Зээлийн мэдээлллийн санд 41085 иргэний мэдээллийг тусгахгүй

2018 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй буюу үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй бол Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгагдахгүй байхаар болжээ. Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар нийт 41085 иргэний мэдээлэл дээрх нөхцлийг хангаад байна.

Монголбанк өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 10-нд 25621 зээлдэгчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар зохицуулсан. Тус зохицуулалтад

-Анх авсан зээлийн хугацаа нэг жилээс илүүгүй буюу зээлийн гэрээ нь нэг жил хүртэлх хугацаагаар байгуулагдсан

-Мөн хугацаанд олгогдсон зээл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй

-Зээлдэгч нь зээлийн түүхэндээ зөвхөн нэг удаа эргэн төлөлтийн зөрчил гаргасан ч 2017 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө бүрэн төлж дууссан зээлийн мэдээлэл хамрагдсан билээ.

Уг арга хэмжээ нь харилцагчийн эрхийг хамгаалах, санхүүгийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээх ач холбогдолтой бөгөөд банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хэрэгжүүлж байгаа нэг удаагийн бодлогын арга хэмжээ юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)