БНСУ, Францaд хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг эргүүлэн авч ирнэ

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид үлэг гүрвэлийн олдворыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн Бүгд найрамдах Солонгос, Бүгд найрамдах Франц улс руу гаргасан хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссаад, уг олдворуудыг Монгол Улсад буцаан авч ирэх талаар холбогдох төрийн байгууллагуудад /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам уламжлан ажиллаж байна.

Тус хэлтсийн алба хаагчид “Монгол Улсын Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нэмэхтийн хөндий гэх газраас олдсон үлэг гүрвэлийн олдворуудыг 2006 онд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Палентлогийн хүрээлэнтэй хамтран газар дээр нь очиж ажиллажээ. Палентлогийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.Цогтбаатар нарын ажлын хэсгийн бүрэлдэхүүн БНСУ болон Бүгд найрамдах Франц улсад очиж ажиллахдаа уг олдворууд нь Монгол Улсын Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Нэмэхтийн хөндий гэх газраас олдсон палентлогийн олдвор мөн болохыг тогтоосон байна. Мөн дээрх олдворыг Монгол Улсын иргэд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлснийг тогтоожээ.

БНСУ-ын Сөүл хотын Дээд шүүхээс уг олдворыг Монгол Улсад буцаан олгох шийдвэрийг гаргасан бол Бүгд найрамдах Франц улсын Лион хотын Дээд шүүхээс Монгол Улсын зүгээс эсхүл хуулиар зөвшөөрөгдсөн эзэмшигч нь олдворыг буцаан авах хүсэлтээ гаргах боломжтой талаар албан бичгийг манай улсад ирүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)