Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс 80 гаруй сая төгрөгийг л зориулалтын дагуу зарцуулжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Ховд аймагт ажиллаж байна.

“Ховд аймгийн нийт газар нутгийн 40.5 хувь нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад байдаг учир уул уурхайн асуудал бусад аймгийн бодвол харьцангуй бага. Татварын хэлтэстэй хамтран хог хаягдлын хураамжаас өнгөрсөн жил л гэхэд 28 гаруй сая төгрөг төвлөрүүлсэн. Агаарын бохирдол их аймгуудын тоонд орж байгаа. Мөн цөлжилт ихэссэн зэрэг асуудал байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр “Мөнгөлөг шагшуурга” цас, мөсний баярыг өнгөрсөн сард хийсэн. Цаашид “Цайны зам өв соёлын наадам” нэртэй  үйл ажиллагааг зохион байгуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэлтэй байна” хэмээн Ховд аймгийн БОАЖГ-ын дарга Л.Батбаяр ярьсан юм.

Мөн ЦУОШГ, Тусгай хамгаалалттай газрын захиргаад болон Сав газрын захиргаадын дарга нар техник, технологи нь хуучирсан учир шинэ тоног, төхөөрөмж, машин техник хэрэгтэй байгаа талаар Н.Цэрэнбат сайдад учирлалаа.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хандлагаа өөрчилж, асуудалд хандахыг хүсээд байгаль хамгааллыг техник, технологийн шинэчлэл дээр тулгуурлан хийнэ. Уул уурхайн нэгдсэн мэдээллийн системийг бий болгож, уул уурхайн компаниудад хяналт тавих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа дуулгасан. Нөгөөтэйгүүр, тэрээр “Ховд аймаг байгалийн нөөц ашигласны төлбөрөөс өнгөрсөн жил 838 сая төгрөг төвлөрүүлсэн ч 80 гаруй сая төгрөгийг л зориулалтын дагуу зарцуулсан байна. Гэтэл хуулийн дагуу 400 орчим сая төгрөгийг байгалийг нөхөн сэргээх чиглэлд зарцуулах ёстой. Энэ нь та бүхэн орон нутгийн удирдлагуудаа шахахгүй байгаатай холбоотой. Тиймээс цаашид байгалийн нөөц ашигласны төлбөрөөс зохих хэмжээний мөнгийг зориулалтын дагуу ашиглах шаардлагаа орон нутгийн удирдлагууддаа тавь. Ингэж байж бидний ажил үр дүнд хүрнэ” хэмээсэн юм.

Мөн тэрээр баруун аймгуудад хамгийн их маргаан дагуулдаг агнуурын тусгай зөвшөөрлийн асуудлыг дуудлага худалдаагаар, ил тод, нээлттэй зохион байгуулах ажлыг эхлүүлэхээр болсноо дуулгалаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. заавал шахуулж шаардуулж байж ажлаа хиийдэг п ууд уу

    0 0 Хариу бичих