5.1.1 “Нийтийн сонсгол” (цаашид “сонсгол” гэх) гэж ... нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах үйл ажиллагааг;
Нийтийн сонсголын тухай хуулиас
Энэ бол 2016 оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн заалт. Цагаан дээр хараар бичсэн хуулиар бол нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө сонсгол зохион байгуулах ёстой аж. Гэтэл энэ хууль цаасан дээрээ л үлдэж буйн бодит жишээ нь Замын цагдаагийн газрын баруун уулзварт барих гүүрэн гарцын асуудал болоод байна. Нэг сая хол давсан нийслэлийн хүн амын асуудлыг даргын ганцхан гарын үсэг бүхэлд нь өөрчлөх гэж байна. Үүнээс том нийтийн эрх ашиг гэж байх уу? Монгол Улсын хүн амын талынх эрх ашиг шууд хөндөгдөх, талынх нь эрх ашиг Улаанбаатар хотод орж ирэхэд нь сөхөгдөх асуудлыг ердөө хэдхэн дарга хуралдсан болоод шийдэх нь зөв үү?
Юун түрүүнд гүүрэн гарцын талаар хоёр асуудал хөндөгдөж буйг тодотгоё. Эхнийх нь үнэ өртөг нь юм. БНХАУ-аас зээлэх 42 сая ам.доллараар ганц гүүрэн гарц барих нь эдийн засгийн агуулгаараа ч, замын ачааллыг бууруулах шийдэл талаасаа ч буруу гэж үзэх хэсэг байна. Тэдний нэг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд
42 сая ам.долларын гүүрээ шахах гээд л улайраад байна. Хятадын ажилчид барина. Нарны гүүрийг монгол ажилчид хөдөлгөөн хаалгүй барьсан. 42 сая ам.доллараар биш 15 ширхэг нүхэн гарц хийх зураг төсөл нь бэлэн байгаа.
Энэ бодох л ёстой өнцөг. Дэлхий даяар явсан гүүрэн гарц барих давалгаа зогсч, тэр нь шийдэл хийгээд эдийн засгийн агуулгаараа ач холбогдолгүй нь нотлогдож байгаа үед бид гүүрэн гарц барих нь зөв үү. АНУ-ын Портланд хот, Испанийн Мадрид, БНСУ-ын Сөүл гээд олон хот өмнө нь барьсан гүүрэн гарцаа асар их өртгөөр буулгаж буй тухай баримтууд дэлхийн мэдээллийн сайтуудад гарчээ. Бид тэдний араас орох шийдвэрийг 42 сая ам.долларын өртөг төлөн байж гаргаж байгаа юм биш биз. Оронд нь нүхэн гарц зэрэг бусад сонголт байгаа бол нийтээрээ хэлэлцээд, асуудлаа шийдэж болох л байсан. Гэвч тэгэх шинж алга. Гэхдээ энэ бол уг нийтлэлийн үндсэн сэдэв, гол агуулга ч биш. Нийтийн сонгосголын тухай хууль буюу гүүрэн гарц дагасан хоёр дахь асуудал руу оръё.
Үндсэн хуулиар өмчөө захиран зарцуулах эрх нь иргэн биднийх. 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулийн амин сүнс болсон гол зохицуулалтын нэг нь ч энэ. Гэтэл хүний онцгой энэ эрх Монголд, тэр тусмаа нийслэл хотод алдагдаад удаж буй жишээ бол дугаарын хязгаарлалт юм. Бүтэн жилээр тооцож зам ашигласны төлбөр, агаар бохирдуулсны төлбөр, автомашины татвар төлдөг хэрнээ долоо хоногийн нэг өдөр нь автомашинаа тодруулбал өмчөө ашиглах эрхийг хотын захиргаа биднээс булааж аваад удаж байна. Харамсалтай нь, хүний эрхийг зөрчсөн энэ шийдвэрээ эргэж харахын оронд ахиад бүр лавшруулах шийдвэрийг хотын захиргаа гаргахаар зэхжээ. Өнөөх л өртөг өндөртэй гүүрэн гарцаас үүдсэн шийдвэр гэдгийг тодотгоё.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү
Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд 1.6 жил үргэлжилнэ. Энэхүү бүтээн байгуулалттай холбоотой үүсэх автозамын түгжрэлийг сааруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах шаардлагатай.
Түүний хэлснээр бол даваа, лхагва гаригт сондгой буюу 1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн, мягмар, пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах аж. Ажлын өдрүүдийн бараг талд нь хөл дүүжлэх унаагаа, хүүхэд багачуудаа сургууль, цэцэрлэгт нь зөөдөг автомашинаа, бүр тодруулбал өмчөө ашиглаж чадахгүй нь. Нийслэлд нийтийн тээврийн хүрэлцээ хомс, ид ачааллын үеэр такси үйлчилгээ байхгүйтэй адилхан байхад хөл хорих шийдвэрийг хотын дарга нар гаргахаар зэхэж байна. Өөрсдийнх нь 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээс харахад 2-3 автомашинтай дарга нарт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байж болох ч жирийн иргэдэд энэ шийдвэр хүндээр тусах нь гарцаагүй. Хувиараа таксинд яваа жирийн залуу хоёр өдөр гарахгүй байхад л амьдралд нь яаж тусах билээ.
МАН-ын генсек, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан
Наад нэг ямар ч судалгаагүй дугаарын хязгаарлалт тэгш сондгойн хязгаарлалт гэдэг балай юм аа одоо боль. Хотын иргэдээр хангалттай тоглож байна наад замын асуудал хариуцсан нөхөд чинь! Ядаж хийх гэж байгаа ажлаа хэдэн сарын өмнө ард иргэдэд мэдэгдээд амьдралаа зохицуулах боломжийг нь олгоод шийдэж байх хэрэгтэй шүү дээ. Иргэдээсээ бас саналыг нь сонсож амьдралд нь аль болох хүндрэл бэрхшээл бага учруулах шийдвэр гаргах хэрэгтэй! Хот гэдэг хотын удирдлагын шийдвэр гэдэг нь гарсан даруйдаа иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг гэдгийг байнга санаж бодож тунгаах хэрэгтэй... Иймд наад дугаар хязгаарлаж асуудал шийднэ гэсэн хөнгөхөн бодлоо толгойноосоо авч хаяад зохицуулах өөр арга бод. Олон нийтээр хэлэлцүүлж саналыг нь ав! Шийдэх гарцууд зөндөө байна...
Эрх баригч намын генсекийн “ам”-наас олон нийтээр хэлэлцүүлж саналыг нь ав гэсэн үг унасныг Та анзаарсан болов уу. Нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө нийтээрээ хэлэлцэх ёстой гэсэн хууль ч Монгол Улсад үйлчилж байна. Гэвч бэлэн хууль ашиглаад сонсгол хийчихгүй байгаа хотын удирдлагуудад дугаарын хязгаарлалт хийгээд гүүрэн гарцын талаар иргэд ямар бодолтой байгааг одоо хүргэе.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн сонгуулийн насны 1000 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож “МЕС” компани тандалт судалгаа явуулжээ. Энэ судалгаанд оролцсон иргэдийн 76 хувь нь тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалт хийхийг эрс эсэргүүцсэн байна. Уг судалгааны дүнг танилцуулъя.
ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН БАРУУН УУЛЗВАР БОЛОН ТӨМӨР ЗАМ ДЭЭГҮҮРХ ГҮҮРЭН ГАРЦ
Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих шаардлагатай юу?
Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр, доогуур ямар шиидлээр гарц хийх нь зөв бэ?
“Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр барих гүүрэн гарц барих 101 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр хаанаас вэ?”
АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ ҮҮСЭХ ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР АВТОМАШИНЫ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ
Авто замын бүтээн байгуулалттай холбоотой үүсэх хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтын ямар хувилбарыг Та дэмжиж байна вэ?”
Жич:
НЭГДҮГЭЭР ХУВИЛБАР: ЗӨВХӨН БАГА ТОЙРУУД (даваа, лхагва гаригт сондгой буюу 1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн автомашиныг оролцуулах; мягмар, пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах; баасан гаригт Нарантуул, Бөмбөгөр, Хархорин зэрэг томоохон худалдааны төвийг амраах бөгөөд баасан, бямба, ням гаригт дугаарын хязгаарлалтгүй; Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй);
ХОЁРДУГААР ХУВИЛБАР: ӨВЛИЙН БҮСЧЛЭЛД (Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүс буюу Өвлийн бүсчлэлийн дагуу дугаарын хязгаарлалт тогтоох; даваа, лхагва гаригт сондгой буюу 1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн автомашиныг оролцуулах; мягмар, пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж; баасан, бямба, ням гаригт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах).
Иргэд эрхээ хамгаалж байгааг энэхүү судалгааны дүнгээс харж болж байна. Тандалт судалгааны уг үр дүнгээс гадна олон нийтийн сүлжээнд ч байдал адилхан байгааг “МЕС” компанийн хийсэн дүн шинжилгээнээс харж болно.
Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих талаар нийгмийн сүлжээнд иргэдийн байр суурийн дүн шинжилгээ
Дүн шинжилгээний хураангуй:
зочин 19 өдрийн өмнө
Ядуу улс, эх орноо бодох нь битгий хэл юу ч хамаагүй авч юугаа ч худалдахад бэлэн хүн сэтгэлгүй төртэй ард түмэн өрийн шалбаагт гүн чигдэж орсон бол одоо багалзуурдаж алаад шалбаагандана булж байгаагаас ялгаа алга. Нэг ч үйлдвэр байхгүй, иргэд нь ямар ч орлогогүй, эргэн төлөгдөх ямар ч баталгаагүй өнөө цагт 42 сая долларын өрөнд цементэн гүүр аваад л болоо. Маргааш юу болж байх нь, ямар үр дагавартай нь 42 сая долларын өрөнд оруулж цементэн гүүрээр солигч нарт огт падлий байхгүй. Маргаашийн асуудалд хятадын тал танайхан зөвшөөрч талыг нь идсэн шүү дээ гээд л суудаг шүү дээ.
0 0 Хариу бичихЗочин 20 өдрийн өмнө
Ali 2012 onoos hoish z enhkboldiin dargalj baih ued uih aar batalsan ajiliig l hiih gej bainadaa ooroo darga baihdaa batalchihaad odoo yah geed baigaa yum ...
0 0 Хариу бичихЗочин 20 өдрийн өмнө
Er ni tegeed barixaa bolichixgui yu, home plaza g nuulgeed tsaana ni tugjirdeg asuudliig shiidex xeregtei Bas nemj xelexed 43 say $r 3000 ailiin oron suuts barix buteen baiguulalt bolno,
0 0 Хариу бичихzochin 20 өдрийн өмнө
Би нэлээн хэдэн жилийн өмнө хөх хотд очиж байсан.их бороо орсон үед нүхэн гарцанд нь ус дүүрсэн машинууд жэвсэн хөвсөн байдалтай байна лээ.монголд гэсэн зарим нэг төмөр замын нүхэн гарц болон хонгил доорхи граж борооны болон үерийн ус дүүрдэг шүү дээ.
0 0 Хариу бичих