Эрчим хүчээ хэмнэх аргууд

Л.Эрдэнэжаргал


Дэлхийн дулаарлыг бий болгож буй шалтгаануудын нэг нь эрчим хүчний хэрэглээ байдаг. Байгальд  ээлтэй ногоон эрчим хүчнийг хэрэглэх боломжгүй ч ухаалаг, хариуцлагатай, эдийн засагт хэмнэлттэйгээр эрчим хүчээ ашиглах нь дэлхийн дулаарлыг бууруулахад таны зүгээс оруулах хувь нэмэр болох болно. Эх болсон дэлхийгээ хайрлан хамгаалж, үр хойчдоо өвлүүлэх нь хариуцлагатай хэрэглээний хамгийн гол зорилт билээ. Тэгвэл эрчим хүчний хэрэглээгээ бид хэрхэн ухаалаг байдлаар зохицуулж болох талаар сонирхуулья. 

Англи хэлний save гэдэг үг хэмнэх, хадгалахаас гадна аврах гэдэг утгыг давхар агуулж байдаг. Хэмнэж, хадгалах нь алсдаа тохиолдож болзошгүй зүйлээс аврах гарц болох нь бий гэж ойлгож болохоор байгаа биз. Хэмнэлт гэдэг зардлаа танах бус зохистой, ухаалаг хэрэглээг амьдралдаа хэрэгжүүлэхийг хэлж байгаа хэрэг. Бидний өдөр тутмын амьдралыг цахилгаан эрчим хүчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймдээ ч өрхийн болон албан байгууллагын урсгал зардлын багагүй хувийг цахилгаан эрчим хүчний зардал эзэлдэг. Цахилгаанаа зөв зарцуулах нь мөнгө хэмнэхээс гадна гал ахуйн гал түймрээс сэргийлэх нэг арга болно. 1992 онд Европын холбооноос цахилгаан бараануудын эрчим хүчний мэдээллийг нэг стандарт бүхий наалтаар илэрхийлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Цахилгаан барааг дамжуулагчаар салаалж залгах биш шууд үндсэн тэжээлтэй холбох нь цахилгаан зарцуулалтын хэмжээг багасгадаг.

Энэ дагуу тухайн оноос хойш үйлдвэрлэгдсэн цахилгаан бараанууд нэг буландаа эрчим хүчний хэрэглээнийхээ тухай мэдээлэл бүхий ногооноос шар, улаан хүртэлх тэмдэглэгээ бүхий наалттай болсон. Ихэнх айлууд уг наалтыг нь төдийлөн анхаарч үздэггүй нь өөрт хамгийн хэрэгтэй мэдээллээ хайхрахгүй байгаа гэсэн үг. Уг наалтан дээрх мэдээлэл тухайн цахилгаан бараа мөнгөнд чинь төдийгүй байгаль орчинд хэр ээлтэйг тодорхой хэлээд өгнө. 

А тэмдэглэгээ

А үнэлгээтэй бол цахилгаан эрчим хүчийг хамгийн бага хэрэглэдэг гэсэн үг. 2012 оноос А+, А++, А+++ гэсэн үнэлгээнүүд шинээр нэмэгдсэн бөгөөд эдгээр тэмдэглэгээ нь эрчим хүчийг дээд зэргээр хэмнэдэг, шинэ технологийг ашигласан, байгальд ээлтэй цахилгаан бараануудад ихэвчлэн наадаг.

В-ээс G тэмдэглэгээ 

Хуучны буюу шинэ технологи ашиглаагүй, уламжлат байдлаар үйлдвэрлэгдсэн цахилгаан бараанууд В тэмдэглэгээтэй байна. Гэхдээ тэмдэглэгээнүүд нь цахилгаан барааны төрөл, ажиллагааны горимоос шалтгаалан өөр өөр хэмжээг заадаг гэдгийг анхаараарай. G тэмдэглэгээтэй цахилгаан бараанууд бол цахилгааныг хамгийн ихээр хэрэглэдэг, ямар нэгэн байдлаар хэмнэлтийн горимгүй ажилладаг гэсэн үг. Тиймээс шинээр худалдан авах гэж буй цахилгаан барааны тань буланд наалттай байгаа эрчим хүчний тэмдэглэгээтэй танилцан А болон А+++ тэмдэглэгээ бүхий бараануудыг сонгох нь цахилгаан эрчим хүчний хэрэглээг, мөнгөтэй чинь хэмнэнэ гэдгийг мэдэхэд илүүдэхгүй биз. Нэмж хэлэхэд 220 кВт.ц/жил (annum/per year)гэсэн тэмдэглэгээ ихэвчлэн цахилгаан эрчим хүчинд байнга залгаатай байдаг хөргөгч, хөлдөөгч, агаар цэвэршүүлэгч зэрэг бараануудад хамаатай байдаг. Зөвхөн хэрэглэх үедээ цахилгаанд залгадаг тоос сорогч, угаалгын машин, телевиз зэрэгт нэг удаагийн ашиглалтын үед буюу нэг цагт дунджаар хэдэн кВт цахилгаан ашиглахыг нь заасан (per cycle, per hour )тэмдэглэгээ давхар бичээстэй байдаг. Эдгээр бараануудын цахилгаан барааны зарцуулалтыг тухайн тэмдэглэгээн дээр нь заагдсан тоог нь УБЦТС ТӨХК-аас гаргасан өрхийн болон аж ахуйн нэгжийн хэрэглээний 1 кВт цахилгааны үнээр үржүүлэхэд нэг удаагийн, нэг эргэлтийн үед зарцуулах цахилгааны зарцуулалтаа мэдэж чадна. 

Тэгвэл бид хамгийн үнэтэйдээ 350 төгрөгөөр худалдан авч хэрэглэдэг 1кВт.цаг цахилгаан эрчим хүчийг юунд хэдэн цаг зарцуулж болох вэ? 

285 ширхэг гар утас цэнэглэнэ

8 цаг телевизор үзнэ

4 цаг компьютер ашиглана

22 минут индүүдлэг хийж болно

45 минут тоос соруулагч ажиллуулна

1 удаа хагас автомат
угаалгын машинаар
1 удаагийн угаалга хийнэ

2 минут ус буцалгана

Хэрэглээ ба хэмнэлт тооны хэлээр 

УБЦТС ТӨХК-иас айл өрхөд борлуулах цахилгаан эрчим хүчний 1 кВт.цагийн үнийг дараах байдлаар тогтоосон байдаг. Энгийн тоолууртай өрхөд сарын нийт хэрэглээний 150 кВт.цаг хүртэлх хэрэглээг 98.40 төг/кВт.цаг. харин өдөр, шөнийн тоолууртай бол өглөөний 06.00 цагаас 21.00 цаг хүртэл 104.30 төг/кВт.цаг. Оройн 21.00-06.00 цаг хүртэл 77.10 төг/кВт.цагаатр тооцно. Харин ахуйн тоолуургүй буюу задгайгаар цахилгаан эрчим хүчнийхээ үнийг төлдөг өрхүүд 350 төг/кВт.цаг байна хэмээн заажээ. Тэгвэл бид хамгийн үнэтэйдээ 350 төгрөгөөр худалдан авч хэрэглэдэг 1кВт.цаг цахилгаан эрчим хүчийг юунд хэдэн цаг зарцуулж болох вэ? 

Гурван өрөө байранд амьдардаг, 4 ам бүлийн нэг сарын цахилгаан эрчим хүчний зарцуулалтын дундаж хэрэглээг тооцож үзвэл:

Хөргөгч 50 кВт/цаг

Плитка 65 кВт/цаг

Богино долгионы зуух 20 кВт/цаг

Хагас автомат угаалгын машин
20 кВт/цаг

Телевизор 20 кВт/цаг

Ус буцалгагч 12 кВт/цаг

Индүү 10 кВт/цаг

Тоос сорогч 6 кВт/цаг

Утас цэнэглэх, цахилгаан сахлын машин зэрэг бага оврын цахилгаан хэрэгсэл
10 кВт/цаг

Гэрлийн чийдэн (гэрийн бүх чийдэн хоногт хамгийн багадаа гурван цаг асна гэж тооцвол)
95 кВт/цаг

Эрчим хүчээ хэмнэх хялбар аргууд 

Өрх , албан байгууллагууд түгээмэл ашиглагддаг бүх цахилгаан хэрэгслээ standby горимтой орхих нь 1 кВт/14 цаг цахилгаан хэрэглэдэг. Аливаа цахилгаан хэрэгслийн standby горим гэдэг нь телевизор бол улаан гэрэлтэй унтраах, компьютерийн дэлгэцийн шар гэрэлтэй нь үлдээх зэрэг юм. 
 
- Цахилгаан барааг дамжуулагчаар салаалж залгах биш шууд үндсэн тэжээлтэй холбох нь цахилгаан зарцуулалтын хэмжээг багасгадаг. 
- Цонхоо байнга угааж цэвэр байлгах нь өдрийн цагаар байгалийн гэрэл саадгүй нэвтэрч улмаар өдрийн цагаар гэрэл ашиглахыг багасгадаг. 
- Албан тасалгаа, бусад өрөөнөөс гарахдаа гэрлээ унтраасан эсэхээ байнга шалгах, цахилгаан бага хэрэглэдэг чийдэн сонгож байх. Гэрлийн чийдэн, гэрэлтүүлэгчийн хэсгийг тогтмол цэвэрлэж байх нь гэрлийн тусгалыг бууруулдаггүй. 
- Тоос сорогчны хог сорж, цуглуулагч уут хоггүй, хог багатай үед хөдөлгүүрийн хэрэглэх цахилгаан эрчим хүч бага байдаг. 
- Албан байгууллагуудын хэвлэгч, хувилагч, цаас хэрчигч зэрэг нь standby горимд байхдаа ч цахилгаан зарцуулдаг. Иймээс ийм төрлийн цахилгаан хэрэгслүүдийг ашиглах үедээ л эрчим хүчинд залгаж, ашиглаж дууссан үедээ бүрэн унтрааж байх нь хэмнэлтийн хамгийн тод жишээ юм. 
- Богино долгионы зуухыг ашиглахдаа тухайн хүнсний бүтээгдэхүүний халаах минутыг баримтлах, хөргөгчнөөс шууд гаргасан хөлдүү бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд хэсэг байлгасны дараа халаах, гэсгээх зэргээр хэрэглэх хэрэгтэй. 
- Телевизор, хөгжим, радио, компьютер нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг. Гэхдээ standby горимд байхдаа бага гэлтгүй цахилгаан ашигладаг гэдгийг байнга санаж, бүрэн унтрааж байх. 
- Ахуйн хэрэглээнд бол халуун зүйлсийг шууд хөргөгчинд хийхгүй байх, хөргөгчөө байнга цэвэр байлгах, хөргөгчний хаалга сайн хаагдаж байгаа эсэхийг сайтар шалгаж байх хэрэгтэй. Энэ бүгд хөргөгчний хэрэглээг уртасгахын зэрэгцээ цахилгаан бага зарцуулахад тустай.
- Хөргөгчний хэмжээг аль болох том биш ам бүлийнхээ хэрэгцээнд тохирсныг сонгох. Хэрэв танай хөргөгч тасалгаа бүртээ температур тохируулагчтай бол хүнс, ногоо хадгалах хэсгээ +3 хэм, хөлдөөх тасалгааг нь -18 хэм дээр тааруулаарай.
- Хөргөгч, хөлдөөгчийн зөв газарт байрлуулах. Плитка, ус буцалгагчийн ойр байрлуулсан хөргөгч,хөлдөөгчийн эрчим хүчний зарцуулалтыг нэмэгдүүлдэг.
- Плитка ашиглахдаа хоол бэлтгэх саваа ширмэндээ тохирсныг сонгох. Хоол хийх сав нь хэмжээ нь таарсан тагтай, тэгш, хавтгай ёроолтой, ёроол нь цэвэрхэн байх нь цахилгаан эрчим хүч хэмнэдэг. Даралтат тогоо, битүү чанагч, жигнүүр нь цахилгаан хэрэглээг 70 хувь хүртэл хэмнэдэг.
- Индүүдэх хувцас, хэрэглэлээ нэг дор индүүдэх. Ингэхдээ материалын онцлогийн дагуу индүүнийхээ хэмийг тохируулах хэрэгтэй. Хамгийн өндөр хэмээр индүүдэх зүйлсээсээ эхэлж, хэмийг бууруулах дарааллаар хувцас хэрэглэлээ индүүдэх. Индүүгээ хөрж эхэлмэгц торгомсог эдлэлийг индүүдэх хэрэгтэй. Энэ нь эрчим хүчний хамгийн ухаалаг хэмнэлтийн нэг юм.
- Гар утсыг цэнэглэхэд зай нь 80 хувьд хүрмэгч хангалттай буюу ногоон өнгийн болдог. Энэ нь цэнэг нь хангалттай хэмжээгээр цэнэглэгдлээ гэсэн үг юм. Мөн гар утсаа цэнэглэж дуусаад залгуураас заавал салгах хэрэгтэй.
- Цагийн ялгавар бүхий цахилгааны үнэлгээтэй тоолуур суурилуулах. Ийм төрлийн тоолуур нь 21.00-06.00 цагийн хооронд хямд үнээр цахилгаан эрчим хүчийг тооцдог. Ийм тоолуураар цахилгаанаа тооцуулснаар эрчим хүчний хэрэглээний төлбөрөө 20-25 хувиар бууруулах боломжтой.
 
Дээрх аргуудыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж хэвшсэнээр цахилгаан эрчим хүчээ, мөнгөтэйгээ хамт хэмнэж чадна. Үр хүүхэддээ ч дээрх аргуудыг зааж сургаснаар ирээдүйд зөв зүйлд хэмнэлт гаргаж чаддаг ирээдүйг ч давхар бэлдэж байгаа хэрэг юм.
Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)