Морин хуурын олон улсын наадам ирэх долдугаар сард болно

Дэлхийн Морин хуурийн холбооноос Морин хуурын олон улсын VI наадмыг ирэх долдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ. Энэхүү уралдаан нь хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний шат нь долдугаар сарын 1-нд Улсын филармонийн концертын их танхимд болох юм байна. Оролцогчид эхний шатанд "Дөрвөн цагийн эргэлт", "Уулган шарын явдал" уртын дууг төрийн шагналт, ардын жүжигчин Г.Жамъян, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Довчин нарын тоглосноор хуурдаж үзүүлэх аж. Харин хоёрдугаар шатанд шалгарсан морин хуурчид ардын жүжигчин Ц.Батчулууны хуурдсан монгол ардын бэсрэг уртын дуу "Мандал Жуужаа", соёлын тэргүүний ажилтан М.Ганболдын тоглосон Баруун Монгол татлага "Балчин хээр"-ийг хуурдах юм байна. Уралдаанд оролцох сонирхолтой хуурчдыг ирэх тавдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 25-ны хооронд бүртгэхээр болжээ. Улаанбаатар хотоос оролцогчдыг "Эгшиглэн" хөгжмийн зэмсгийн дэлгүүрт бүртгэх бол орон нутгаас оролцогчид [email protected] хаягаар бүртгүүлэх ажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)