Д.Трамп, В.Путин нар удахгүй уулзах талаар ярилцжээ

А.Санчир


АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай утсаар ярьж, ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж, хоёр улсын ажил хэрэгч хамтын ажиллагаа, Сири болон Украйны асуудлаар санал бодлоо солилцсон тухай бид өмнө нь мэдээлсэн.

Хоёр ерөнхийлөгч утсаар ярихдаа хөндсөн асуудлуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг Кремлийн хэвлэлийн албанаас гаргажээ. Уг мэдэгдэлд АНУ-ын талын санаачилгаар хоёр улсын ерөнхийлөгч утсаар ярьсан гэжээ. Хоёр тал олон салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, стратегийн тогтвортой байдлыг баталгаажуулах, терроризмд цохилт өгөх асуудлаар ерөнхийлөгч нар ярилцжээ. Тухайлбал, зэвсгээр хөөцөлдөхийг зогсоохын төлөө хамтдаа хичээн зүтгэнэ гэж хоёр тал бас цохон тэмдэглэсэн байна.

Тэд хоёр талд харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, мөн хоёр улсын ерөнхийлөгчийн уулзалтыг удахгүй зохион байгуулах асуудлыг ярилцжээ. Мөн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал тавьж буйгаа илэрхийлж, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар ярилцжээ.

Кремлийн ордон энэ яриаг бүтээлч чанартай, ОХУ, АНУ-ын харилцаанд хуримтлагдсан асуудлыг шийдэхэд нэмэр болно хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

В.Путин. Д.Трамп нар хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Вьетнамд болсон АПЕК-ийн уулзалтын үеэр уулзсан юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)