цагдаа онцгой гэх мэтчилэн бүгд нийгэмд иргэдэд үйлчилдэг. Та бүхэн шиг гадаадын улс орноор тэнэж ирчихээд цол хэргэм авч байгаа хүмүүс байхгүй

    1 0 Хариу бичих
  3. Манайх сайн тамирчин дасгалжуулагчаа авч үлдээд бусад тамирчидаа экспортлох хэрэгтэй гол нь энд үлдээх шалгуур нь шудрага байх ёстой бусад насны залуудамьдралаа дээшлүүлээд бэртэл гэмтэл багатай байх хэрэгтэй очих газраа харин үнэлэмж сайтай очих хэрэгтэй тэрийг нь шиидэх газар нь сайн дэмжих нь зөв

    0 0 Хариу бичих
  4. Өөрсдөө мэргэжлээ, спортоо сонгочихоод дөраа нь төр засгаас харж үзсэнгүй гээд байх юм, би гагнуурчин хийдэг, амьдралаа гагнуур хийж аваад явдаг, тэгээд би төр засагтаа харж үзсэнгүй гээд гомдоллоод явах юм уу хайшаа юм. Тиймээ бас солонгост харлаад хэдэн жил ажилласан, тэглээ гээд ч бас төр засагт гоморхож ялархсангүй

    0 0 Хариу бичих