Alivemax нь биологийн идэвхит бүтээгдэхүүн биш, усанд найруулж уудаг жимсний охь

А.Анар-Эрдэнэ


Хүний биеийн эст 2 секундэд нэвтрэн үр дүнгээ өгдөг, биологийн идэвхит бүтээгдэхүүн хэмээн сурталчилж байсан Alivemax нь үнэндээ жимсний охь буюу найруулж уух зориулалттай хатаасан жимс байжээ. Дөрвөн төрөл бүхий Alivemax цацлагыг : 

  • 100% байгалийн энергиэр хангана
  • Дааврийн өөрчлөлтийг засна
  • 1,2,3-р зэргийн үргүйдлийг эмчилнэ
  • Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн хам шинж- эрчүүдийн түрүү булчирхай үрэвслийг эдгээнэ
  • Бэлгийн замын халдварт өвчин, бэлгийн сулралыг эмчилнэ
  • Арьс өнгөний эмгэг, арьсны цайралт, үлд зэргийг бүрэн эмчилнэ
  • Хоргүй хавдарыг шимэгдүүлнэ
  • Ургацаг, уйланхай, мөөгөнцөрийг арилгана гэх зэргээр сурталчилж зардаг сүлжээ, борлуулалтын цэгүүд олон байдаг. 

Тэгвэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Alivemax гэх цацлага нь сурталчлан борлуулж байгаа шиг нь эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүн биш, харин хүнсний бүтээгдэхүүн гэдгийг тайлбарлалаа. Үүгээр ч зогсохгүй тус бүтээгдэхүүнийг эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн мэтээр иргэдэд ойлгуулж, төөрөгдүүлж байгаа нь Монгол Улсын Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудын тодорхой заалтуудыг зөрчиж байна гэж анхаарууллаа. Alivemax-ын цацлагыг хэрэглэснээр хүүхэд болон насанд хүрэгчидэд эерэг үр дүн гарч, саажилттай хүүхэд хөлд орсон гэх зэргээр иргэдийг төөрөлдүүлсэн зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр цацдаг.

Үнэндээ Alivemax нь  жимсний охь буюу хүнсний бүтээгдэхүүний ангилалд ордог тухай тодорхойлолтыг Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргажээ. Энэхүү бүтээгдэхүүн нь жимсний болон хүнсний ургамлуудыг хүнсний тэжээллэг чанарыг нь хадгалахын тулд зориулалтын дагуу боловсруулан хатааж, нунтаглаж шингэн хэлбэрт оруулан савласан аж. Эдгээр цацлагыг шууд хэрэглэх болон усанд найруулан уух зориулалттай. Тиймээс ч хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл цацаж байгаа тул Alivemax бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг иргэд, сүлжээ, төвүүдийг  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалган зохих арга хэмжээ авч ажилласан гэдгээ мэдэгдлээ.

Alivemax бүтээгдэхүүний үнэ чамгүй үнэтэй байдаг. Тухайлбал 4 төрлийн цацлагыг хамтад нь хямдруулан зарж буй үнэ нь 300 000 төгрөг байдаг.

Хэрэглэгчид, иргэд энгийн хүнсний бүтээгдэхүүнийг эм бэлдмэл мэтээр худлаа сурталчилж буй реклам сурталчилгаа, сошиал сүлжээгээр цацагдаж буй хүмүүсийн мэдээлэлд итгэж өндөр үнээр баталгаагүй эм, бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулья.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. malnuudiig mallahad amarhaan

    0 0 Хариу бичих