Холбогдсон цэгүүдийн тайлал

Л.Эрдэнэжаргал


Шар дэвсгэр дээрх ойрхон зайтай олон цэнхэр цэгүүд Д.Дуулал зураачийн шинэ үзэсгэлэнд тавигдах содон бүтээлүүдийн нэг. Түүний амьдрал ч яг энэ л бүтээл шиг тод өнгөн дээрх олон цэгээр хоорондоо холбогдож уран зургийн ертөнц тийш түүнийг чиглүүлсэн хувь тавилангийн өргүүд байжээ.

Woman in blue  /110*94/

Сургалтын жилийн талыг өвдөж өнгөрүүлдэг бяцхан охин дотоод ертөнцөө зургаар илэрхийлж, өнгө будгийг өөрийн найз болгожээ. Цаг хугацаа өнгөрч мэргэжил сонгох цагт зурганд илүүтэй суурилсан загвар зохион бүтээгч болох хүслээ эцэг эхийнхээ зөвлөсөн “чулуу” шиг мэргэжлээр сольсон нь эдийн засаг, санхүүгийн мэргэжил байсан гэдэг. 

Коллежид байх үедээ энэ бүх цэгүүдийн уялдаа холбоог ойлгож харах боломжгүй. Гэвч эсрэгээрээ 10 жилийн дараа бүх зүйл маш тодорхой, ойлгомжтой болж харагдсан юм... Тийм учраас чиний хийсэн зүйлүүд - тэр цэгүүд чиний ирээдүйтэй ямар нэгэн байдлаар холбогдож байдаг гэдэгт итгээрэй. 

Стив Жобсын илтгэлээс 

Д.Дуулал гэх содон нэртэй бүсгүй өнөө чулуу шиг хэмээн сонгосон мэргэжлээсээ тод өнгийг олж харсангүй, хүсэл мөрөөдөл нь ч түүнийг эргэн дуудсанаар уран зурагтаа буцаж ирснээр амьдралынхаа магадгүй хамгийн том, чухал цэгийг Монголын уран зурагт эхлэл болгон тавьж дээ гэж эрхгүй бодогдсон юм. 

Монголын урлагт нэрээ дархалж яваа зураач Л.Бумандорж, Ц.Нармандах нарын шавь болсон нь ч өнөө олон цэгийн бусдаасаа содон хоёр цэг биз. “Ийм гайхалтай багш нартай учирсан нь Д.Дуулал гэх хүний амьдралд тохиосон аз гэхээс хувь тавилан гэж би боддог. Магадгүй аз гэдэг хүний хувь тавилан гэдэгт багтдаг нэг зүйл. Үнэхээр зураач болохоор төрсөн учраас л авьяас, аз тохиож төөргөөрөө өнөөдөр зургаа зурж, түүнээсээ эрч хүч авч, баяр баяслыг мэдэрч, шинэ бүтээлийнхээ онгодыг олж авдаг” гэж нөхөр Б.Тамирынх нь хэлдэг ч учиртай. 

Flowers composition-4   /63*51/

Анх багштайгаа танилцаж, уулзахдаа л “Миний хором мөч бүр надад үнэтэй. Зураач болох замыг чин сэтгэлээсээ сонгож байвал багшилж болно” гэж Л.Бумандорж багшийнх нь хэлсэн үгс урлаг гэдэг дуртай хүн нь оролдож, хүссэнээрээ орж гарч болдог хялбар ертөнц биш гэдгийг далдуур хэлсэн үгс байжээ. Зураач болно гэдэг зөвхөн хүсэл байхад хангалтгүй тийм хатуу, басхүү ашиг хонжоо олохыг хүсэгчдэд бус өөрийн дотоод “Би”-гээ өнгөөр, зураасаар, бийрнийхээ хүрэлт бүрээр илэрхийлдэг хүмүүсийн дотоод ертөнцийн тольт тайз гэж тодорхойлоход хилсдэхгүй. Энэ тайз яг л жүжгийн тайз шиг үзэгчдийн нүд, сэтгэлийг тогшиж, тэдний хайрыг, харыг ч ил хүртдэг. Уран зургийн шударга тайзнаа Д.Дуулал бие даасан болон уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгээрээ өөрийгөө ахин дахин нээж, бас үзэгчдэд танигдаж л явна. 

                                                                                                                                                                                                         Woman in Yellow /110*94/

“Бийрээр татах ганц зурааснаас л хүний өөртөө итгэх итгэл хэр байгаа нь харагддаг. Өөртөө итгэх итгэл уран бүтээлч хүнд бас чухал гэдгийг ойлгосон” гэх Д.Дуулалын зургууд тод өнгөөр гэрэлтэх нь дотоод ертөнцийнх нь хурц гэрлүүдийн тусгал болж буусан өнгүүд гэлтэй. 

“Анхны зургуудын минь дийлэнх нь импрессионист маягтай байсан. Гэхдээ би хэзээ ч яг ийм урсгал чиглэлээр явна гэж боддоггүй. Шинэ бүхнийг туршиж, бусад зураачдын адил өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн урсгалыг бий болгохыг ч далдхан хүсдэг” гэх түүнийг Монголын урчуудын эвлэлээс 526 дахь гишүүнээрээ хүлээн авсан нь мэргэжлийн зураачид, урлаг судлаачдын шалгуурыг давсан авьяаслаг зураач гэдгийг хүлээн зөвшөөрсний батламж байлаа. 

                                                                                                                Still life of autumn  /99*51/

Дотоод мэдрэмж, хувь тавилан, заяа төөрөг юу ч гэж нэрлэсэн бай амьдралын чухал үед тавигдсан цэгүүд хоорондоо холбогдсоор. 

Тод шар өнгөн дээрх олон жижиг цэгийг Д.Дуулал зураачийн хувь тавилангаар төлөөлүүлэн харвал тэдний зарим нь чулуу шиг мэргэжлээс нь хөндийрүүлэхээр чангааж, чангаасан тэр цэгүүдийн араас мэдрэмжийг нь хөглөсөн зургийн дугуйлангаас сэтгэлээ хөглөсөн мөчүүд, тэр л гайхамшигт мөчид сэрсэн мэдрэмжээрээ жигүүрлэн дахиж санхүүгийн ажил хийхгүй гэж эрхэлсэн багахан зөрүүдэлт, түүнийхээ төлөө хийсэн алхмууд, бие даасан анхны үзэсгэлэн, тэгээд хоёр дахь, гурав дахь үзэсгэлэн, шинэ бүтээлийг нь чимэглэсэн өнгөлөг цэгүүдтэй нууцхан сэжмээр холбогджээ. Энэ цэгүүд түүний бүтээлээс халин хувь тавилан тийш нь залан хязгааргүйгээр үргэлжилсээр...

                                                                                                                                                                                                    Forms and shapes  /150*50/

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Loved woman in Yellow

    1 0 Хариу бичих
  2. Woow, Duulaldaa amjilt husyee, saihan yariltslaga bolson bn.

    1 0 Хариу бичих