Тэвчиж чадамгүй гачигдал- усгүй амьдрал

А.Анар-Эрдэнэ


Дэлхий нийтийн өмнө энэ зуунд болоод ирэх зуунд тулгамдах тэргүүлэх гурван асуудал нь ус, эрчим хүч, хүнсний нөөцийн хомсдол юм. 1950 онд 2.5 тэрбум байсан дэлхийн хүн ам хагас зууны дотор бараг 3 дахин өсч 7 тэрбум болжээ.  Хүн амын даац хэтрэх гэдэг аюулаас өмнө бидэнд хоол хүнс, ус, тэдгээрийг боловсруулах эрчим хүчний асуудалтай нүүр тулгарах болно гэдгийг эрдэмтэд анхааруулдаг. Амьд биетийн нэн чухал хэрэгцээний нэг болох усгүйгээр бид хэр удаан амьдарч түүнийг юугаар орлуулах вэ? Усыг орлуулах зүйлийг бүтээхээс илүүтэй бид яг одооноос эхлэн усны хэрэглээ, хяналтгүй зарцуулалтандаа анхаарах хэрэгтэй байгаа билээ.

Олон улсын судалгааны дүнгээр Монгол Улс усны нөөц багатай орны тоонд буюу дэлхийн 173 орноос 104-т оржээ. Гэтэл усны нөөц багатай хэрнээ унданд хэрэглэдэг цэвэр усаа 00-руугаа урсган цэвэрлэдэг манайх шиг улс цөөхөн үлдсэн.

Монгол улсын усны нөөц                           21035.4 сая м3

Газар доорх усны нөөц                              3062.1 сая м3

Гадаргын усны эх үүсвэр болсон              323 гол

                                                                     717 булаг шанд

                                                                     286 нуур цөөрөм хатаж ширгэсэн байна.

Монгол Улсын гадаргын усны ашиглалтын 0.4%-ийг хүн амын унд, ахуйн хэрэглээнд үлдсэн 99.6%-ийг үйлдвэрлэл үйлчилгээнд ашигладаг гэсэн тооцоог Үндэсний Статистикийн хорооноос гаргажээ. Харин газар доорх ус ашиглалтын 99.2 хувийг үйлдвэр үйлчилгээнд, үлдсэн 0.8-хан хувийг хүн амын унд, ахуйн хэрэглээнд ашигладаг аж. Усны нөөцийг ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус  ашиглахад “ус ашигласны төлбөр”-ийг төлнө гэж Усны тухай хуульд заасан байдаг. Харамсалтай нь хамгийн их ус хэрэглэдэг үйлдвэр, үйлчилгээний газруудын “ус ашигласны төлбөр” маш бага байдаг.

Засгийн газрын 2009 оны 350 дугаар тогтоолд зааснаар 1 м3  ус ашигласны төлбөрийг  Ашигт малтмал олборлох, баяжуулах, зэсийн баяжмал, хайлуур жонш баяжуулахад 150 төгрөг, орон сууцны иргэд 319 төгрөг, аж ахуйн нэгжид 852 төгрөг байдаг.                                                                                                           Усны тухай хууль

 

Ус манай улсын стратегийн үнэт баялаг. Усны засаглал гэдэг бол том хүрээний асуудал. Үүнийг хамгийн товчоор хэлэх юм бол бидний л оролцоо. Усыг орлого болгоод бизнест ашиглах шиг амархан зүйл байхгүй. Энэ бол цахилгаан, замаасаа илүү. Гэтэл бидний мэргэжлийн хүмүүсийн хувьд болгоомжлол байдаг. Ус бол орлого олох, бизнес болгох хэрэгсэл биш" хэмээн Монгол Улсын зөвлөх инженер Ц.Бадрах хэлжээ.

Усны  зөв зохистой, үр ашигтай  хэрэглээ гэдэгт алдагдалгүй,  хэмнэлттэй,  бага  бохирдуулан,  дахин ашиглах  зарчим  багтдаг байх ёстой. Энэ талаар төрөөс баримтлаж буй бодлого, авч хэрэгжүүлж буй дорвитой арга хэмжээ алга. Утааг бид аюулын түвшинд авч үзэн түүнээс гарах аргыг гэр хорооллын дахин төлөвлөлт гэж үзэж буй. Үнэндээ усны нөөц жилээс жилд хомсдож буй нөхцөлд иргэдийг орон сууцжууллаа гэхэд усны нийлүүлэлтийг хангаж чадахгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байна. Иргэдийн орон сууцжууллаа гэхэд одоогийн усны хэрэглээг тэр хэмжээгээр нэмэгдүүлэх хэрэгтэй болно.  Тэр цагт нэмэгдсэн хэрээр усны нөөц хүрэлцэхгүй гэдэгт асуудлын гол бий.
усны нөөцөө нэмэгдүүлж чадахгүй бол хэрэглээгээ ухаалаг болгох, хэмнэлтийн горимд шилжих, дахин ашиглах зэрэг асуудлаар иргэдэд тодорхой ойлголт өгөх, иргэдийн оролцоог хувь нэмрийг нэмэгдүүлэхээс гадна усны үнийн асуудлыг ч эргэн харах шаардлагатай байгаа юм.

Ус хэмнэх энгийн аргууд

  • Шүдээ угаасны дараа амаа зайлахдаа аяга ус хэрэглэх  - ингэж заншвал жилд 9100 л ус хэмнэнэ
  • Шүршүүрт орохдоо биеэ савандах үедээ усаа хааж байх
  • Аяга тавгаа угаахдаа усаа саванд тосч угаах
  • Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа сайтар үрж зүлгэхдээ усаа хааж бай. Дараа нь цэвэр усаар зайл
  • Хүнс ногоо угаасан усаа битгий асга, түүгээр гэрийнхээ цэцэг ногоог усла
  • Өндөг чанасан усаараа цэцгээ усалж бай. Өндөгний хальсны минералууд цэцгэнд сайн нөлөөтэй
  • Ус дусалж байгаа крантуудыг хаах Эвдэрхий цоргоор дуслах ус жилд 4680 л болдог
  • Энгийн татуургатай бочки 8-9 л усыг нэг таталтаар урсгадаг бол харин 6/3 гэсэн хосолсон почки нь усаа хагас болон бүтнээр нь татдаг. 
Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ХАМГИЙН ТОМ ЦЭВЭР УСНЫ ЭХ ҮҮСВЭР ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС УРСАН ГАРЧ БУЙ ЭГИЙН ГОЛ ДЭЭРЭ ХИЙМЭЛ УСАН САН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ТУУЛ ГОЛ ДЭЭРЭЭ МӨН ДАЛАН БАРИХГҮЙ БОЛ 10 ЖИЛИЙН ДАРАА УБ ХОТ УСНЫ ГАЧААЛД ОРНО

    1 0 Хариу бичих