Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг хэлэлцэнэ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам батлах тухай, УИХ-ын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43-р тогтоолыг хэрэгжүүлэх талаар нутгийн захиргааны байгууллагуудаас зохион байгуулж буй ажлын явцын тухай, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын зорилтот түвшинг тогтоох тухай, Нийслэлийн “Шилдэг хороо-2018” шалгаруулах болзолт уралдааныг зохион байгуулах тухай, Нийслэлийн хэмжээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам батлах тухай асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн дэмжиж НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Журмын зорилго нь худалдаа үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, хориглох зүйл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүрэг болон зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны чиг үүрэг хариуцлагыг тодорхойлж, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэлжүүлж хамтран ажиллах гэрээ байгуулах, түргэн үйлчилгээний цэгийг ажиллуулах, хяналт тавих харилцааг зохицуулахад оршиж байна. Энэхүү журмыг шинэчлэн боловсруулснаар мэдээллийн нэгдсэн санг дүүрэг тус бүрээр бүрдүүлж иргэдэд нээлттэй болгож, олон нийтийн сэтгэлд нийцсэн, чанартай, стандарт үйлчилгээг богино хугацаанд, төвөггүй, зөв сонгох боломж бүрдэх, нийслэлийн худалдаа үйлчилгээний чанарыг олон улсын жишгийн дагуу сайжруулах, үйлчилгээний салбарт доголдож буй дутагдал, зөрчлийг арилгах, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгох зэрэг ач холбогдолтой юм.

Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны долдугаар тогтоолоор батлан мөрдөж ирсэн. Гэтэл энэ журам нь 2016 онд Захиргааны ерөнхий хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэгдээгүйгээс эрх зүйн чадамжгүй болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)