Өгөөмөр байдлын шинэ стандарт

Г.Сонинбаяр


Mega givers-ийн эрин

Монголчууд өглөгийн тухай гүн гүнзгий мэдлэгтэй ард түмэн. Энэ нь бурханы шашинтай холбоотой. Өглөг гэдгийг буяны үйл арвижихыг бодож сүм хийд, лам хувраг нарт өргөх өргөл гэж монгол хэлний тайлбар толиудад утгачилснаас үүнийг харж болно. Нөгөө талаар өглөгийг бусдад тус болох, нинжин сэтгэлийн үүднээс бусдад өгсөн зүйл хэмээн тайлбарласаар иржээ. Тиймээс ч “Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо” гэдэг үг гарсан биз.

Хаад, ноёд, ихэс дээдэс нь эгэл ардууддаа өглөг түгээдэг ёсон монголчуудын дунд эртнээс байсан. Хожим шарын шашин үлэмж дэлгэрсэн үед өглөгийн эзэд цөөнгүй байжээ. Бурхан багшийн сургаалд хааяа нэг өглөг өгөх нь өглөг бус, үргэлж өгч байвал жинхэнэ өглөг болно. 

Өглөг өгснийхөө дараа харамсах буюу бардамнах нь жинхэнэ өглөг бус хэмээсэн үгс бий. Хүмүүсийг баярлуулж, тэдэнд аз жаргалыг өгч, хэнийг ч ялгалгүй адилхан хандана гэдэг бол агуу их нигүүлсэнгүй, их амгалан, их баяр баясгалан гэж үздэг Буддагийн энэрэх нигүүлсэхүйн үзэл өглөгийн сэтгэлээр ийн илэрдэг гэж болох юм. Тиймээс зөвхөн Монгол бус бурханы шашинт улс орнуудад өглөгийг эрхэмлэх заншил буй болжээ. 
Өрнө дахинд эртний Грекийн сэтгэгч Плутархын номлолоос эх авч дундад зууны үед Фрэнсис Бэкон, Самуэл Жонсон нарын үзэл санаагаар баяжин хөгжсөн филантропийн соёл өнөө цагт дэлхий нийтэд олон нийтийн сайн сайхны төлөөх хувийн санаачилга болон дэлгэрчээ. Гэхдээ филантропийг шашны болон буяны байгууллагуудын үйл ажиллагаанаас ялгаж үздэг байна. 

Эдүгээгээс 20 жилийн өмнө буюу 1990-ээд оны сүүл үед дэлхий нийтэд филантропийн үйл ажиллагаа “унтаа салбар” байсан бол 2000-аад оноос хойш сэргэжээ.

Сүүлийн арав гаруй жилийн дотор олон тэрбумтан төрөн гарч тэд филантропи хийж эхэлсэн байна. Тэднийг mega-givers гэж нэрлэх болжээ.

Mega-givers филантропийг хөгжүүлэхэд манлайлж байгаагийн жишээ нь Giving Pledge санаачилга юм. 2010 оны наймдугаар сард АНУ-ын хамгийн баян 40 бизнесмэн нэгдэн энэхүү санаачилгыг үүсгэн байгуулжээ. Үүсгэн байгуулагчид нь Билл Гейтс, түүний гэргий Мелинда Гейтс болон Уоррен Баффет нар байв. 

Тэд өөрсдийн хуримтлуулсан эд баялгийн талаас илүү хувийг нийгмийн сайн сайхны төлөө, дэлхий дээрх хамгийн хурцадмал асуудлуудыг шийдвэрлэхэд зориулахыг эрмэлздэг байна. Giving Pledge санаачилгад нэгдсэн тэрбумтнууд дэлхийн өнцөг булан бүрт буй филантропуудтай харилцаа холбоо тогтоож, хэт чинээлэг хүмүүсийн дунд шинэ өгөөмөр байдлын шинэ стандартыг хэрхэн бий болгох тухай яриа өрнүүлсээр иржээ.

Өнгөрсөн хугацаанд 170 гаруй тэрбумтан Giving Pledge-д шинээр элсэн гарын үсэг зуржээ. Тэд энэ жил хүмүүнлэгийн хөтөлбөрийн төлөвлөгөө, шинэ томоохон амлалтуудтай танилцаж тэдгээрт сайн санааны дэмжлэг туслалцаа үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн энэ жил фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукерберг гэргийнхээ хамтаар санаачлан байгуулсан Chan Zuckerberg санаачилга болон “Ballmer Group”, “Bloomberg Philanthropies”, “Good Ventures” болон бусад сангуудын филантропи үйл ажиллагааг өмнөх оноос илүү өргөжнө гэж таамаглаж байгаа аж. Өнгөрсөн жил АНУ-ын филантропиудын хувьд Доналд Трампын санаачилсан татварын шинэчлэл буяны, сайн дурын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлөх вий гэсэн айдастай байжээ. Учир нь АНУ-д филантропи үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүддээ татварын хөнгөлөлт үзүүлдэг юм.

Өглөгч америкчууд

АНУ-ын филантропи буюу буяны өглөгийн түүх нэлээд урт аж. Бүр XVII зууны эхэн үеэс филантропи үүсч хөгжжээ. Бенжамин Франклин л гэхэд филантропийн идэвхтэн байв. АНУ-д 1917 онд филантропи хийж буй хувь хүнийг дэмжих заалтыг татварын хуульдаа анх тусгажээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед татварыг нэмэгдүүлсэн нь өглөг хандивын хэмжээг бууруулах магадлалтай байсан аж. Тиймээс ийнхүү филантропиудын татварыг орлогынх нь 15 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтсон байна. Өглөг, хандивын үйл ажиллагаа эрхэлдэг иргэдээ дэмжсэн энэ бодлого үр дүнд хүрсэн тул АНУ-ын эрх баригчид 1935 онд филантропи үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компаниудад татварыг ногдох орлогынх нь 10 хувьтай тэнцэх хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг хуульчилжээ. 

Филантропиудад ингэж татварын хөнгөлөлт үзүүлдэг нь хэд хэдэн үндэслэлтэй аж. Мэдээж энэ нь буяны өглөгийг хөхиүлэн дэмжиж байгаа хэрэг. Гэхдээ хандивлагч нь ямар ч ашиг хонжоо харахгүй байх ёстой. Энэ зарчим бол эхэнд өгүүлсэн Бурханы шашны өглөгийн тухай сургаалтай яв цав нийцэж байгаа юм.

Ямар нэгэн ашиг хонжоо харалгүйгээр буяны өглөг хийж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжийн хөрөнгө, орлого тэр хэмжээгээр хорогдох тул татвар ногдуулж болохгүй гэж АНУ-ын засаг захиргаа эдүгээгээс 100 жилийн өмнө үзэж байж. Энэ зарчим өнөөдөр ч өөрчлөгдөөгүй хэвээр.

Ийнхүү нийгмийн сайн сайхны төлөөх үйлс, хандив өглөгийн үйл ажиллагааг дэмжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгснөөр тус улсад филантропи асар хүчтэй, нөлөө бүхий салбар болж хөгжсөн байна. Эдүгээ АНУ-ын ашгийн бус секторын цар хүрээ тун өргөн. Тоогоор илэрхийлбэл 1 сая гаруй ийм байгууллага үйл ажиллагаа явуулдаг байна. Тэдгээр байгууллагууд нэг жилд нийт 300 тэрбум орчим долларын хандив өргөдөг аж. Филантропи үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компаниудынх нь жилийн нийт орлого 1.51 их наяд доллар хүрдэг байна. Энэ салбарт АНУ-ын хөдөлмөрийн зах дээрх нийт ажиллагчдын 10 хувь нь харьяалагддаг гэсэн судалгаа бий. Энэ бол америкчуудын арван хүн тутмын нэг нь филантропи үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гэсэн үг. Олон зуун жилийн турш хөгжиж ирсэн филантропи соёл нь тэдний хувьд амьдралынх нь нэг хэсэг болсон байдаг аж. Тиймээс америкчууд өглөгийн индексээр дэлхийн айрагддаг. Тэд хэдийгээр филантропийн олон жилийн түүхийг бүтээсэн хэдий ч өглөгч байдлаараа 2017 онд мъянмар, индонези, кени, шинэ зеландчуудыг гүйцээгүй байна. Харин таван жилийн дундаж өглөгийн индексээрээ мъянмарчуудын дараа хоёрдугаарт жагсчээ.

Монгол Улс өглөгийн индексээрээ 2017 оны байдлаар ч, мөн таван жилийн дунджаар ч тэр 29 дүгээр байрт жагссан байна. 

Тусламж, энэрлийн сан буюу CAF байгууллага энэхүү өглөгийн индексийг жил бүр гаргадаг юм. 2017 оны өглөгийн индексээс харахад барууны орнуудын өглөгийн индекс буурч Азийн улс орнуудынх нэмэгдсэн байна. Өглөгийн индексээрээ сүүлийн дөрвөн жил дэлхийд тэргүүлж байгаа Мъянмарын хувьд 2016-2017 онд улс төрийн тогтворгүй байдал үүссэн, рохинжа нарыг хоморголон устгах, ялгаварлан гадуурхах үзэл хэтийдсэнээс шалтгаалан тэд улс орноосоо дүрвэх болсон гээд халуун үйл явдлууд өрнөж, дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй билээ. 

Хэдий тийм боловч мъянмарчууд дэлхийн бусад улс орноос илүү өглөгч байна вэ гэвэл энэ нь тэдний шашин шүтлэгтэй холбоотой. Тус улсын хүн амын 80-90 хувь нь буддистууд. Буддын шашинт иргэдийнх нь 99 хувь нь Теравада урсгалыг баримтлагчид ажээ. Буддын шашны энэхүү урсгал нь өглөг, буяны үйлийг машид эрхэмлэдэг байна. 

Тиймээс мъянмарчуудын хувь хүн бүрийнх нь өдөр бүр үйлддэг жижиг буяны өглөг болон Америк болон Европ дахинд хэвшин тогтсон филантропи үйл ажиллагааны хооронд асар их ялгаа бий билээ.

Филантропийн залилан

Сайны хажуугаар саар гэдгийг филантропийн залилангаас харж болно. Дэлхий дээр олон зуун өгөөмөр сэтгэлтэн тэрбумтнууд төрөн гарч, хүмүүн төрөлхтний сай сайхны төлөө өглөг хандив өргөж, сайн сайхны төлөөх үйлст манлайлж, тэднээс хэд дахин олон буяны үйлстнүүд өдөр тутмын өглөгийг эрхэмлэн аж төрж байна. Гэвч филантропи үйл ажиллагааг амар хялбар ашиг олох арга хэрэгсэл болгож, бусдын сайхан сэтгэлийг ашиглагчид байдаг ажээ. Ийм луйврын жишээ гэвэл дэлхий дээрх хамгийн том ротари клубын сайн санааны үйлст зориулсан 350 мянган долларыг завшсан хэрэг гарч байжээ. Хариу нэхээгүй тусыг хар аминыхаа төлөө зориулдаг ийм залилан луйвар тасардаггүйн жишээ бол АНУ-ын ашгийн бус байгууллагууд жилд 40 тэрбум долларыг завшуулж, залилуулж байгаа статистик мэдээ юм. Америкчуудын ашгийн бус байгууллагад хандивласан хөрөнгийн 7-13 хувийг залиланд алдаж байгаа гэсэн тооцоо ч гарсан байна.

Бэлгийн морины шүдийг татдаггүй гэдэг шиг өглөг өгч, сайн үйлс хийж байгаа хүмүүс түүнийхээ араас шалгалт, хяналт тэр бүр тавьдаггүй. Гэтэл энэ сиймхий дээр луйвар, залилангийн сэдэлтнүүд “ажилладаг” байх нь. 
АНУ-ын хувьд филантропи үйл ажиллагааны залилангаас сэргийлэхийн тулд хандивлагчид өөрсдөө болон хууль тогтоогчид, хэвлэл мэдээллийнхэн, аудиторууд, түүнчлэн олон нийт хяналт тавих ёстой гэж үзэх болжээ. Гэвч ийм төрлийн залиланг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх гэдэг нь маш хэцүү, адармаатай гэдгийг ч хүлээн зөвшөөрдөг байна. 

Харин нөгөө талаар филантропи үйл ажиллагаа эрхэлж, татвараас хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж байгаа иргэн, байгууллагууддаа АНУ тодорхой шаардлага тавьдаг байна. Юуны өмнө филантропичдыг улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг хязгаарладаг аж. Тухайлбал, улс төрийн сонгуульд нэр дэвшигчийн кампанит ажилд ямар нэг хэлбэрээр оролцохыг хатуу хориглоно, хууль журам тогтоох ажиллагаанд идэвхтэй оролцож болохгүй гэх мэт. Хэрвээ улс төрийн ямар нэг ажиллагаанд оролцсон бол тэр тухайгаа IRS буюу татварын байгууллагад өгдөг жилийн тайландаа заавал мэдээлэх үүрэгтэй. Энэ бүхэн нь тухайн байгууллагыг хувийн ашиг сонирхол бус нийтийн тусын тулд үйлчилж байгааг нотлох зорилготой байдаг ажээ.

Монгол дахь филантропи

Монголд ашгийн төлөө бусаар ажиллахын ашиг тус юу вэ, ямар байгууллагыг ашгийн төлөө бус гэх, түүнийг хэрхэн нотлох вэ гэсэн асуултыг эрдэмтэд, судлаачид тавьж байжээ. Монгол Улс дахь филантропи хөгжих эрх зүйн орчин лав бүрдээгүй. Өөрөөр хэлбэл АНУ шиг сайн санааны хандив өгсөн иргэд, байгууллага татвараас хасалт хийлгэх хуулийн орчин байхгүй. Аль нэг байгууллага, сонирхлын бүлэг, хувь хүмүүсийн зүгээс энэ асуудалд анхаарч, албан ёсоор хүчин чармайлт гаргаж байгаа нь харагдахгүй байна гэж зарим судлаач дүгнэсэн нь бий. 

Нэгэнт АНУ-ыг филантропийн түүх болон өнөөгийн хөгжлийнх нь жишээ болгосон тул дахин тус улсын жишээг татахад тус улсын хэмжээнд 2013 онд өгсөн сайн санааны өглөгийн 72 хувийг хувь хүмүүс, 15 хувийг сангууд, 7 хувийг бэлэглэл, өв залгамжлалаар, 6 хувийг компаниуд өгч байжээ. Харин Монголд бол хандивын дийлэнхийг хандивлагч байгууллага, компаниуд өгдөг байна. Энэ мэтээр Монгол дахь филантропийн талаархи судлаачдын дүгнэлтийг цааш жагсаавал,

- Монголчууд буяны зориулалттай өглөгийг ерөнхийдөө гэр бүлийнхэндээ өгч ирсэн уламжлалтай. Өөрийн гэр бүлээс бусад хүмүүст зориулан буяны өглөг өгөх боломж, хүсэл эрмэлзэл нь хүн амын дундаж орлогын хэмжээнээс хамааралтай.

- Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 20 жилийн дараа л нийгмийн хариуцлагын ач холбогдлыг ойлгосон, энэ хариуцлагынхаа дагуу үйл ажиллагаа явуулдаг Монголын компаниуд бий болж эхэлж байна. Гэхдээ ийм компани төдийлөн олон биш байна.

- Монголд ажиллаж байгаа гадаадын компаниуд олон улсын хэмжээнд нийтлэг тогтсон чиг хандлагаар өөрийнхөө үйл ажиллагаатай холбогдох чиглэлээр хандив тусламж өгч байна.

- “Fluor”, GE, “Caterpillar” зэрэг компани хандивын үйл ажиллагаа эрхлэх тусгай сан байгуулж Монголын иргэд, байгууллагын хүсэлтээр дэмжлэг үзүүлдэг гэсэн ийм дүр зураг харагдаж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)