С.Баярцогтыг намаас хөөх нь эртэдсэн шийдвэр үү

Eagle.mn


УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Баярцогтыг авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр буруутгажээ. Тэрээр 2008 онд Сангийн сайдаар томилогдсоныхоо дараа Швейцарийн банкин дахь дансаар дамжуулан 10.1 сая ам.доллар шилжүүлж авсан гэж үзсэн талаар гаднын хэвлэлүүд онцолжээ.

Тэгвэл Ардчилсан намын Удирдлагын зөвлөл, Үндэсний дүрмийн хороо хуралдаж  С.Баярцогтыг намаасаа хөөх шийдвэр гаргасан байна.

Энэ талаар тус намын нарийн бичгийн дарга О.Магнай “Ардчилсан нам ямар ч төрлийн авлига, хээл хахуультай эвлэрч байгаагүй. Цаашид ч эвлэрэхгүй” хэмээн МЭДЭГДЭЛ уншиж танилцуулсан юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Танай нам С.Баярцогттой уулзаж, энэ талаар тодруулсан уу?

-АН-ы  Хуулийн хэлтсийн дарга Д.Батбаяр: Ардчилсан намын үндсэн дүрмийн хороонд өөрийн биеээр ирж тус асуудалтай холбоотой тайлбар хийх бүтэн нэг жилийн хугацаа, байсан ч С.Баярцогт өөрөө ирж ямар нэгэн тайлбар одоог хүртэл өгөөгүй.

- Ардчилсан намын зүгээс Швейцарийн прокурорын байгууллагатай холбогдсон гэсэн. Ямар хариу ирсэн бэ?

-Д.Батбаяр: Гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өчигдрөөс эхлэн энэ тухай мэдээ гарч эхэлсэн. Швейцарийн прокурорын байгууллагад мэдээлэл байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Тиймээс Ардчилсан нам тухайн байгууллагад тус мэдээллийн үнэн зөв эсэх талаар тодруулга өгөх тухай бичиг явуулахаар бэлдээд байна.

-Швейцарийн прокурорын байгууллага манай шүүх, прокурорын байгууллагатай тус асуудлаар хамтран ажиллах уу?

-АН-ын генсек Ц.Туваан: Манай намын гаргасан энэ шийдвэр зөвхөн намын гишүүнчлэлтэй холбоотой. Үндсэндээ дотоод шийдвэр. Улс хоорондын хууль хяналтын байгууллагын харилцан хамтын ажиллагаа болон хууль тогтоомжийн хүрээнд шийдэгдэх тусдаа өөр асуудал байгаа байх.

-Өмнө бас С.Баярцогттой холбоотой нэг сая ам.долларын офшор дансны асуудал гарч байсан. Тухайн үед танай намынхан ямар нэгэн хариуцлага тооцоогүй санагдаж байна?

-АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай: 2017 оноос Ардчилсан намын шинэчлэл эхэлж үндсэн дүрмээ шинээр баталсан. Өнөөдрийн тооцож буй ёс зүйн хариуцлага бол дүрмийн хүрээнд гаргасан шийдвэр. Олон улсын хэвлэл мэдээлэлд Баярцогтын дансны үлдэгдэл 1.8 сая доллар байна гэж мэдээлсэн. Өнөөдрийн энэ асуудал зөвхөн нэг хувь хүн гэхээсээ илүүтэй улс төрийн нам дамнасан бүлэглэлд давхар тооцогдоно. Иймэрхүү бүлэглэлээс Ардчилсан нам цэвэрлэгдэх эхний алхам хийгдэж байна.

-Швейцарийн прокурорын байгууллагаас үнэн эсэх талаар албан ёсны тайлбар ирээгүй байхад намаас хөөх нь эртэдсэн шийдвэр биш үү?

-Ардчилсан нам дүрмийн хүрээнд өөрийн гишүүддээ хариуцлага тооцдог. Үүн дотор сахилга, ёс зүйн хариуцлага тооцох дүрмийн заалтууд бий. Энэ дүрмийн хүрээнд асуудлыг авч хэлэлцэж, бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Баярцогтоо энэ гуравт жаахан юм өгчихгүй яав даа.

    0 0 Хариу бичих
  2. 20000 хувьсагчаараа бодож байгаад 10 сая доллар хуссан байх

    0 0 Хариу бичих
  3. Баярцогт 10.0 сая доллороо АН-ынхантайгаа хуваалцаагүй болохоор эд нар ингэж шийдсэн бололтой

    0 0 Хариу бичих