Зөрчилтэй Зөрчлийн хууль

С.Сосоржав


“Зөрчлийн хууль өөрөө зөрчилтэй байна” хэмээн Зөрчлийн хуулийг баталсан УИХ-ын гишүүд хэлж байна. 

УИХ-ын чуулган завсарлаж гишүүд тойрогтоо ажиллаж байна. Тойрогтоо ажиллаж байгаа гишүүдэд иргэд олон асуудал тавьж байгаагийн нэг нь Зөрчлийн хууль аж. Яагаад вэ?

Юун түрүүнд Зөрчлийн хуулиар оноосон торгуулийн хэмжээ эрс нэмэгджээ. Зөрчлийн хуулиас өмнө мөрдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулиар иргэнийг 50 000 хүртэлх төгрөгөөр, байгууллага аж ахуйн нэгжийг 50,000-250,000 төгрөгөөр торгох заалттай байсан. Харин Зөрчлийн хуулиар торгуулийн хэмжээ иргэнийг 10-20 мянган торгуулийн нэгж буюу 10,000-20,000,000 төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 100-200,000 торгуулийн нэгж буюу 100,000-200,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар хуульчилсан билээ.
Энэхүү торгуулийн хэмжээ нийт иргэдэд хүндээр тусч байгаагаас гадна шийтгэлийн хэмжээг яг таг тогтоосонтой холбоотойгоор суманд үйл ажиллагаа явуулдаг болон жижиг хуулийн этгээдэд оногдуулахад хүндээр тусч байна гэдгийг иргэд байнга хэлж байгаа аж. Тухайлбал, сумандаа айраг уугаад мотоцикл унасан залуу, нийслэлд согтууруулах ундаа хэрэглээд автомашин барьсан жолооч хоёрт оногдуулах шийтгэл ижил буюу 400 мянган төгрөг байгаа нь шударга ёсонд нийцэх үү хэмээн асууж байгаа гэнэ. Баян-Өлгий аймгийн захын суман дахь өдрийн 10 мянган төгрөгийн орлоготой ТҮЦ, нийслэлийн ТҮЦ-нд ногдуулах торгуулийн хэмжээг хууль тогтоогчид харьцуулж үзэх ёстой байсан гэнэ. 
Шийтгэл давхардаж байгаа асуудал хуулийн практикт байх ёсгүй гэж хуульчид хэлдэг. Гэвч согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоо барих эрхийг хасч, дээрээс нь 400 мянган төгрөгөөр торгож байгаа нь нэг зөрчилд давхар шийтгэл оноож байгаа хэрэг болж таарч байна.

Тоо баримт: Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөж эхэлсэн 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш буюу өнгөрсөн оны сүүлийн хагас жилд энэ хуулиар 592 742 зөрчилд 571 475 хүн, 114 хуулийн этгээдэд 19 тэрбум орчим төгрөгийн торгох, 11 808 эрх хасах, 4337 хүнд баривчлах шийтгэл оногдуулсан байна. Энэ оны нэгдүгээр сарын мэдээгээр 105 072 зөрчил бүртгэгдэж, үүнээс 103 564 зөрчлийг шийдвэрлэж, шийдвэрлэсэн зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.7 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Өнгөрсөн сард 3 тэрбум орчим төгрөгийн торгууль ногдуулж, шүүхийн шийдвэрээр 703 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ.

Хуульч О.Алтангэрэл

Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авч байгаа процессыг анхаарч үзэх хэрэгтэй. 14 хоногийн хугацаанд асуудлыг шалгаж шийдвэрлэдэг. Энэ хугацаандаа багтахгүй байх тохиолдол бий. 

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганболдын хэлснээр улсын хэмжээнд 2018 оны нэгдүгээр сард 103 564 захиргааны зөрчил шийдвэрлэснээс 366 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэж үзэж, зөрчил гаргасан 8 хүнд торгох, 358 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан байна. Үүнээс харвал нэг сарын хугацаанд 358 хүнийг хамгийн багаар бодоход долоо хоног баривчилжээ. Тодруулбал, Зөрчлийн тухай хуульд “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулах 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан. Гэр бүлийн хүмүүсийн хэн нэгнийг ингэж баривчлах нь гэр бүлийн салалтыг нэмэгдүүлж байна гэх яриа ч гарчээ. 

Учир нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эхнэр нь буцаад нөхрөө суллуулахаар хөөцөлдөх буюу “хохирогч” биш болох, түүгээр ч барахгүй баривчлуулж баривчлагдсан гэр бүлийн харилцаа үзэн ядалт, дайсагналцал болоход ойрхон байдаг бололтой.

Тиймээс хуулийн энэхүү хэсэгт анхаарал хандуулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол торгох эсвэл албадан сургалтад хамруулах зэргээр шийтгэлийг өөрчилж болох санал гарч байгаа аж. 
Иргэдээс гадна уг хуулийг газар дээр нь хэрэгжүүлж буй цагдаагийн алба хаагчид, прокуроруудад ч бас зөрчил тохиолддог гэнэ. Зарим нэгээс дурдвал, дижитал хэрэгсэл ашиглан, дүрс бичлэг, дуу бичлэг хийх, гэрэл зураг авах зэргээр зөрчлийг баримтжуулчихаад байхад Прокурорын зүгээс зөрчил илрүүлсэн тухай, оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан тухай, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх тухай заавал цаасаар хөтөлж, баримт бүрдүүлэхийг шаардаж байгаа нь цаг, мөнгө үрж, хүнд суртлыг нэмэгдүүлж байгаа гэнэ. Учир нь хуульд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг тодорхой журамлаж өгөөгүй юм байна.

300 мянган төгрөгөөс доош үнийн дүнтэй хулгайн хэрэг Зөрчлийн хуулиар шийдэгддэг. Энэ нь хулгайчдыг өөгшүүлж байгааг ч тодотгоё. 

Нийт хулгайчдын 46 хувь нь оршин суух тодорхой хаяггүй хүмүүс байдаг гэх мэтчилэн мэргэжлийн байгууллагын санал сэтгэгдэл ч олон байна. Ийнхүү Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэхэд зөрчил гарч байгаа тул УИХ-ын зарим гишүүн хуулийн цоорхойг нөхөх төсөл боловсруулах ажлын хэсгийг хаврын чуулганаар байгуулах санал ч гарчээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

Төгс хууль, мөнх амьдрал гэж байхгүй. Нийгмийн харилцаатай зохицохгүй, цоорхой хийдэлтэй бол байнгын ажиллагаатай парламент засч залруулах ёстой.

Тоо баримт: Нийт бүртгэгдсэн зөрчлийн 87.3 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн гэж бүртгэгджээ. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, хулгайлах төрлийн зөрчлүүд багагүй хэсгийг эзэлж байна. Хуулийн эерэг талаас нь харвал замын хөдөлгөөний зөрчил багассан, улсын төсөвт хууль хэрэгжсэнээс хойших найман сарын хугацаанд 22 тэрбум төгрөгийн орлого оржээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. zurchliin huul ard bidend ahadjee

    0 0 Хариу бичих
  2. orlogo oloh gej huuli gargasan yumuu ? offshore dansand aldsan munguu bidnees avah geed bgaa yum uu

    0 0 Хариу бичих