“Монголд хэчнээн бизнесмэн блокчейнд оролцож байгаа тоо тодорхой бус”

Мөнгө гэдэг зоос, цаасаар хийсэн мөнгөн тэмдэгт ч биш, харин арилжаанд оролцогчдын итгэл юм. Биткойн тэргүүтэй криптовалютууд үүний нотолгоо. Одоогоор 1300 гаруй криптовалют байгаа бөгөөд үнэ ханшийн өсөлтөөрөө сүүлийн үед иргэдийн анхаарлыг ихэд татаад байгаа биткойн эдгээр криптовалютуудын зөвхөн нэг нь юм.

Үндсэндээ блокчейнд суурилсан анхны төлбөрийн хэрэгсэл болох биткойны талаар олон нийт мэдээлэлтэй болсон. Гэвч биткойн нь хэт удаан, нэг цагийн дараа гүйлгээ хийдэг зэрэг дутагдалтай аж. Үүнийг сайжруулсан тоскойн хэмээх төлбөрийн хэрэгсэл гарч ирж байгаа аж.  

Манай улсад ч цахим мөнгө тэр дундаа биткойн, блокчейн технологийн тухай дэлгэрч эхэлж байна. Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн технологи хөгжүүлэгч бизнесменүүд өнөөдөр Улаанбаатар хотноо уулзлаа. Уулзалтаар Япон улсаас гаргаж буй TOS хэмээх шинэ төрлийн койны техникийн семинарыг Монгол Улсад зохион байгуулж байгаагаараа онцлогтой гэж зохион байгуулагчид хэлж байна.  

Уулзалтаар Япон, Орос, Хятад, Монгол, БНСУ зэрэг таван улс нэгдэн “Азийн орнуудын цахим мөнгө, холбоо” байгуулж ерөнхийлөгчөөр нь Кёкүшюзан Д.Батбаярыг сонголоо. 

Тэрээр “Таван улсаас бүрдсэн цахим мөнгөний холбоо байгуулагдлаа. Хятад, Солонгос, Японд хуралдаж байсан ч ерөнхийлөгчөө сонгож амжаагүй байсан. Азийн орнуудаас ирсэн мэргэжлийн улсууд хуралдаж ерөнхийлөгчөөрөө Монгол хүн сонгоё гээд намайг сонголоо. Хамгийн гол нь Азийн орнууд Монгол руу хүч түрэн орж ирж хурлаа хийж байгаа нь чухал. ТОС койн гэж шинэ криптовалют гаргаж байгаа. Тос гэсэн монгол үгийг анх япончууд санаачилж, би саналаа өгсөн. Монголчууд өрмийг нь авна гэж ярьдаг. Тиймээс тос гэдэг үг тохиромжтой гэсний үндсэн дээр япончууд ийм нэртэй шинэ койн гаргаж байгаа юм байна.ТОС койнд Японы Тоёота, БНСУ-ын Самсунг, Хюндай зэрэг томоохон компаниуд хөрөнгө оруулсан байгаа.

Монгол Улсын хувьд эрчим хүч, хүрэн нүүрсний арвин нөөцтэй. Тиймээс блокчэйн технологи хөгжихөд тохиромжтой. Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсоноор миний хариуцлага нэмэгдэж байна. Монголд өнөөдөр хэчнээн бизнесмэн блокчейнд оролцож байгаа тоо тодорхой бус байдаг. Холбоо байгуулснаар энэ бүхэн тодорхой болж, эрсдэлээс өөрийгөө хамгаалж, зөвлөлдсөнөөр монголчууд цахим мөнгөний хөгжлөөс хоцрохгүй байх боломжтой. Мөн цахим мөнгийг дагаад үйлдвэрлэл явагдана” гэлээ.

Харин блокчейн суурилсан цахим мөнгөний хөгжлийн талаар Японы “Tос инк” компанийн Гадаад харилцаа хариуцсан албаны захирал Такахаши Акихиро “Бидний үйл ажиллагааны гол онцлог нь техник технологид суурилсан. Япон бол цахим төлбөрийн систем хөгжиж байгаа анхны улсын нэг. Цахим мөнгийг техник технологитой холбож чадсан анхны компаниудын нэг нь манайх юм. Япон улс ирэх сараас төлбөрийн системд цахим мөнгийг ашиглахаар тусгаж байгаа. Цахим мөнгөний хууль эрх зүйн хувьд Япон улс өндөр хөгжиж байна. Тиймээс Монгол Улс энэ туршлагыг ашиглан цахим мөнгийг хөгжүүлнэ гэж итгэж байна” гэлээ.

Тоскойныг хэрхэн олборлох, ямар технологи ашиглах, ямар дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой зэргийг гуравдугаар сарын 26-нд Хонконгт зарлахаар төлөвлөжээ. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)