Тогтвортой хот суурин ба ой-Хүүхэд залуучуудын оролцоо” зөвлөгөөн болж байна

Дэлхийн ойн өдрийг “Ой ба тогтвортой хотууд” уриан дор энэ жил дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Энэ хүрээнд БОАЖЯ, Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөр, МУИС, Багшийн мэргэжил дээшлүүлэх инстутит, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв, Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран “Тогтвортой хот суурин ба ой-Хүүхэд залуучуудын оролцоо” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Хоёр өдөр үргэлжлэх уг арга хэмжээнд 21 аймаг, нийслэл, дүүргийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Боловсролын соёлын газар, МУИС-ийн эрдэмтэд, оюутнууд болон ЕБС-ийн багш сурагчдын төлөөлөл бүхий 200 орчим хүн оролцож байгаа аж.

Эхний өдөр буюу өчигдөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын авъяас чадварыг нээж, тэднийг байгаль хамгаалахад оруулах хувь нэмрийг дэмжих, өөрийн оронд төдийгүй олон улсад таниулах зорилгоор “Тогтвортой хот суурин ба ой-Хүүхэд залуучуудын оролцоо” сэдвийн хүрээнд гэрэл зургийн болон нийтлэлийн 3 үе шаттай уралдааныг орон даяар зарлаж байгаа бөгөөд уралдаанд шалгарсан гэрэл зураг болон нийтлэлийн бүтээлийг ОУ-ын “Байгаль орчны залуу сурвалжлагч” уралдаанд явуулах ажээ.

Мөн  Чингэлтэй дүүргийн 17-р сургууль, БЗД-ийн Амгалан цогцолбор сургууль, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р сургуулиудад “Бичил ойн загвар – Tiny forest” хөтөлбөрийг эхлүүлэхээр боллоо.

Түүнчлэн арга хэмжээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр 21 аймаг, нийслэл, дүүргийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Боловсролын соёлын газрын төлөөллүүдэд ахисан төвшний “UN-REDD ACADEMУ” сургалтын МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн эрдэмтэд зохион байгуулна.

Цаашид ОУ-ын экосургууль хөтөлбөр хэрэгжиж байгаа сургуулиудын 1000 орчим багш, сурагчдад “REDD+Хүүхэд, залуучуудын Академи” сургалт зохион байгуулагдах аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)