Ойн баатрууд

Нийтлэлийн гарчигийг хармагц уншигч авхай таны ухамсарт шууд л түүхт ой, Халхын голын ялалтад амь биеэ хайрлаагүй баатрууд, эсхүл аймаг, сумдын тэгш ой, нутаг орондоо гавъяатай баатруудйн дүр зураг зурс хийн орж ирснийг үгүйсгэхгүй. Ер нь ч тэгээд “баатрууд” дайн тулааны талбарт амь биеэ үл хайхран тулалдсанаар, энх цагт шантрашгүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шимээс төрдөг хойно. Юмны учир мэддэг, асуудлыг комплексоор нь харж дүгнээд сурчихсан улс хүн төрөлхтөнд ганц л дайсан бий гэлцдэг юм билээ. Тэр нь шашины ариун дайн, цөмийн зэвсэгийн занархийлэл огтхон ч биш. Харин цөлжилт. Цөлжилтийг дагаад цэвэр усны хомсдол, хүрээлэн буй орчны бохирдол гэх дэд асуудлууд чиргүүл мэт зүүгдэх нь ойлгомжтой. Цэнхэр нүдэн гарагийн оршин суугчдын нийтлэг дайсан цөлжилтийн эсрэг амь хайргүй тэмцэгчид нь яалт ч үгүй байгаль орчны зүтгэлтэнүүд байж таарна. Тийм учраас тэд яриангүй “баатар” билээ.

Чимээгүйхэн хэрнээ бүхий л дэлхийг алгуураар эзэлж буй цөлжилтийн эсрэг хэдий нь дайтаад эхэлсэн баатруудыг ядаж нэг удаа магтан дуулахад үзэг хайран гэж үү? Нэртэй энэ мэт баатруудаа бид огт таньдаггүй хэрнээ нэр нь тодроогүй баатруудын хөшөөнд цэцэг өргөдөг л биздээ? 

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэн Д.Бараадууз 1992 оноос “Ойн хишиг” төв нэртэйгээр мод үржүүлгийн газраа байгуулжээ. Өдгөө “Ойн хишиг” төв 6 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж буй. Улаанбаатар хот болон зүүн аймгуудад мод, суулгац бэлтгэн нийлүүлдэг төдийгүй Дундговь, Дорноговь аймгийн бүх сумдад мод тарьжээ. Ойн хишиг төвийн нийт тарьсан мод одоо 200 мянган ширхэгийг хол давжээ. Д.Бараадууз гуайн мод үржүүлгийн газар говийн мод сөөг болох хайлаас,улиас, бургас, сухай гэсэн 4 төрлийн модыг даганан тарьж ургуулдаг гэнэ.Унд ус хомсхон говь газар тэр их хэмжээний модыг арчлахад төдий хэмжээний усны эх үүсвэр шаардагдана. Говь нутагт хүндрэлтэй дээрх асуудлыг тэдний мод үржүүлгийн газар булгийн адаг бараадан байрлаж, ойролцоо нь гүний худаг өрөмдөж гаргаснаар шийджээ. Д.Бараадууз гуай 1992 оноос хойш тэтгэвэрийнхээ хөрөнгөөр мод үржүүлгийн газраа тордож иржээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд байгаль экологийн үйлсэд зарцуулсан түүний хөрөнгө оруулалт 60-70 сая төгрөгийг өлхөн давжээ.Түүнд “Говь гарден” ХХК-ны хамт олон худаг гаргаж өгөх, хашаа барих зэргээр туслалцаа үзүүлдэг гэх. Тэрбээр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Багабулаг гэх газар орны 8 га газрыг бойжуулж, үзсэн хүн хангай гэж андуурахаар болтол ургамалжуулжээ. Д.Бараадууз гуайн хөдөлмөр зүтгэлийг төр үнэлж 2012 онд Байгаль орчны гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнажээ. “Ойн хишиг” төв энэ онд шинээр 8 га газар хашаалж худаг гарган 10 мянган мод тарихаар ажиллаж байна. 

Өмнөговь аймгийн төв орчмын 400 га газарт Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хэрэгжилтээр хоорондоо 5 км зайтай 4 зурвас ой байгуулжээ. Ногоон хэрэм, зурвас ойг байгуулснаар хаврын улиралд говийн нутгуудад дэгддэг шороон шуургаас аймгийн төвийг халхалдаг болжээ. Тэр байтугай Д.Бараадууз гавъяатын хэлж буйгаар, “Сүүлийн арваад жил Өмнөговийн нутагт ган гачиг тасраагүй. Гантай жилийн өвөл зуд болдог нь ном. Тэгтэл энэ зурвас ойг бойжуулснаар ойн тойргийн хүрээлэл дунд оршиж буй аймгийн төвийн орчим хур бороо тасрахаа байсан. Үүний гаргалгаа нь хайлаас модыг бөөнд нь тарьчихаар эргэн тойрондоо сэрүүн орчинг бий болгодог. Тэгэхээр дээгүүр яваа үүлэнд конденсац үүсгэж үүлэнд хуралдаж буй шингэнийг задалж хур болгодог байгаа юм. Шигүү тарьсан хайлаасан ойн систем үүлний чигийг татаж бороо хур оруулдаг шинжлэх ухааны үндэстэй, прагтик дээр батлагдсан технологи. Говь нутгийг цөлжилтөөс хамгаалах боломж байна. Хэрэв хамгаалах хүсэл байвал энэ мэт зурвас ойг олноор бойжуулахаас өөр замгүй. Сумдууд төсөвтөө үүнийг тусгаж, суулгаж ажил хэрэг болгох шаардлагатай байгаа юм. Аймгийн цаг уур орчны шинжилгээний газрын судалгааг харвал зурвас ой байгуулсан сумдад бороо хур элбэгтэй, ой тариагүй сумд гандуу зусдаг нь илэрхий харагддаг” хэмээв. 

Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Д.Цэндсүрэн 1976 оноос ойн системд ажиллажээ. Ойн системд ажиллахдаа хуримтлуулсан туршлага дээрээ түшиглэн 1999 онд 10.8 га газарт мод үржүүлгийн талбай өөрийн хөрөнгөөр байгуулж, хэвийн хэвшилийн “Үр жимс” хоршоог байгуулж асан түүхтэй. Өдгөө “Үр жимс” хоршооны мод үржүүлгийн талбайд 2 сая мод бий. Ойн зурвас, ногоон хэрмийн тендер, БОНХЯ-ны төсөл үйл ажиллагаанд идэвхитэй оролцож ургац амжилтын 87-98 хувийн үр дүнтэйгээр улсын комист хүлээлгэн өгдөг гэнэ. Хоршоо 13 төрлийн мод бут тарьж ургуулдаг төдийгүй Ховд нутагт анх удаа хайлаасыг үрээр нь тарьж ургуулан “Оновчтой саналын” гэрчилгээ хүртсэн амжилт Д.Цэндсүрэн тэргүүнтэй “Үр жимс” хоршооны гардсан олон гавъяа шагналын өчүүхэн нь. 2009 онд НҮБ-аас олгодог “Дэлхийн шилдэг фермэрч эмэгтэй” шагнал. Тус ондоо Улсын тэргүүний тариаланчаар тодорчээ. Хоршоо 35 гишүүнтэй бөгөөд үндсэн зургаан ажилчинтайгаар байнгын үйл ажиллагаа явуулж буй. Үр жимс хоршоо Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Дархан Уул аймгууд болоод Улаанбаатар хотод мод, суулгац нийлүүлдэг буюу жилдээ 10-12 мянган мод тарьж борлуулдаг байна. 

 Б.Лхамжав Ойн агнуурын аж ахуйд нягтлангаар ажиллаж байгаад 1996 онд хувьчлагдахад “Ховд Сафари” ХХК-ийг аж ахуйн суурин дээр байгуулснаар түүний ажил эхэлжээ. Тус компани анх аялал жуулчлал, ойн нөхөн сэргээлт, ногоон хэрэм ойн зурвас байгуулах чиглэлээр байгуулагджээ. “Ховд Сафари” компани 8 га газартаа мөчир болон үрээр анхныхаа ойжуулалтын ажлыг хийж эхэлжээ. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2004 онд гүйцэтгэх засаглалын тэргүүн байхдаа “Ногоон хэрэм” хөтөлбөрийг эхлүүлж байхад Б.Лхамжав гавъяатын баг Ховд аймгийн Зэрэг суманд анхныхаа ногоон хэрмийг байгуулсан түүхтэй. “Ховд Сафари” энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 320-иод га газрыг гардан ойжуулжээ. Үүнээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Буянт, Зэрэг, Чандмань, Үенч сумдуудад ногоон хэрэм бүхий ойн зурвас байгуулж, ойжуулалтыг 120 га газарт хийжээ. Тэр бүү хэл Дорнод, Төв, Баянхонгор аймгууд дахь нөөц нь шавхагдсан алтны уурхайнуудын нөхөн сэргэлтийн ажлыг гүйцэтгэжээ. Одоогоор 3 га газарт мөчрөөр ургуулсан 360-аад төрлийн бургас, улиас, хайлаас, зэрэг гоёлын мод болон цөлжилтөөс сэргийлэх моднуудыг тарих үндсэн материаллаг баазтайгаас гадна 3 хүлэмжинд шар гүйлс, хайлаас, буйлс, зэрэг гоёлын моднууд тарьдаг гэнэ. Компани мод үржүүлгийн үйл ажиллагааг явуулахаас гадна Ховд аймгийн ЕБС-ын 3-р сургуулийн биологийн багш нартай хамтран сурагчдад биологийн хичээлийн цаг дээр нь бургас, улиасыг ногоон мөчрөөр тарих дадлага хичээлийг явуулдаг ажээ. 

МУСГЗ, ХБНГУ-ын Холбооны гавъяаны загалмайн одонт, зохиолч Ч.Галсан бол “Ойн баатруудын” нүүр болсон эрхэм. Байгаль экологийн сайн дурын зүтгэлтнүүдийг олон хүн зохиолч Ч.Галсангийн өөрийн хөрөнгөөр 1 сая мод тарьж буй үйл хэргээр нь төлөөлүүлэн төсөөлдөг. Ч.Галсангийн энэ л үйл хэргийг бүтээх очыг асаасан хүн нь Африк тивд 30 сая мод тарьсан, Нобелийн Энхтайвны шагналт Вангари Маатай гэх кени эмэгтэй гэнэ.“Чинагийн Галсан сан” 500 мянга гаруй модыг аль хэдийн тариад амжжээ. Ч.Галсан зохиолч мод тарих ажилд жилд 50-60 сая төгрөгийг зарцуулдаг бөгөөд европийн орнуудаар зохиолч уншигчдын уулзалт хийж, семинар тавьж олсон мөнгөө ийн зарцуулдаг гэнэм. Тэрээр мөнгийг модоор сэтгэдэг буюу уулзалт хийж олсон мөнгөө 80 мод, 100 мод, 500 мод гэж тоолохдоо нэг модыг 10 еврогоор тооцдог аж.
Тэрээр хэлэхдээ: “Монголын ой шиг сайхан модтой газар дэлхийд ховор. Учир нь, манай ой мод таримал биш байгалиасаа ургасан учраас үнэр нь хүртэл өвөрмөц сайхан байдаг. Би Германд явж байхдаа саваагүйтээд хар модны холтос аваад зажлахад ямар ч амт байгаагүй. Таримал мод учраас тэр шүү дээ. Герман улс Европын хамгийн их буюу 34 тэрбум модтой орон. Бид өнөөдөр цөлжилт гэж яриад, шаналаад сууж байна. Ингэхийн оронд байгаль дэлхийдээ нэг ч гэсэн тустай ажил хийх хэрэгтэй. Би эх орондоо өртэй хүн. Хүү нь болж төрсөн ачийг үхэн үхтэлээ хариулаад ч барахгүй их өртөй хүн. Германд нэг удаа хуралд сууж байхдаа “Би эх орондоо сая мод тарина” гэтэл тэнд байсан хүмүүс алга ташин баяр хүргэж, тэр үг салхи шиг л хурдан тархсан. Гэхдээ би худлаа амлалт өгөөгүй. Магадгүй өнөөдөр төгрөгийн ханш унасан учраас нэг сая гэдэг тоо хэн нэгний амнаас чөлөөтэй унадаг болжээ. Сая гэдэг бол лут тоо. Монгол ухаанаар 100 модыг нэг ой гэж ойлгодог шүү дээ. Энэ ойлголтоор миний тарих сая мод арван мянган ой болох юм. Тэгэхээр би өөрийнхөө хөрөнгөөр эх орондоо арван мянган ой буюу нэг сая мод тарина. Үнэндээ мод бол үржих хөрөнгө юм. Зуун жилийн дараа би байхгүй ч миний тарьсан моднууд үлдэнэ. Тэр үед энэ модыг 100 жилийн өмнө нэг зохиолч тарьсан гэнэ лээ хэмээн дурсах байлгүй” гэж байв.

Дээр дурьдсан эрхмүүд болбоос ойн баатруудын өнгөнд яваа төлөөллүүд үүний цаана олон олон баатрууд цөлжилтийн эсрэг дайтсаар буйг мартаж үл болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ойн сав газар малталт хийж ухаж байгааг юу гэх вэ амьд явах хэрэг байна уу гай болсноос зай бол гэдэг биз дээ

    0 0 Хариу бичих
  2. ОЙРД ГАРААГҮЙ САЙХАН НИЙТЛЭЛ БАЙНА

    1 0 Хариу бичих