Ниргэсэн хойно нь хашгирахаа больё

УИХ ОУВС-гийн шаардлагын дагуу 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд долоон төрлийн татварыг нэмэх шийдвэр гаргасан. Уг шийдвэр нь энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн юм. Татварын хуулиудад өөрчлөлт оруулах үед олон нийт төдийлөн эсэргүүцээгүй. Харин хэрэгжиж эхлэх үед нь хүчтэй эсэргүүцэж өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адил зүйл болсон. Угтаа бол батлахынх нь өмнө саналаа хэлж, үзэл бодлоо илэрхийлэн шийдвэр гаргахад нь нөлөөлөх ёстой байсан юм. Ингээгүй тохиолдолд иргэдэд ч, шийдвэр гаргасан Засгийн газарт ч хэцүү байдгийг өнгөрсөн цаг хугацаа харууллаа. Тиймээс Засгийн газар энэ удаад татварын багц хуулийг УИХ-д өргөн барихаасаа өмнө иргэдээр сайтар хэлэлцүүлэхээр саналыг нь авч байна. Иргэдийн саналыг авах хугацаа дуусахад долоо хоног үлджээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын яриаг хүргэе.

-Татварын багц хуульд өөрчлөлт оруулах санаачилгыг хаанаас хэн анх гаргав?

-Эдийн засгийн хямралтай үед татварын хуулиудыг өөрчилж аж ахуйн нэгжүүдийг дэмжих шаардлагатай гэж ярьсаар ирсэн. Мөн татвартай холбоотой олон маргаан гардаг. Тиймээс хуулиа шинэчлэх нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улсад хамгийн их дутагдаж байгаа зүйл бол ажлын байр. Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд яах аргагүй хувийн хэвшлийг дэмжих ёстой. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьдралын төвшин, аж ахуйн нэгжүүдийнхээ байдлыг харгалзаад татварын багц хуульдаа шинэчлэл хийе гэдгийг Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаан дээр ярилцаж байгаад шийдсэн. Шударгаар татвараа төлдөг иргэдэд үзүүлж буй үйлчилгээ энгийн байх ёстой. Харин татвараа төлдөггүй, төлөхөөс зайлсхийдэг иргэн, аж ахуйн нэгжүүдээс татвараа яс авдаг болох ёстой гэсэн зарчим хуулийн төсөлд тавигдсан.  Хуулийн төслүүдээ гурван сарын турш боловсруулсныхаа дараа Сангийн яамны цахим хуудсанд тавьж улс орон даяар хэлэлцүүлж байна.

-Иргэд хуулийн төсөлд саналаа яаж өгөх вэ?

-Иргэд Сангийн яамны www.mof.gov.mn цахим хуудас руу орж татварыны багц хуулийн төслүүдэд саналаа өгөх боломжтой. Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, дагалдах бусад хуулийн төслийг яамныхаа цахим хуудсанд тус тусад нь байрлуулсан. Хуулийн төсөлтэй танилцаад санал өгөх бол хажууд нь нэр, цахим хаяг, саналаа бичих хэсэг бий. Иргэдийн бичсан санал тухайн хуулийн төслийнхөө дор сэтгэгдэл хэлбэрээр хадгалагдана.

-Иргэдийн өгсөн саналыг хуулийн төсөлд хэрхэн тусгах юм бэ?

-Манай яамны Төсвийн бодлогын газрын Орлогын хэлтсийн ажилтнууд болон Татварын ерөнхий газрын ажилтнууд нийлж суугаад иргэдийн гаргасан саналуудыг ангилан ялгаж байгаа. Улмаар үнэхээр чухал гэж үзсэн саналуудыг нь хуулийн төсөлдөө тусгаад явна. Энэ сарын 26, 27-нд Засгийн газраас Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байгаа. Тус чуулганы үеэр иргэдийн саналыг хуулийн төсөлдөө хэрхэн тусгаснаа танилцуулна. Түүний дараа Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцээд УИХ-д өргөн барина. Хаврын чуулган эхлэхээс өмнө өргөн барих зорилт тавин ажиллаж байна.

ТАТВАРЫН ХУУЛЬД ОРОХ ГОЛЛОХ ӨӨРЧЛӨЛТ

Засгийн газраас Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өөрчлөлт оруулахаар аж ахуйн нэгжүүдээс санал авч буй. УИХ-ын хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн дээрх багц хуулийн төслийг өргөн мэдүүлэх юм. Тодруулбал, Татварын ерөнхий хууль, ААНОАТ, ХХОАТ-ийн тухай хуулийг шинэчлэн найруулна. Харин НӨАТ-ын тухай болон бусад дагалдах 20 хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах аж.

Хуулийн төсөлд голлох ямар өөрчлөлт оруулахаар боловсруулсныг хүргэж байна.

Татварын тайлан мэдүүлэх хугацаа

  • 3 тэрбум ₮-өөс дээш ашигтай бол жилд 4
  • 3 тэрбум ₮-өөс доош ашигтай бол 2 удаа
  • 50 сая ₮-өөс доош борлуулалтын орлоготой бол 1 удаа

Бусад зохицуулалт

  • Тайлангийн алдааг 1 жилийн дотор залруулж болно
  • Татварын өр төлөх хугацаа 2 сар байсныг 24 сар хүртэл сунгаж болно
  • Орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая байсныг 6 сая төгрөг болгоно
  • Нэг шатлалтай, 10% хувийн татвар төлнө
  • Илүү төлсөн татварыг буцаан олгоно
  • Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийн татварыг 15 болгоно
  • Хөрөнгийн биржид гаргасан хувьцааны ногдол ашгийн орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 болгоно
  • Х тайлантай аж ахуйн нэгж улиралд 60,000 төгрөгийн тогтмол татвар төлнө
  • Эрх борлуулсны орлогыг нийт дүнгээс 30 хувиар тооцдог байсныг ашгаас 10 хувиар авдаг болгоно
  • Хөрөнгийн биржээр бонд босгох замаар банк эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг 5 болгоно
  • Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцно
  • Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлнэ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)