Түүхэн луйврууд

Л.Эрдэнэжаргал


Амин зуулгаа залгуулахаас эхлээд ашиг хонжоо хайсандаа луйвар хийгсэд олон. Тэдний дунд хүн төрөлхтөний дунд нэрээ үлдээсэн цайсан “гарууд” ч бий. Луйвар гэгч спортын төдийгүй цахим ертөнцөд ч болдог. Тэгэхээр луйврыг зөвхөн ашиг хонжоо харсан гэж дүгнэж болохгүй, луйварчид дунд ямар ч аргаар хамаагүй нэр алдарт хүрэх хүсэлтэй хүмүүс ч байх нь бий. 

Алдарт барилгуудыг худалдсан нь

Улс орнууд өөрсдийн нэрийн хуудас болсон барилга, байгууламжуудаараа жуулчдыг татдаг. Жуулчдаас гадна ашиг олох гэсэн луйварчдын санаа ч эдгээр байгууламжид татагдаж, тухай бүртээ өөрийн санаагаа гүйцэлдүүлэн ашиг олсоор байсан түүх цөөнгүй. 1925 оны гуравдугаар сар. Парисын өдөр тутмын томоохон сонин нэгэнд арчилгаа тордолгоогvй байсаар нурах дээрээ тулаад байгаа Эйфелийн цамхагийг эрх баригчид нураахаар шийдсэн тухай нийтэлжээ.

Уг нийтлэлийн дараахан Францын хаягдал худалдан авдаг хамгийн баян таван эр Эйфелийн цамхагийн арчилгаа хариуцсан албаны дарга хэмээн өөрийгөө танилцуулсан эрийн урилгыг хүлээн авчээ. Тансаг зэрэглэлийн зочид буудалд болсон уг уулзалтаар Парис хотын нэрийн хуудас болсон цамхгийн 7000 тонн төмрыг нууц дуудлага худалдаагаар зарах болж, тэдний дунд үнэ хаялцуулах хүсэлтэйгээ өнөөх эрхэм дуулгах нь тэр. Асар их төмрийн хаягдлаас олж болох ашгаа дотроо тооцолсон түүхий эдийн бизнесмэн, хөдөөний гэнэн эр үнэ цохин цамхагийг авч, мөнгөө ч үг дуугүй, асуудалгүй төлсөн гэдэг. Харамсалтай нь Эйфелийн цамхагийг худалдах нь бүү хэл нураахаар шийдээгүй гэдгийг мэдсэн өнөөг бизнесмэн зальт этгээдийн бараа сургийг гаргаж чадаагүй байна. Сураггүй болсон луйварчнаас гадна олны доог тохуу болохоосоо айж хууль хяналтын байгууллагад мэдэгдэлгvй чимээгvй өнгөрөөжээ.

Санкт-Петербург хотноо байрлах алдарт Эрмитажийн музейг зарж чадсан сүйхээтэй эрс ч байна . Нийт 6 байгууламжаас бүрддэг Эрмитажийн музей өнөөх хүртэл түүхэндээ 4 удаа луйварчдын “амаар” зарагдаж, тvрээслэгджээ. Тухайлбал нэг зальжин эр оёдлын газрын эзэнтэй уулзан XIX зууны үеийн асар үнэтэй урлагийн бүтээл болох зээгт наамлуудыг орчин үеийн хєшгєєр солих эрхийг єндєр үнээр худалдаад бултсан байна. Түүх, урлагийг хослуулсан зээгт наамлуудыг нь шинэ үеийн ганган хөшгөөр солихоор очсон эрхэм музейн эрхлэгчтэй уулзсан хойноо л луйвардуулсан гэдгээ мэджээ. 

Английн нэгэн луйварчин Америкаас ирсэн баян эрд үндэсний баатар Адмирал Нельсоны дурсгалын хєшєє, баганыг алдарт Трафальгарын талбайн арслангийн 4 хєшєє, усан оргилуурынх нь хамтаар 6500 фунтаар зарж байсан бол Букингемийн ордныг Америкийн баян жуулчинд зарсан эр ихээхэн хэмжээний мєнгє шууд тєлєхєд бэлэн байгааг нь хараад балмагдаж айсандаа урьдчилгаа 2000 фунтыг аваад зугтжээ.

Америкаас ирсэн баян жуулчдад улсынхаа түүхэн барилгуудыг зарсан тохиолдол үүгээр дуусахгүй. Италийн нэгэн луйварчин баян америк эрд хазайсаар байгаад удахгүй жинхэнээсээ унах гэж байгаа Пиза цахмагийн оронд нь барих шинэ байшингийн эрхийг нь зарчихсан байдаг.

Америк орны бэлгэ тэмдэг болсон Эрх чөлөөний хөшөөг эргэн тойрных нь боомтыг тэлэхийн тулд зарахаар болсон тухай Засгийн газрынхаа маш нууц мэдээллийг Австрали эрд дуулгасан “нууц ажилтанд” өнөөх бизнесмен газар дээр нь мєнгє тоолон єгч хєшєєг худалдан авчээ. Гэхдээ луйварчид л зөвхөн ашиг хонжоо хайдаг юм бишээ. Ромын эзэнт гүрний сүр хүчний гэрч болон үлдсэн Колизейг засварлах ашигтай гэрээг авахын төлөө “албан тушаалтанд” ихээхэн хэмжээний хахууль єгсөн шуналтнууд ч мэхт мэхэндээ гэгч болсон түүх бий. Өєрийгєє Засгийн газрын бие тєлєєлєгч гэж танилцуулсан өнөөх албан тушаалтан хоёр ч засварын компанитай уулзаж хоёулангаас нь хахууль аваад арилж өгсөн гэдэг.

Нэр алдар горилсон луйварчин тамирчид

Мэргэн ухаан, шийдвэр гаргах чадвараа сорьдог оюун ухааны спортод ч луйвар бий. Гүржийн тамирчин, шатрын их мастер Гайоз Ниглидзе шатрын нүүдлээ гар утасны аппликэйшн ашиглаж байсан нь баригдаж, 15 жилийн турш тэмцээнд оролцох эрхээ хасуулсан. Өрсөлдөгчийнхөө нүүдлийг хариулах аргагүй болох бүртээ ариун цэврийн өрөө лүү гүйгээд байж л дээ. Хүндхэн нүүдэлтэй тулгарах бүртээ ариун цэврийн өрөөнд нуусан гар утасны шатрын аппликейшн ашиглаж байсан нь илэрснээр Гайоз Ниглидзе нэр хүндээ бүрмөсөн алджээ.

Тэсвээр тэвчээр шалгасан спортын нэг болох дугуйн тамирчид дундах луйвар ч хөнгөнөөс хүнд хүртэл олон янзаар үргэлжилнэ. Тур де Франц тэмцээний 2 дахь удаагийн тэмцээнд оролцогч Хипполит Акоутурие уул өөд өгсөхдөө замчилж явсан машины араас олс уян нөгөө үзүүрийг нь шүдээрээ зууж, чирэгдэж өгсүүр замыг ажралгүй туулсан гэдэг.

Харин уг тэмцээний 7 удаагийн аварга Лэнс Армстронг сэргээшийн эсрэг идэвхтэй тэмцдэг төдийгүй системтэйгээр хэрэглэдэг нэгэн байсан нь хожим илэрсэн юм. Лэнс Армстронг 10 гаруй жилийн турш маш нарийн системтэйгээр сэргээш хэрэглэж байж аваргын цомыг хүртэж байжээ.

Спортын ертөнцөд жүжиглэлт багахан ордог. Гэхдээ зарим тамирчид талбайд биш тайзан дээр гармаар гаргууд жүжигчид байдаг нь дасгалжуулагчидтай нь холбоотой байх нь бий.

2009 оны Heineken цомын шөвгийн дөрөвийн тэмцээнд Лэйнстерийн эсрэг тоглож байсан Харликвиний жигүүрийн тоглогч Том Уильямсын уруул задарч, цус гарсан тул сэлгээгээр Ник Эванс оржээ. Ник Эванс нь дараагийн оноо авах тоглолтыг гаргахад илүү тохирсон тоглогч байж, үүргээ ч сайн гүйцэтгэж ялалтад хүргэв. Харамсалтай нь тэмцээний явцад авсан гэх Том Уильямсын бэртэл хуурамч болох нь тогтоогдов. Уильямс оймсондоо хуурамч цустай капсул хийснээ хазаж, цусаа урсган ялалт авчрах тоглогчийг талбайд гаргажээ. Луйврын мөрөөр хөөж үзэхэд Харликвинүүд өмнөх дөрвөн ч тоглолтод энэ аргаа ашигласан нь тодорхой болж Уильямс, багийн менежер Дийн Ричардс, булхайгаа нуух гэж Уильямсын уруулыг сүүлд нь зүссэн багийн эмч Вэнди Чапман болон сэтгэл зүйч Стеф Бреннан нарын эрхийг урт хугацаагаар хасах шийдвэрийг Регбигийн холбоо гаргажээ.

Гэхдээ спортын түүхэнд гарсан хамгийн ой гутмаар луйвар 2000 оны Сиднейн паралимпийн наадмын үеэр болсон гэдэг. Испанийн паралимпийн шигшээ баг нэг л биш байгааг сэтгүүлч Карлос Рибагорда мөрдөж, амжилтын нууцыг нь тайлав.

Карлос Рибагордагийн хувийн мөрдлөгийн явцад Испанийн баг тамирчид бие махбод болон сэтгэл мэдрэлийн хувьд цоо эрүүл хүмүүс байх нь тэр. 

Испани улсын нэрийн өмнөөс паралимпод оролцож эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнээс алтан медаль хүртсэн багийн 12 тамирчны 10 нь хөгжлийн бэрхшээлгүй байсан нь илэрчээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)