Э.Тедеев: Хэн нэг Жоны бидний өмнөөс гаргасан шийдвэрээс болоод ЕАШТ-д орж чадахгүй болчихлоо

Х.Батсайхан


Украины улс тамирчдаа ОХУ-д болох бүх төрлийн спортын уралдаан тэмцээнд оролцохыг нь хоригложээ. Үүний улмаас Украины чөлөөт бөхийн тамирчид ирэх сард Каспийскт болох Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадахгүй болсон байна. Хойд хөршийн “Советский спорт” сонин Украины бөхийн төрлүүдийн холбооны тэргүүн Эльбрус Тедеевээс энэ шийдвэрийн талаар тодруулжээ.

-Украины биатлончид удахгүй Тюменьд болох “Дэлхийн цом”-ын ээлжит гараанд уралдаж чадахгүй болчихлоо. Энэ шийдвэрт хэрхэн хандаж байна вэ?

-Улс төржсөн, маш буруу бодлого гэж үзэж байгаа. Өнөөгийн хүмүүс бид тэнэглэлээрээ балар эртний хүмүүсээс ч дор орчихжээ. Эртний хүмүүс олимпийн наадам, спортын тэмцээн уралдаанд оролцохын төлөө дайн тулаанаа ч зогсоож байсан шүү дээ. Гэтэл Украины одоогийн эрх баригчид яг эсрэгээр нь хийж байна. Би урьд өмнө нь ийм тэнэг шийдвэр харж байгаагүй.

Литва, америкчууд төрийн эрхэнд гаргасан хүмүүсээрээ дамжуулан ийм шийдвэр гаргуулсан гэж үзэж байна.     

-Биатлончдоос гадна бусад бүх төрлийн тамирчид ОХУ-ын нутаг дэвсгэрт зохиогдох тэмцээн уралдаанд оролцох эрхгүй боллоо. Хоёр сарын дараа Каспийскт чөлөөт бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээн болно. Танай баг оролцох уу?

-Оролцохгүй. Хэн нэг Жон бидний өмнөөс шийдвэр гаргаж, бид оролцож чадахгүй нь. Тэмцээнд бэлтгэх гэж хэчнээн саяыг зарлагадсаныг хэн ч тоохгүй байна. Энэ асуултад хариулах хүн ч алга. Орост болох тэмцээнд оролцох нь эх оронч бус явдал юм уу. Орост болох тэмцээнд Украины төрийн далбааг мандуулах нь харин ч эх оронч хэрэг баймаар юм. Залуус энэ тэмцээнд бүтэн жил бэлдсэн. Гэмтэл авч, ялагдаж, өмнөх тэмцээнийхээ хариуг авахаар шүд зуун хөдөлмөрлөсөн. Гэтэл үүнийг ч тоож байгаа хүн алга. Бэлтгэл дээр нэг ч ирж үзээгүй хэн нэг Вася л бусдын үгээр шийдчихлээ шүү дээ. Энэ бол цэвэр улс төрийн шийдвэр, харин манай яам дуулгавартай байхаар өөр аргагүй. Үнэндээ ах, дүү үндэстнийг холбож болох бүх гүүрийг “шатааж” байна.        

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)