АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах саналаа албан ёсоор илэрхийлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар удахгүй уулзахаар төлөвлөөд буй. Харин хаана уулзахаа шийдээгүй байгаа юм. Уулзалтыг зохион байгуулбал тохиромжтой газрын нэгээр Монгол Улс нэрлэгдээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо, АНУ-ын Элчин сайдын яамны Түр хамаарагч М.Микаллер нарыг хүлээн авч уулзан дээрх уулзалтыг Монгол Улс зохион байгуулах хүсэлтэй байгааг албан ёсоор илэрхийллээ. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзахдаа хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа тогтвортой хөгжиж ирснийг онцоллоо. Монгол Улс Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн аливаа санал, санаачилгыг тууштай дэмжиж ирсэн бөгөөд БНАСАУ, БНСУ-ын хооронд дээд төвшний уулзалт хийхээр болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн "БНАСАУ болон АНУ-тай найрсаг харилцаатай цөөхөн орнуудын нэгийн хувьд тус улсуудын хооронд хийхээр яригдаж буй дээд төвшний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах бүрэн боломжтой" гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэв.

Элчин сайд О Сын Хо Монголын талын энэхүү санал нь Монгол Улс, Солонгосын хойг, цаашлаад Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмэр оруулах гэсэн хүч чармайлтын илрэл хэмээн, төвдөө уламжлахаа мэдэгдлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-ын Элчин сайдын яамны Түр хамаарагч М.Микаллертэй хийсэн уулзалтынхаа эхэнд  саяхан АНУ-д хийсэн айлчлал, түүгээр ярилцаж, тохиролцсон асуудлуудын талаар мэдээлж, айлчлалыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Талууд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болон гадаадад буй Монгол Улсын хууль бусаар гарсан хөрөнгө, мөнгийг эргүүлэн авахад АНУ-ын дэмжлэгийг авах талаар санал солилцоллоо. Мөн уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улс Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг хангах хамтарсан чармайлтад хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглээд "АНУ болон БНАСАУ -тай найрсаг харилцаатай цөөхөн орнуудын нэгийн хувьд сүүлийн үед яригдаж буй тус улсууд хоорондын дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах бүрэн боломжтой" хэмээн хэлэв.

Монгол Улс ийнхүү санал тавьж байгаад АНУ-ын тал талархал илэрхийлж, уг саналыг даруй Төрийн департмент болон Цагаан ордонд уламжлахаа мэдэгдлээ. Монгол Улс Ирак, Афганистан дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд Америкийн талтай хамтран оролцсонд АНУ-ын Түр хамаарагч талархал илэрхийлээд, удахгүй тохиох манай Зэвсэгт хүчний баярын өдрийг тохиолдуулан баяр хүргэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ким Чин Уныг бариж өгөхгүй гэсэн баталгаа байхгүйшд бүх улс барих гээд чадахгүй бхад монгол бол найдваргүй шүү дээ Амеркад бүх юмаа өгч мэдэх тийм л аюултай хүмүүс

    0 0 Хариу бичих