Аваргуудад халгаатай Екатеринбургийн “Их дуулга”-д ОУХМ Ц.Цогтбаатар түрүүллээ

Х.Батсайхан


Олон улсын жүдо бөхийн холбооны “Их Дуулга” ангиллын тэмцээн ОХУ-ын Екатеринбург хотод өчигдөр эхэлж, манай тамирчид амжилттай оролцож байна. 34 орны эрэгтэй 152, эмэгтэй 99 жүдоч хүч үзэж буй тус тэмцээнд манай улс 18 тамирчнаа итгэл найдвар тээн үдсэн. Тэднээс өчигдөр 13 бөх дэвжээнд гарч, нэг алт, хоёр хүрэл медаль хүртэв.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан залуу тамирчин Г.Наранцэцэг Португал, Бельги, Румыний хүчтэй өрсөлдөгчөө ялан “Их дуулга” ангиллаас анхны медалиа хүртсэн бол дэлхийн аварга Д.Сумъяа маань Японы Момо Тамаокид ялагдаж хүрэл дээр буусан юм.

57 кг-ын жингийн медальтнууд.

48 кг-ын жингийн медальтнууд.

Энэ удаагийн “Их дуулга” тэмцээнийг ОУЖБХ “Олимп, дэлхийн аваргуудад халгаатай тэмцээн болж байна” хэмээн онцолж буй. Үнэхээр ч олимп, дэлхийн аваргууд ороцсон, бас амжилт гаргаж чадаагүй нь тэмцээний нэг онцлог болж байна. тэмцээнд олимпийн аварга Аргентиний Паула Парето, Италийн Фабио Базиле нар барилдсан ч П.Парето мөнгө, Ф.Базиле хүрэл дээр бууж азгүйтсэн юм. үндсэн жиндээ барилдаад хүрэл дээр буусан манай Д.Сумъяа, жин өгсч 52 кг-д барилдаан эхний учраадаа дийлдсэн манай М.Уранцэцэг нар ч дээрх тодотголд хамаатай.

Харин дэлхийн аварга Хифүми Абэ ядах юмгүй түрүүлж, долоо дахь тэмцээндээ дараалан түрүүлсэн гайхалтай амжилтыг үзүүлсэн юм.

Хифүми Абэ шигшээ барилдаанд ОХУ-ын бөхөөс үнэлгээ авч буй агшин.

Өчигдөр манай бөхчүүдээс хамгийн өндөр амжилтыг эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдсан ОУХМ Ц.Цогтбаатар маань гаргаж, гялалзтал барилдсаар түрүүлсэн. Манай бөх аварга болох замдаа Португалын Хорхе Фернандесийг вазари, Тажикистаны Бехруз Хожизадаг цэвэр, шөвгийн наймд казахстаны Жансай Смагуловыг цэвэр, хагас шигшээд АНЭ-ын хашир бөх Виктор Сквортовыг цэвэр, шигшээ барилдаанд энэ тэмцээний гол нээлт болсон /Олимпийн аварга Фабио Базиле, Японы Ногами Рентаро нарыг ялсан/ Армений Фердинанд Карапетяныг вазари үнэлгээгээр ялсан юм.

Ц.Цогтбаатарын ялалтын агшин

Өнөөдөр тэмцээний хүнд жингийн барилдаанууд болох бөгөөд манайхаас таван бөх барилдана.     

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)