Төсөвгүй хөтөлбөр

С.Батзаяа


Төрдөө, үрдээ “хаягдсан” ахмадууд-2 

Түрүүч нь №361 дугаарт

Гавьяаныхаа амралтад гараад 10 жил болж буй А.Нанзад гуай Геронтологийн үндэсний төвийн үйлчлүүлэгч. Тэрээр таван жилийн өмнө цусны даралт харваж, сэргээн засах эмчилгээний ачаар тэнхрэн хөл дээрээ боссон ч тус төвийн урт дарааллаас халшраад заримдаа хувийн эмнэлгээр үйлчлүүлдэг гэсэн. 

Харин өндөр настан Б.Сүрэнгийн хувьд хувийн эмнэлэгт хандах хүсэл байвч бэл бэнчин тааруу учраас улсдаа ганц байдаг энэ төвөөр үйлчлүүлдэг ч өөр эмнэлэг рүү явуулж “шинжилгээ өгөөд ир” гэх нь төвөгтэй байдаг аж.

Хэн нэгнээс хараат болчих вий гэх айдастай байдаг ахмадуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ганц байгууллага нь Геронтологийн үндэсний төв. Энэ төвийн барилга хуучирч муудан, ахмадуудад үзүүлэх тусламж үйлчилгээгээ цогцоор үзүүлж чадахгүй байгаа аж.

Хуучнаар Сүрьеэгийн диспансер байрлаж байсан байрны нэгдүгээр давхрын 16 өрөөнд үйл ажиллагаа явуулдаг тус төвийн коридорт ахмадууд урт дараалал үүсгэжээ. Хана тааз нь муудаж, шал нь зарим газраараа цөмөрсөн бүгчим, агааржуулалтгүй өрөөнд эмч нар үзлэг оношилгоо хийж байх. Эмч өвчтөнөө үзээд эмчилгээгээ бичихэд хөшгөөр хаалт хийсэн жижиг зайд сувилагч нар эмчилгээ хийдэг бөгөөд нэг ёсондоо эмч, сувилагч хоёр давчуу зайтай нэг өрөөнд өвчтнөө оношилж, эмчилгээ хийж байна. Манай улсад 240 орчим мянган ахмад настан бий. Ахмадуудад зориулсан төв эднийхээс өөр байхгүй. Уг нь Ахмад настны эрүүл мэндийн тухай хууль, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” гээд үндэсний хөтөлбөртэй. Гэхдээ энэ хөтөлбөр амьдралд хэрэгжих бус цаасан дээр үлджээ. 2014 онд батлагдсан энэ хөтөлбөр санхүүжилтгүй. Товчхондоо, ахмад настны төвүүд, тэтгэвэрт гарахаас нь өмнө сэтгэлзүйг нь бэлтгэх сургалт, төрийн бус байгууллагуудын оролцоог хангах, эрүүл мэндийн цогц асуудлыг шийдэх ёстой хөтөлбөр ч гэлээ эдгээрт зориулагдсан санхүүжилт нь бүрэн ирж байгаагүйг холбогдох албаны хүн хэлсэн.

Ахмадуудад зориулсан ганц эмнэлгийн барилга “царцжээ”

Буянт-Ухаа спорт цогцолборын хойно 60 ортой сэргээн засах клиник барихаар төсөвлөсөн ч төсөв нь “царцжээ”. Хоёр тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд дахин мөнгө төсөвлөлгүй 5-6 жил болж байна. Улсын хэмжээнд ахмадуудад тусламж үйлчилгээ үзүүлэх төвийнх нь барилгын төсөв мөнгө шийдэгдээгүй байхад зарим дүүрэгт ахмад настны клиник байгуулагджээ.

Төсвийн зарцуулалт, бодлогын уялдаа холбоо ямар байгааг эндээс харж болох биз. Хэн сайн лоббидож чадсанд нь үйлчилж буй нь нэг талаараа эрүүл бус үзэгдэл. Чухамдаа юу хамгийн чухал вэ гэх эрэмбэ алдагдсаны жишээ ч гэж хэлж болохоор байна. 

Геронтологийн үндэсний төв уламжлалт, сэргээн засах, хэвлийн эхо, зүрхний, тархины цахилгаан бичлэг, цусан дахь сахарын хэмжээ тодорхойлж, өдрийн эмчилгээ хийдэг. Нүд, чих зэрэг настнууд зайлшгүй үзүүлэх шаардлагатай кабинетыг байгуулах хэрэгтэй байгаа ч өрөө тасалгаа хүрэлцдэггүй гэдгийг тус төвийн Бодлого төлөвлөлт, гадаад харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Пүрэвсүрэн хэлсэн юм. Судалгааны, клиникийн лаборатори ч байхгүй. Мөн л зай талбайгүй аж. Ахмадууд хөл муутай, хальтирч унаж бэртэх тохиолдол олон. Гэтэл тус төв өрөө тасалгааны багтаамжаас хамаарч цогцоор үзэх боломжгүйгээс зарим үзлэг оношилгоог өөр газар үзүүл гэдэг байна. Гэтэл Монголын нөхцөлд байдал ямар билээ. Үүнээс болж ахмадууд гомдолтой, үйлчилгээ чирэгдэлтэй байна гэж бухимдах байдал цөөнгүй гардаг аж.

Геронтологийн үндэсний төвд төсөв нь хаанаа ч хүрдэггүй. Өнгөрсөн жилээс даатгалаас санхүүжилт авдаг болсон байна. Төсвөөс орж ирэх санхүүжилт нь хагас тэрбум орчим төгрөг. Сүүлийн хоёр жилд 20-иод мянган ахмад настанд тусламж үйлчилгээ үзүүлсэн ч нийт ахмадуудтай харьцуулахад маш бага тоо.

Хэдийгээр улсын хэмжээнд гэж байгаа ч орон нутгаас ирж тусламж үйлчилгээ авдаг нь маш цөөн.

Тэдний сэтгэлзүйг хэн ч хайхардаггүй

Ерөнхийдөө манай нийгэм тэтгэвэртээ гарсан бол л ахмадаа хүний тооноос “хасч” байна. Тэтгэврийн “шок”-ноос гарч амжаагүй байхад гэр бүлийн хүн нь бурхан болчихдог. Ганцаараа үлдсэн нэг нь сэтгэл санааны хямралтай, орой ажил, сургуулиасаа ирэх хүүхдүүдтэйгээ яриа өрнүүлэх гэж оролдовч ихэнх нь утсаа “маажиж”, зурагт ширтэнэ. Тэдэнд чөлөөт цагаа өнгөрөөх газар үндсэндээ байдаггүй. Байгаа ганц нэг нь байрны хонгилд тамхины утаа суунагласан газар хаа нэг шатар нүүнэ. Хааяа бүжигт очно. Гэхдээ тэр бүжиг нь ганц хоёрхон газар л байх. 

Ингээд ахмадууд маань юу хийдэг вэ. Улстөржинө, бусдыг шүүмжилнэ. Ач, зээгээ харж, сургууль, цэцэрлэгт нь зөөнө.

“Шинэ үе”-ийн хошин үзүүлбэрт, “эмээ нь хаачих вэ дээ, хороо л ордог шүү дээ” гэсэн яриа байдаг нь ахмадуудын амьдралын бодит төрх. Арай дөнгүүр нь ТҮЦ ажиллуулна, хаа нэгтээ таксины үйлчилгээнд явна. Уг нь 60 настай тэтгэвэрт гарч байгаа ахмадад асар их туршлага, мэдлэг хуримтлагдсан байгаа. Үзсэн, харсан зүйл зөндөө бий ч түүнийг нь ашиглая гэдэггүй, та “Хийдгээ хийсэн” гэж ам таглана.

За ингээд залуу үедээ боломж олго гэж байгаа бол гавьяаныхаа амралтад суухаас нь өмнө ахмадуудыг сэтгэлзүйн сургалтад хамруулдаг болмоор байна.

Тэтгэврийн өмнөх насныханд “Та нар ийм нөхцөл байдалтай тулгарна шүү” гэдэг сэтгэлзүйн нөхцөлийг ойлгуулахгүйгээр орхигдуулснаас сэтгэл санааны асар их хямралд өртөж байна шүү дээ. Нэг л өдөр ажилдаа явахгүй болонгуут ганцаардаж эхэлдэг. Ийм үед ахмад настны хөгжлийн төвүүд олноор бий болсон байх ёстой. Настнуудын онцлогт тохирсон уялдаа холбоотой бодлогогүй таг дүлий төртэй баймааргүй байна. Гэхдээ ийм байдал ноёрхсоор 20 гаруй жил болжээ. Хэн ч засъя гэхгүйгээр явж ирсний үр шим ард түмний амьдралд бууж байна. 

Монголын нөхцөлд өдрийн асрамжийн үйлчилгээ (шашны байгууллагын зарим нэг үйлчилгээг эс тооцвол) бараг байхгүй. Асран хамгаалагч ганц өдөр гэрээс гаръя гэхээр боломж тун хомс. Настны хөгжлийн төв, асрамжийн төв ч байхгүй. Энэ төвүүд байхгүй учраас ахмадуудыг ганцаардалд автуулж байгаа талаар дээр дурдсан. Өвчтэй ахмадуудад энгийн амьдрал руу шилжих боломж, орчин нөхцөлөөр хангасан төв ч алга гээд тоочвол түмэн асуудал, “буман” зовлон байх. Цус харвалтын дараа гэрээр очиж үйлчилдэг тусламжийн төвүүд олноор бий болвол хэн нэгнээс хараат болсон настныг дагуулж ирээд эмнэлгийн очер дараалалд зогсоод хүлээх шаардлагагүй болно. 

Сувиллын газруудад ахмадуудад зориулсан эмч бус сэргээн засах, дотрын эмч нар л байх. Гэтэл сэтгэлзүй, эрүүл амьдралын хэв маягийг нь дэмжиж өгсөн сэтгэл заслын яриа байнга хийж байх ахмадын эмч ажиллах шаардлага бий юм. Ахмадуудын өөрийнх нь бие махбодид тохирсон дасгал хөдөлгөөнийг заах шаардлага байсаар байтал энэ чиглэлд анхаарах бус сувилал, амралт нэрээр халхавчилж өнгөрөөдөг нийтлэг дүр зураг байсаар байна.

Үргэлжлэл бий.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. shinjilgeegee 14-21honog yabj baij hiilgeed irtel bzd-iin emleg or baihgvi 5-rrsariin 4d ir gelee hebteh bichig maan 3rsariin23nd um baigaa um ene daraalaliig hvieegeed shinjilgeenii hugatsaa al hediin duusna ene vneheer hetsvv vh i gesen vg gej oilgoj ba

    0 0 Хариу бичих
  2. Ахмадуудын талаар бодитой, үнэн байдлыг цувралаар асуудал дэвшүүлэн нийтэлж байгаад талархалаа дэвшүүлье. Үнэхээр улсын хэмжээнд үйлчилдэг гэхэд Герентологийн төв үнэхээр өрөвдмөөр газар шүү. Тэр олон түрээсийн газруудаа бүгдийг нь гаргаад, Их завсар хийгээд, Ахмадуудаа үйлчлэх хэрэгтэй.

    0 0 Хариу бичих