Дөрвөн том төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байна гэв

Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 74, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 , улсын төсвийн орлогын 25 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байна. Энэ нь уул уурхайн салбарын уналт, сэргэлтээс хамааралтай “эмзэг” эдийн засагтай гэх шүүмжлэл хүлээж буй. Гэхдээ энэ салбарын хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгож, хөрөнгө оруулагчдыг татах шаардлага бий.

Тиймээс  Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам “Монголын эрдэс баялаг-уул уурхай 2018” чуулга уулзалт Төрийн ордонд зохион байгуулж байна. Хөрөнгө оруулалтын орчин, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, төсөл, хөтөлбөрөө сурталчлах зорилгоор зохион байгуулж буй энэ чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх юм.

Салбарын яамнаас дөрвөн том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа аж. Тухайлбал, “Уул уурхай, металлургийн цогцолбор” төслийг Дарханы Төмөрлөгийн үйлдвэр хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ төсөлд ойролцоогоор 700 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн. Төсөл хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний үе шатны уул уурхайн салбарын бүтээн байгуулалт хийгдэж дуусчээ. Одоо төслийн хоёрдугаар үе шатны бэлтгэл ажлуудыг хангахаар ажиллаж байгаа аж.

Харин гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг 2025 он хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Мөн “Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр” төслийг “Бэрэн групп” ХХК хэрэгжүүлэх бөгөөд 24.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай  бол зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төсөлд 2,1 тэрбум төгрөг, Нүүрснээс шингэрүүлсэн хий гаргаж авах төсөлд 2,5 тэрбум ам.доллар шаардлагатай аж.

Чуулга уулзалтад БНХАУ, ОХУ, Казахстан, Вьетнам, Канад зэрэг 10 гаруй орны төлөөлөгч оролцож байна. Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нээж “Уул уурхай бол нийгмийн дэмжлэг, аж ахуйн нэгжийн идэвхтэй үйл ажиллагаа, хөрөнгө оруулагчдын итгэл дээр тогтдог эмзэг салбар бөгөөд салбарын бодлого чиглэлийг зөв тодорхойлох, эрх зүйн орчныг ойлгомжтой, тогтвортой байлгах, мэдээллийн ил тод байдлыг хангах, иргэд олон нийтэд зөв ойлголт өгөх, бүх түвшинд нээлттэй хамтран ажиллах нь чухал билээ. Миний бие хөрөнгө оруулалтыг дэмжих замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч байгаа бөгөөд эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчидтай нээлттэй хамтран ажиллах зарчмыг баримталж байна” гэдгийг онцлов.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)