Олимпийн гудамжны замыг жил 6 сарын турш хаана

Замын цагдаагийн газрын уулзварт Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух гүүрэн гарцыг барих ажлыг өнгөрсөн оны тавдугаар сард эхлүүлсэн. Уг гүүрэн гарцыг барих төслийн ажлын хэсэг өнөөдөр бүтээн байгуулалт өрнөж буй газар дээр ажиллаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Замын цагдаагийн уулзварын урд талд баригдаж буй энэхүү гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулж дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн жил зургаан сарын хугацаанд Олимпийн гудамжийн замын хөдөлгөөнийг хаахаар болж байна. Олимпийн гудамжаар цагт 2500-3000, өдөрт 16-20 мянган машин зорчдог ачаалал ихтэй гудамж. Тиймээс энэ гудамжны хөдөлгөөнийг хааснаар замын хөдөлгөөний ачаалал ихэснэ. 

Энэ ажлын хүрээнд манай мэргэжлийн байгууллагууд 2-3 газар түр гүүрүүдийг барих ажлыг судалж, шийдвэрлэж байна. Энэ ажил нь Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгож, хөдөлгөөний ачааллыг бууруулах хамгийн тохиромжтой шийдэл болно. Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгохын төлөө хийж байгаа томоохон ажлуудын эхлэл энэ юм. 

Мөн энэ жил Зүүн дөрвөн замын уулзвар дээр нүхэн, гүүрэн гарцуудыг хийж байна. Яармагийн гүүрний ажил мөн хийгдэж байгаа. Энэ жил 3 гүүрний ажил хийгдэнэ. Харин 2019-2020 онд 18-23 дөрвөн замын уулзваруудыг хоёр түвшний огтлолцолтой туннелийн системд шилжүүлнэ” хэмээн ярилаа

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарцыг барьснаар төмөр зам, авто машинтай нэг түвшинд огтлолцдог хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

Энэхүү гүүрэн гарц нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр, нийт 30 орчим сая доллараар хийгдэх бөгөөд 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)