О.Алтангэрэл: Оноож буй хариуцлага нь гаргасан зөрчилдөө тохирохгүй байна

Зөрчлийн тухай хуультай холбоотой асуудлаар хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.

“Зөрчлийн тухай хууль дотор зөрчил их байна” гэх шүүмжлэл гарах боллоо. Уг нь энэ хуулийг өмнөх парламент баталсан. Гэвч энэ удаагийн УИХ хэрэгжүүлэх хугацааг нь хойшлуулж дахин хэлэлцэж, алдаа оноог нь шүүж баталсан. Гэтэл одоо яагаад асуудал үүсээд байна вэ? 

Энэ бол хууль сайн хэрэглэгдэж байгаагийн шинж. “Үүнийг одоо яах вэ, яаж засах вэ” гэж ярьж байгаа нь сайн хэрэг. Цаашдаа улам сайжруулаад л явна. Одоогоос 20 жилийн өмнө манай их сургуульд Долгорсүрэн гэж багш Захиргааны эрх зүйн хичээл заадаг байсан юм. Багш маань “Манай улс ирээдүйд захиргааны төрөлжсөн хуулиудтай болмоор байгаа юм. Дээрээс нь, Захиргааны хариуцлагын тухай хуулиа шинэчлэх юмсан” гэж ярьж байсан нь тод санагдаж байна. Шинэчлэн баталсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлээд жил болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд олон эрдэмтэн судлаач, хуульчдын хүслэн болж байсан хуулиуд л даа. Эрүүгийн хуультай холбоотой шүүмжлэл гарч байгаа ч одоо энэ тухай ярихад арай эрт байна. Зөрчлийн хуульд шүүмжлэл байхаас аргагүй. Энгийн үгээр тайлбарлавал, нэг хууль батлахдаа ард нь хариуцлагын заалтуудыг нь оруулж баталдаг байсан. 1997 онд батлагдсан хуулиар 2013 онд ноцтой зөрчил гаргасан хувь хүнийг 50 000, аж ахуйн нэгжийг 250 мянган төгрөгөөр торгох жишээний. 250 мянган төгрөг байтугай, 25 сая төгрөгөөр торгосон ч багадахаар зөрчил дээр ийм торгууль тавьдаг байсан. Мөн хаана ямар хариуцлага байгаа нь мэдэгдэхээ больсон. Хууль бүрийн ард тавьсан хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагууд нь ямар ч нэгдсэн стандарт байхгүй, яаж мөрдөх нь тодорхойгүй байлаа. Тиймээс шинэчлэх зайлшгүй шаардлагатай байсан юм. Зөрчлийн хууль бол төгс сайн хууль биш. Харин маш олон зөрчлүүдийг нэгтгэсэн том хууль гэдгийг ойлгох ёстой. Санхүүгийн зохицуулах хороо Зөрчлийн хуулийн дагуу хэрэг шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байхад цагдаагийн байгууллага бас ийм үйл ажиллагаа явуулж байх жишээтэй. Янз бүрийн эрх бүхий байгууллага Зөрчлийн хуулиар арга хэмжээ авдаг, шүүх дээр очиж давж заалддаг өвөрмөц тогтолцоо бий болчихоод байна. Эрүүгийн хуулиас бусад бараг бүх хуулийн хариуцлагын тогтолцоог багтаасан энэ хууль ямар хэмжээний том хууль байх нь ойлгомжтой. Энэ том хуулийг хэрэгжүүлэхэд эргэж харах асуудал зайлшгүй гарч л таарна. Тиймээс одоо асуудал нь яригдаад эхэллээ. 

Тухайлбал, ямар асуудлыг эргэж хармаар байна вэ?

Практикт ажилладаг хуульч хүнийхээ хувьд хэлэхэд, Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авч байгаа процессыг анхаарч үзэх хэрэгтэй. 14 хоногийн хугацаанд асуудлыг шалгаж шийдвэрлэдэг. Энэ хугацаандаа багтахгүй байх тохиолдол бий. Олон субъект энэ зөрчил мөн үү, биш үү гэдгийг тогтоож арга хэмжээ авдаг учраас үндэслэлтэй, үндэслэлгүй шийдвэр их гарч байна. Тухайлбал, гэр бүлийн гишүүнийхээ эсрэг хүч хэрэглэсэн, эсвэл тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардаж эрхэнд нь халдсан тохиолдолд баривчлах арга хэмжээ авч байгаа. ШШГЕГ-ын харьяа баривчлах төв дээр очвол залуучууд хэдэн зуугаараа хоригдож байна. Согтууруулах ундаа хэрэглэснээс болоод гэр бүлийн маргаан гаргахад нь цагдаа дуудахад л бариад хорьчихож байна. Хамгийн багадаа долоо хоног хорих ёстой. Гэхдээ долоо хоног хорихгүй 10-30 хоног хорьж байна. Ийм байдал нь хэд хэдэн удаа давтагдсан хүмүүс ч бий. Хичээлээ хийхгүй байгаа хүүхдээ ороолгож байгаад баригдаад оччихосон аав ч байсан. Гэхдээ би хүчирхийлэл зөв гэж хэлээд байгаа юм биш шүү. Оноож байгаа хариуцлага нь тухайн зөрчилдөө тохирсон байх ёстой. Үнэхээр ийм зөрчил гаргасан байна уу, үгүй юү гэдгийг тогтоодог процесс нь нарийн байх хэрэгтэй. Одоо бүр сүүлдээ өмчийн маргааныг шийдвэрлэхэд үүнийг ашиглаж байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь дуудлага өгч хориулаад “Энэ хүн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Тиймээс хүүхдүүдээ авна. Хөрөнгөө авна” гээд гэр бүлийн маргаанаа эцэслэн шийдвэрлүүлж байна.

Зам тээврийн осолтой холбоотой асуудал бас их маргаан дагуулж байна?

Зам тээврийн осол хамгийн их яригдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор торгуулийн орлого эрс нэмэгдсэн. Зөрчил гарсан л бол цагдаа оноог нь хасаад торгож байгаа. Тухайн жолооч давхар давхар хариуцлага хүлээж байгаа гэсэн үг. Түгээмэл яригдаж байгаа асуудал нь энэ боловч салбар тус бүрт асуудал бий. Гэхдээ буцаад бүх хуульдаа зөрчлийн заалтуудыг нь оруулаад явна гэж байхгүй. Сайн, зөв хэрэгжүүлбэл Зөрчлийн хууль нийгэмд Эрүүгийн хуулиас ч илүү нөлөө үзүүлнэ. Нийгмийн хэв журам, харилцааг хамгаалах сайн хууль. Зарим хүн “Жижигрүүлсэн Эрүүгийн хууль боллоо” гэж шүүмжилж байгаа. Энэ бол буруу ойлголт. Эрүүгийн хуулийн дэргэд хавьгүй том хүрээ хязгаарыг зохицуулж байгаа хууль. Хүн өдөр болгон гэмт хэрэг хийнэ гэж байхгүй. Харин өдөр тутмын ажил, бизнесээ хийхдээ хууль зөрчиж магадгүй. Энэ зааг дээрх үйл ажиллагааг Зөрчлийн хуулиар зохицуулж байгаа.

Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт амьдралын байдал, орлого нь ч харилцан адилгүй хоёр хүн яг адилхан зөрчил гаргахад торгуулийн хэмжээ адилхан байна. Энэ буруу гэсэн шүүмжлэл гараад байх юм. Үүнийг ялгаатай тогтоох боломж байдаг юм уу?

Хариуцлага тооцохдоо хүлээлгэх хариуцлагын сонголтын асуудал яригдаж байгаа юм. Хариуцлага, торгуулийн хэмжээг багаас их рүү холдуулж болно л доо. Хариуцлагыг тооцох шийдвэр гаргаж буй эрх бүхий албан тушаалтан тухайн заалтыг хэрэглэхдээ хариуцлага, торгуулын хэмжээг сонгох эрхийг нээж өгч болно. Үүнтэй холбоотой шүүмжлэл гарч байгаа нь гарцаагүй үнэн. Тухайлбал, орон нутагт гурил будаагаа дөхүүлэх гээд явж байгаа малчин, бизнес хийгээд хотын гудамжаар үнэтэй машинаа унаад явж байгаа хүн адилхан зөрчил гаргасан тохиолдолд яг адилхан торгууль тавьж байна. Гэхдээ бид эрх тэгш гэдэг зарчмыг маш сайн бодох хэрэгтэй. Хүн амины хэрэг хийсэн хүнийг “Энэ ядуу юм хөөрхий хоёрхон жилийн ял өгье. Энэ баян юм чинь таван жилийн ял өгье” гэсэн ойлголт байдаггүй. Харин тухайн нөхцөл байдалд арга хэмжээ авах хариуцлагын хэмжээнийх нь зөрүүг ихэсгэж болох юм. Түүнээс биш хот, хөдөө, бүс нутгаар нь ялгах ямар ч боломж байхгүй. 

Зөрчлийн тухай хуулийг иргэдэд хэр зэрэг сайн сурталчилсан гэж бодож байна вэ?

Тамхи татахаас эхлээд зөрчил гаргасан хүн бүр энэ хуулиар хариуцлага хүлээнэ. Маш нарийн хууль гэсэн үг. Харамсалтай нь иргэд Зөрчлийн хууль гэж ямар хууль байгааг мэдэхгүй, ойлгохгүй байгаа. Мэдээлэл, сурталчилгаа сайн хийхгүй байсаар жилийн хугацаа өнгөрлөө. Хуульчид гээд мэргэжлийн хүмүүс мэдэж байна. Улстөрчид, сэтгүүлчид жаахан гадарлаж байна. Иргэд “Намайг цагдаа дээр дуудаад байна. Хэрэг үүсгэчихэж” гээд ярьж байгаа. Очихоор нь Зөрчлийн хуулиар асуудал үүсгэчихсэн байгаа. Зөрчил гэдэг нь гэмт хэргээс хэр ялгаатай, ямар байдлаар хариуцлага хүлээлгэдэг гэдгийг нийгэмд сайн ойлгуулах шаардлагатай байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)